Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хоёр өвөр түрийндээ орсон үй зайгүй андууд байсан ч  тэдний өнгө мөнгөний нөхөрлөл  албан тушаалын үнэтэй хямдхан нөхөрлөл байжээ.
2016 оны орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн МАН ялалт байгуулсны дараа “бялуунаас” ахиу хүртэхийн төлөөх “цусгүй дайн” тэдний хооронд эхэлсэн аж. Өмнөговийн МАН-ын дотор өрнөсөн эрх мэдлийн төлөөх дайн анхандаа түр аргацаасан, талууд цаг хожих зорилготой түр зөвшилцөл хэлбэртэй байв. Тодруулбал, Л.Энхболдын зүгээс өөрийн хүмүүс болох Х.Сугир, Ө.Баянмөнх нарыг аймгийн ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болгосон. Харин Н.Наранбаатарын хувьд өөрөө Засаг дарга болж, улмаар өөрийн багийн Х.Батболдыг орлогч дарга болгон харилцан тохиролцсон байна. Гэтэл тэдний энэхүү албан тушаалын “бялууны зүсэм”-ээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн фракцынхан хоцорчихож. Ингээд тэд хоорондоо хөлөө жийлцэж, Н.Амарзаяаг жийснээр хагарлын эхлэл тавигджээ.   Ийнхүү Өмнөговийн МАН гурван толгойтой атгаалжин хар мангасны үлгэрийн бодит биелэл болж, Л.Энхболдын, Н.Наранбаатарын, Н.Амарзаяагийн гэсэн гурван фракцтай болсон түүхтэй.
Л.Энхболдын фракцын зүгээс мөнгө, санхүүгийн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд аймгийн Засаг дарга руу төсөл, хөтөлбөрт хамрагдах, тендер авахыг л чухалчилдаг аж. Мөнгөний төлөө нүдээ сохлоод өгөхөөс буцахгүй Л.Энхболд ийнхүү ил далд улсын төсвийг самрахын зэрэгцээ аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих мөнгийг замаас нь булаагаад авчихсан. Хувааж хүртэх ашгийн төлөө чимээгүй дайн МАН-ын гурван даргын дунд үргэлжилсээр эцэстээ Н.Наранбаатараа огцруулахдаа тулсан билээ. Л.Энхболдод хулхидуулсан Н.Наранбаатар хариугаа авахын тулд Н.Амарзаяагийн фракцтай далдуур тохироо хийж, 2017 оны арванхоёрдугаар сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанд Л.Энхболдын хүн гэгдэх Х.Сугирыг огцруулах саналыг Н.Амарзаяагийн фракцын гол төлеөлөгч С.Цэрэнбаяраар дамжуулан оруулжээ. Энэ хурлаар  Х.Сугирыг огцруулж чадаагүй боловч Н.Амарзаяагийн хүмүүс энэ байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж, санхүүгийн эрх мэдэл бүхий албан тушаал руу очсон байна.
Энэ үед Н.Наранбаатарын зүгээс Н.Амарзаяатай хүч хавсрахад том улс төрийн дэмжлэг талаасаа чухал ач холбогдолтой байв. Гишүүн Л.Энхболд, засаг ноён Н.Наранбаатар хоёрын зөрчил ужгирч, эвлэрэх нөхцөл ажиглагдахгүй 2018 оны арванхоёрдугаар сард хүрэв. Энэ үед дайран дээр давс гэгчээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зөрчил дээд цэгтээ хүрч М.Энхболдын ялагдлаар өндөрлөсөн нь Өмнөговийн МАН-ын хуваагдлыг улам дэвэргэлээ. УИХ-ын дарга ажлаа өгснөөс хэдхэн хоногийн дараа засаг дарга Н.Наранбаатар тушаал гаргаж Л.Энхболдын хүн болох аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнхийг ажлаас халсан. Гэхдээ засаг дарга энэ тушаалаа 14 хоногийн дараа өөрөө цуцалсан нь хачирхалтай. Харин Ө.Баянмөнхийг буцаан ажилд томилсон шалтгааны хувьд Засаг дарга Н.Наранбаатарын “ноцтой, ноотой” мэдээллийг Ө.Баянмөнх мэддэг, түүнийг баримтжуулсан байсантай холбон тайлбарлах нь элбэг байдаг. Ийнхүү намаа гурав хуваасан тэд өнөө хэр эвлэрлийг олоогүй байгаа бөгөөд наанаа харахад нэг намын эв нэгдлийг харуулж буй мэт боловч эргэж хараад бие биеэ хулхидаж, эрх мэдлийн төлөө ширүүхэн үзэлцэж байна. Энэ байдал ирэх жил болох сонгууль хүртэл үргэлжлэх нь тодорхой.
Намын гишүүдийн хэлж байгаагаар, энэхүү хагарлын их үүдийг Л.Энхболд нээсэн бөгөөд эрх мэдэл, мөнгө төгрөгт ханаж цаддаггүй тэрээр хамаг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхээр улайрснаас эхлэлтэй гэнэ. Иймд түүнийг намаа гурав хувааж, голомтоо самарч хаясан хэмээн намын гишүүд нь тун дургүй байна. Нутагтаа очих бүртээ сэм сэмхэн дарга цэргийг дагаж ирчихээд, сонгогчидтойгоо ч уулзалдахгүй зугтааж, нэр нүүрээ барж яваа сурагтай. Хэдийгээр богино хугацаанд аймгийн МАН-д үүссэн боловч энэ гурван фракцын зодооныг харвал Монголын түүхнээ хар толбо болон үлдсэн бага хаадын үеийг өөрийн эрхгүй санагдуулна. Өмнөговийн МАН нь нялхсын өвчинтэй, балчир хаадын зодооны үүр уурхай болсныг намын гишүүд нь шүүмжилсээр байгаа ч эрх мэдлээс өөр зүйл нүдэнд нь харагдахаа больсон Л.Энхболд өөрийнхөөрөө зүтгэсээр нэгэнт эвлэрч нэгдэхийн аргагүй болгожээ.  Өмнөговийн иргэд 2016 оны сонгуулиар МАН-ын залуусыг аймгийн хөгжлийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх юм байна итгэж, тэднийг олонх болгож, эрхийг нь өгсөн. Харамсалтай нь, тэдний нутаг орноо хөгжүүлье гэсэн амлалт нь албан тушаал, эрх мэдэл, мөнгө төгрөг байсан нь ийнхүү сонгогчдодоо ил болсоор байна.

Эх сурвалж: Shuurhai.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан