Санг хааж ЖДҮ-чин гишүүд хэргээс мултрах нь


Өнөөгийн УИХ-д ЖДҮС-гаас хамаарах бүхий л этгээдээрээ дамжуулан зээл авсан 49 нөхөр бий. Харин УИХ-д Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), Мал хамгаалах сан (МХС)-г татан буулгаж, улмаар нэгтгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” (ҮҮДС)-г шинээр байгуулахаар Тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан нь өнөөх 49 нөхөр болон бусад албан тушаалтнуудыг хэргээс мултлах гэсэн арга гэлтэй.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЖДҮХС-гаас парламентын 49 гишүүн зээл авсан. Гэтэл энэ зээлийг авсан сангаа хэд хэдэн  сантай нэгтгэхээр татан буулгах гэж байгаа юм байна. 2020 оны сонгуульд ЖДҮ-чин гишүүн гэдэг хоч нэр дэвшихэд нь нөлөөлнө гэж үзээд эрх баригчид татан буулгахаар шийдэж. Санг татан буулгаснаар хариуцлага нэхэх субьект байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн болон бусад албан тушаалтнуудыг шалгах субьект нь байхгүй болж, хэрэг нь хаагдаад явах юм байна. Угаасаа хөөн хэлэлцэх хугацаагаар энэ гэмт хэрэг хаагдах хугацаа дөхөж буй  биз. ЖДҮ сангаа татан буулгаж, ЖДҮ нэрээ хусахын тулд эрх баригчид ийм үйлдэл хийж байна. Гэхдээ санг устгаж болох ч ард түмэн хийсэн хэргийг нь мартахгүй шүү” гэж чуулганы үеэр хэлсэн.
Үнэхээр энэ санг үгүй болгох нь ЖДҮ-чин гишүүд, улстөрчдөд л ашигтай хувилбар. Учир нь өнгөрсөн 2018 онд ЖДҮХС 99 тэрбум төгрөгийг 200 гаруй аж ахуйн нэгжид өгсөн байдаг. Тэдгээрийн 100 гаруй нь улстөрчдийн хамаарал бүхий компани байсан. Харин 2019 онд олон нийтийн хяналттай 47 тэрбум төгрөгийг 500 орчим жинхэнэ ЖДҮ-чдэд өгсөн. Хэдэн улстөрч ЖДҮС-гаас хэдий хэмжээний мөнгө авсныг энэ жилийнхтэй харьцуулахад л хангалттай.
Дээр өгүүлсэнчлэн тодорхой тусгай сангуудыг нэгтгээд өөр сан байгуулна гэдэг асуудлыг гаргаж ирээд байгаа. Энэ нь нөгөө талаас нь харвал шинээр өргөн барьсан хууль хэрэгжиж эхэлснээр жинхэнэ ЖДҮ эрхлэгчид өсөн дэмжинэ гэдэг үлгэр болон үлдэнэ. Учир нь шинэ байгуулагдах Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хүсэгч нь аль нэг банк, ББСБ-д өр зээлгүй байх ёстой юм билээ. Гэтэл өнөөдөр ард иргэдийн 99 хувь нь хэрэглээний, цалингийн болон арилжааны зээлийг өндөр хүүтэй банк, ББСБ, ломбарднаас авсан байдаг. Тиймээс эрх баригчдын ЖДҮХС-г татан буулгах шийдвэр бол зөвхөн өөрсдөдөө зориулсан гаргалгаа гэж жинхэнэ ЖДҮ эрхлэгчид хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь зээл авсан увайгүй УИХ-ын гишүүдийн нэрээ цэвэрлэж, дахин сонгуульд өрсөлдөх гэсэн башир арга. Мөн ЖДҮС-г томруулж, “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэдэг сүржин нэр өгөөд, үүгээрээ дамжуулан дахин мөнгө угаах гэж байна гэх хардлагыг дагуулж байгаа юм.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан