Нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй дундаж цалин

Хоёр  цалингийн хооронд амьдарч байна. Цалингийн зээлтэй. Зээл авах ч сайхан юм. Харин төлөхөд хэцүү гээд, цалин тойрсон яриа цаашаа хөвөрнө. Иргэдийн хэдэн хувь нь цалингаараа амьдардаг бол. Ийм асуултыг олон хүнд тавьж үзлээ. Гол төлөв амьдралд цалин хүрэхгүй байна гэсэн таагүй хариулт өгөх юм. Тэр нь ч үнэн биз. Тэглээ гээд хоосон хонож байгаа хүн байхгүй байгаа бололтой. Ямар хэмжээний цалин авна түүнийгээ  амьдралдаа хүргэдэг. Авдаг цалин, өрхийн орлогоороо босгосон амьдралдаа сэтгэл хангалуун явах нь хүний мөн чанартай маш их холбоотой байдаг болов уу.
Үндэсний статисткийн хорооноос 2018 оны гуравдугаар улиралын  улсын дундаж цалинг нэг сая 31 мянга 840 төгрөг гэж зарлалаа. Дундаж цалинг тооцож гаргахдаа Нийгмийн даатгалын Еранхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөлтийн тайлан дээр түшиглэн гаргадаг уламжлаалтай. Тэр жишгээр тооцон гаргасан байна. Улсын хэмжээний дундаж цалин тооцож гаргах тайлант хугацаанд нийт 40 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 651 мянган НДШ төлөгчийг  хамруулжээ. Тэгвэл 2018 оны эхний улиралд НДШ төлж буй ААНБ-ын тоо  38 мянга байсан аж. Энэ оны эхний улирлаас шимтгэл төлөгч  ААНБ-ын тоо 2000-аар өсчээ. Харин НДШ төлөгч иргэдийн тоо  602 мянгаас 651 мянга болон өссөн бөгөөд дундаж цалин  998 мянга 400 төгрөгөөс сая 31 мянган төгрөг нэмэгдсэн  байна.
Энд хамрагддагсдын 48 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  240 мянган төгрөгөөс догуур цалин авдаг аж. Харин 240001-500 мянган төгрөгийн цалин авдаг хүний тоо 138 мянга 800,  500000- 900 мянган төгрөгийн цалинтай 226 мянга 500 хүн байна. Мөн 900001- 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай 116 мянга 600 хүн байх юм. Харин 1300001- 1 сая 500 мянган төгрөгийн цалинтай 30 мянга 500 хүн байгаа аж. Бусад нь сая 500 мянган төгрөгөөс  дээш цалинтай гэж уг мэдээлэлд дурьджээ. Эндээс харахад НДШ төлөгчдөөс  500001- 900 мянган төгрөгийн цалин авдаг хүний тоо хамгийн олон 226 мянга 500  байх юм. Хамгийн цөөхөн буюу 30 мянган хүн 900001-1 сая 300 мянган төгрөгийн цалинтай гэж тэмдэглэгджээ.
Цалингийн дунджийг тооцож гаргахдаа ААНБ-д ажиллагсадын тоог гол үзүүлэлт болгосон байх юм. Тухайлбал 1- 9 ажилтантай нь улсын дунджаас доогуур 647 мянга 400 төгрөгийн цалинтай. Харин 200 ба түүнээс дээш ажилтантай ААН-үүд  улсын дундаж, түүнээс дээш  сая 500 мянган төгрөгийн цалинтай байгаа аж.
Баянгол дүүргийн арваннаймдугаар хороон (дөрөвдүгээр хороолол)-д амьдардаг С. Уланбатынх ам бүл гурав гэрийн эзэн (650), эзэгтэй (350) хоёрын цалин нийлээд сая төгрөг. Тэднийх ипотекийн зээлд 2013 онд хамрагдаж нэг өрөө (гал тогоо тусдаа) байртай болжээ. Тэдний зээлийн эргэн төлөлт сард 370 мянган төгрөг. Ипотекийн зээлийг өрхийн орлогын 45 хувьд нь олгодог. Харин тэдний зээл өрхийн орлогын 37 хувийг эзэлдэг аж. Цалингийнхаа үлдэгдлээр гурван ам бүл амьдарч байна. Энэ өрхөд цалин хамгийн их үнэ,цэнэтэй болох нь эндээс харагдана. Тэднийх хувийн машингүй, нийтийн тээврээр зочдог гэнэ. Энэ бол улсын дундаж цалингийн хэмжээний өрхийн орлоготой олонхи монголчуудын амьдарлын ерөнхий хэв шинж байх аа. Үндэсний статисткийн хорооноос зарласан дундаж цалинг дээрх өрхийн жишээнээс харвал дундаж цалинг нэг биш хоёр хүн авч байгаа нь харагдлаа. Энэ өнцгөөс авч үзвэл дундаж цалин гэдэг “хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй” нэгэн бололтой.  Тэгээд ч дундаж цалингийн талаар хүмүүсийн амнаас таагүй үг гарах нь их байх юм. Ийм учраас дундаж цалин бодож гаргадаг өнөөдрийн аргачлалыг шинэчлэх ёстой болсон юм биш үү.

Улсын цалингийн дунджийг гаргахдаа ажиллагсдын тоогоор бус илүү нарийвчлалтай мэргэжил, салбар тус бүрээр нь гаргаж байвал амьдралд ойр байх болов уу. Төрийн албан хаагч гэхэд улс төрийн, төрийн тусгай, төрийн захиргааны жинхэн, төрийн үйлчилгээний албан тушаалтан гээд хэд хэдэн зэрэглэлтэй байдаг. Түүнийг тус бүрээр нь гаргаж болно шүү дээ. Түүнээс гадна боловсрол, эрүүл мэндийн салбар багш, эмч, сувилагч гэхчлэн гаргавал Үндэсний статисткийн хорооны гаргаж байгаа мэдээллийн  үнэ цэнэ, эрэлт хэрэгцээ өсөх магадлалтай. Дундаж цалинг гаргасан байдалыг авч үзэхэд уул уурхайн салбарын ажилтнуудын цалин өндөр гарчээ. Гэтэл тэднээс дутахгүй цалин авдаг гэх банкны салбарынхны цалингийн талаар ямар нэг мэдээлэл энд байхгүй байх жишээтэй. Адаг цалин улирал тутамд 10-20 мянган төгрөгөөр өссөн байх нь хүнд  ач тустай сайн мэдээ биш ээ. Харин ямар ажил, мэргэжлийн цалин өндөр байна гэдэг мэдээлэл илүү тод, тодорхой байвал тэнд өрсөлдөөн би болж хүний нөөц чанаржих сайн талтай байх нь ойлгомжой шүү дээ.

Жилийн дөрвөн улиралтай манай орны дүн өвлийн гурван сар үргэлжлэх нэгдүгээр улирал, налгар намрын өдрүүдээс бүрдэх гурван сарыг багтаасан,  гуравдугаар улирлын аж байдлыг хооронд нь харьцуулж үзвэл өөр өөр өнгө төрх гарч ирж байна. Дүн өвлийн хүйтэнд  НДШ төлдөг ААНБ, иргэдийн тоо цөөрдөг байхад, намар шимтгэл төлөгч ААНБ, НДШ төлдөг  иргэдийн тоо нэмэгдсэн байх жишээтэй.  Улсын дундаж цалинг тооцож гаргахдаа медиа цалин гэж гаргасан байна. Энэ цалин 2018 оны гуравдугаар улиралд 732 мянга 706 төгрөг гэж гэрчээ. Медиа цалин гэдэг нь ажиллачдын цалинг өсөх эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа хүний цалин гэсэн тайлбар, зүүлт хийжээ.  

Г. Эрдэнэбат
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан