Жижиг улсын том төсөл “Оюутолгой”-н зовлон


“Оюутолгой”-гоо тойрч хэчнээн жил хэрэлдэв дээ, бид. Энэ төсөл хэрэгжих сураг гарсан үеэс эхлээд арав гаруй жил сэгэн дээр цугласан хэрээ шиг бархиралдлаа. Тэгээд сайжирсан, муужирсныг бүү мэд. Ямартай ч олон нийт аль нь зөв, аль нь бурууг ялгахаа байж, улстөрчдийг энэ талаар чанга дуугараад эхлэхээр “Мөнгө хэрэг болж дээ” гэх юм уу, “Сонгуулийн мөнгөө эндээс босгох нь, золиг чинь” гэсхийгээд сууж байдаг болжээ. Эцэстээ “Оюутолгой”-н гэрээ тойрсон асуудал хэзээ ч үнэн, мөн нь ялгарахгүй, яг тийм байна гээд хэлчих зүйлгүй, улстөрчдийн дуртай бөгөөд хэрэгтэй үедээ гаргаж ирж ярьдаг, С.Зоригийн хэрэгтэй адил зүйл болж хувирах гээд байх шиг.
Монголд хэрэгжиж буй хуруу дарам мега төслийн нэг нь “Оюутолгой”. Жижиг улсын том төсөл байхын зовлонг тэднийх л ганцаараа үүрч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэдний зовлонгийн шалтгаан нь улстөржилт, улстөрчдийн шунал байдаг. “Оюутолгой”-н гэрээ мэдээж төгс сайн эд биш, алдаа оноо бий. Гэхдээ түүнийг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл “Оюутолгой” руу шүлсээ үсчүүлсэн олонх тохиолдол улс төрийн зорилготой, улстөрчдийн тоглолт байдаг учраас л энэ асуудал эцэслэгддэггүй, муу нь сайжирдаггүй, алдаа нь засагддаггүй биз. УИХ, Засгийн газраас “Оюутолгой”-д байсхийгээд л шалгалт оруулдаг. Тэр нь хэсэг улстөрчид попорч попорч, подхийж аваад дуугүй болох боломж олгодог жишиг тогтоод удаж буй.Асуудал гээндээ ч бий, гоондоо ч бий. Манайхны урагшгүйг “Рио Тинто” мэтийн долоо буудуулсан чоно шиг хашир, олон улсад ажиллах туршлагатай компани өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхтэйгээ байлгүй яах вэ.  Тэднийд хийсэн шалгалтын дараа хэн ч сонссон бухимдмаар тоо, мэдээллүүд нэг хэсэгтээ хөвөрдөг. Өнгөрсөн парламентын үед л гэхэд Д.Тэрбишдагва Шадар сайдаар ажиллаж байхдаа Сангийн сайд, Уул уурхайн сайдтай хамтарсан тушаал гаргаж, “Оюутолгой”-н вант улсад санхүүгийн шалгалт оруулсан. Сангийн яам, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, “Оюутолгой”-гоос 3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэдэг. Харин “Оюутолгой” үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, аргачлалын зөрүү хэмээн тайлбарладаг. Мөн энэ шалгалтаар тус компанийг гадаадаас өндөр хүүтэй зээл авч урсгал зардал, хөрөнгө оруулалтаа хийдэг, тоног төхөөрөмжийн 50 гаруй хувийг ганц компани дангаараа нийлүүлдэг, томоохон худалдан авалтад монголчуудын оролцоо бараг байдаггүй, дарга нарын цалин хөлс, зочид буудлын зардал, үр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл тэр өндөр хүүтэй зээлээс төлсөн зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн гэж ажлын хэсгийнхэн хэлж байв.Энэ парламентаас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд ч хэцүүхэн зүйлс их бий. Монголын тал “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшигч бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг гаргах үүрэг хүлээсэн. Тоолоод гаргах бэлэн мөнгөгүй хойно үүнийгээ “нэр дээрээ бичүүлж” зээл аваад явж буй. Уг мөнгийг хөрөнгө оруулагч талаас жилийн есөн хувийн хүүтэй зээлсэн бөгөөд өнөөгийн үнэ цэнээр өр төлбөр зургаан тэрбум ам.долларт хүрсэн, зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт жилдээ хагас тэрбум орчим ам.доллар зарцуулж байгаа талаар уржигдар хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ярьж, энэ төсөл манайд хэрэгтэй, хэрэггүй талаар гишүүд хоёр тал болон маргалджээ. Уг хурлаар ажлын хэсгийн дүгнэлтээс гадна АТГ-аас ирүүлсэн ноцтой материалын талаар ч ярьсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн.

ЗАСГИЙН ГАЗАР ДАВЖ ЗААЛДАХ УУ

Даваа гаргийн өглөө УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар уг асуудал ийнхүү нухацтай яригдсан бол орой нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс “Дубайн гэрээ” буюу “Оюутолгой” төслийн далд уурхайн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөг батлахтай холбогдуулж гаргасан Ерөнхий сайдын захирамжуудыг хүчингүй болгосон. Энэ нь санаандгүй давхцал байв уу, эсвэл... гэсэн асуулт ургаж байгаа ч одоохондоо хариулт алга.“Дубайн гэрээ” буюу “Оюутолгой” төслийн далд уурхайн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болголоо” гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр уржигдраас эхлээд хүчтэй тараасан. Угтаа Дубайн гэрээг хүчингүй болгоогүй, тэгэх чадамж нь ч Захиргааны хэргийн шүүхэд байхгүй гэж хуульч тайлбарлаж буй.“Эрдэнэс Монгол” компанийн хуулийн мэргэжилтэн “Уг гэрээг хийхтэй холбогдуулж тухайн үед УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёроор нь уг гэрээг байгуулах эрх олгосон, үлдсэн хоёр захирамжаар гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, тэдний ажиллах удирдамжийг баталсан.Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан төрийн бус байгууллага “Ерөнхий сайдын дээрх дөрвөн захирамж нь тухайн үед гарахдаа Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн учир хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлээр дээрх дөрвөн захирамжийг хууль бусад тооцуулсан шийдвэр гарсан шиг байна. Энэ нь гэрээтэй холбоотой маргаан биш бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хууль зөрчсөн уу, үгүй юу гэдэг тухай л маргаан. Дээрх захирамжуудыг хууль бус гэж шүүх тогтоолоо гээд гэрээ хүчингүй болохгүй” хэмээн тайлбарласан.Гэвч асуудал түүний тайлбарлаж буй шиг амархан бөгөөд энгийн биш гэдгийг өчигдөр орой зарлагдсан ҮАБЗ-ийн хурал хэлээд өглөө. Уг хурлаар “Оюутолгой”-н талаар хэлэлцсэн нь асуудал тун өндөрт гарч, хурцадсаны илрэл билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсэхээс үйл явдал хэрхэн өрнөх нь шалтгаалах бөгөөд Засгийн газар хэрхэхээ хараахан шийдээгүй байгаа аж.

“ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ХҮЧИНГҮЙ БОЛГОХ САНАЛТАЙ ГИШҮҮН ОЛОН БАЙНА

Ийнхүү “Оюутолгой” төслийн хувь заяа тун бүрхэг болж ирэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар олонхын бүлгийнхэн “Оюутолгой” төслийг зогсоохгүй гэдэгт санал нэгтэй байгаа боловч “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох ёстой, төсөл гацсан ч хамаагүй зориг гаргаад асуудлыг нэг талд гаргая гэх хүн цөөнгүй байгаа гэнэ.“Дубайн гэрээ”-гээр “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад “Рио тинто” 4.2 тэрбум ам.долларын зээл авч, түүнийгээ “Оюутолгой” руу дамжуулсан. Ингэснээр төслийн анхны хөрөнгө оруулалт 11 тэрбум ам.долларт хүрч, монголчуудын ногдол ашиг авахаар тооцсон хугацаа олон жилээр хойшилсон. Үүнийг гишүүд буруутгаж байгаа юм.Бас “Бид 34 хувь эзэмшиж, энэ маягаараа яваад хэзээ ч “Оюутолгой”-гоос ашиг олохгүй нь. Ингэж байснаас 34 хувиа зарж, төслөөс гараад, татвар, төлбөрөө аваад явъя” гэсэн санал ч гараад буй аж. 
УИХ, Засгийн газраас “Оюутолгой”-д байсхийгээд л шалгалт оруулдаг. Тэр нь хэсэг улстөрчид попорч попорч, подхийж аваад дуугүй болох боломж олгодог жишиг тогтоод удаж буй.Олонхын бүлгийнхэн “Оюутолгой” төслийг зогсоохгүй гэдэгт санал нэгтэй байгаа боловч “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох ёстой, төсөл гацсан ч хамаагүй зориг гаргаад асуудлыг нэг талд гаргая гэх хүн цөөнгүй байгаа гэнэ.
Хэрэв асуудал хурцдаж, гэрээ цуцлахдаа хүрвэл “Рио Тинто” арбитрт хандаж, төслийг гацаах нь тодорхой. Бид “Оюутолгой” төслийг гацааж үзсэн улс. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбумаар хэтэрч, долоон тэрбум ам.долларт хүрсэн гэх мэтийн асуудлууд 2012 оноос яригдаж, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоон, шалгалт оруулж байв. Тэгээд юу өөрчлөгдсөн бэ. Ярьж байсан асуудлууд нь яг байрандаа үлдэж, харин ам.долларын ханш 1400 төгрөгөөс 2500 хүрсэн билээ.Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод “Рио тинто”-той “Оюутолгой”-г гацаанаас гаргахын тулд хэлэлцээрийн ширээний ард сууж, Засгийн газрын гишүүддээ ч мэдэгдэлгүйгээр Дубай явсан хэмээн өдгөө буруутгагдаад буй. Тэрбээр тухайн үед “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд тэргүүтэй “Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудыг дагуулан Арабын Нэгдсэн Эмират Улс руу нисэж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн ширээний нөгөө талд “Туркойз Хилл Ресурс” “Рио Тинто” компани байв. Тэндээс ирэхдээ Ч.Сайханбилэг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буунгуутаа хэвлэлийн хурал зарлаж “Өнөөдрөөс эхлээд “Оюутолгой” Засгийн газрынх биш, улс төрийнх биш, эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье” гэж байсныг санаж байна. Гэвч “Оюутолгой” өнөөг хүртэл улс төрийн, улстөрчдийн асуудал байсаар байгаа билээ.

ТУРКОЙЗ ХИЛЛ РЕСУРС: ГЭРЭЭНҮҮД ХУУЛЬ БУС ГЭСЭН НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛОХЫГ БАТТАЙ НОТОЛНО

“Туркойз Хилл Ресурс” нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зах зээлд дараах агуулга бүхий мэдэгдлийг гаргасан байна. “Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ Монгол Улсын Засгийн газрын Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах гомдлыг анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл авсан. Шүүхийн шийдвэрийн албан хувилбар ойрын хэдэн долоо хоногт гарах хүлээлттэй байна. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүнчлэн “Оюутолгой”-н бусад суурь гэрээнүүдийг хууль бус гэсэн асуудал үндэслэлгүй болохыг “Туркойз Хилл Ресурс” баттай нотлон хэлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зарчмуудыг даган мөрдсөнөөр Монгол Улсын ард иргэдийн урт хугацаанд хүртэх үр өгөөж өсөлттэй байхаар “Оюутолгой”-н уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна” гэжээ.
 
Үндэсний шуудан
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан