Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд та салбарт тань болж өрнөсөн таагүй үйл явдал, олон цэрэг эрүүл мэнд, амь насаараа хохирсон үйлдлүүдээс болж эцэг, эхчүүд үр хүүхдээ эх орондоо итгэж, өгөхгүй юмсан гэж хичээж буйг мэдсэн үү.
Ирэх амралтын өдрүүдэд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны цэрэг татлага болно. Цэргийн зарлан дуудах хуудас авсан гэр бүлүүд хүүгээ эх орны хүн болгож, тангараг өргөх нь гэж баярлах бус хэд хоног хаана нууж, цэрэг татлага өнгөрөөх вэ, албанд мордуулчихаад ард нь юу бодож суух вэ, хүүгээ эрүүл саруул, амьд мэнд ирнэ гэдэгт итгэхэд хэцүү байна гэхчилэн зовлон тоочиж сууна. Энэ долоо хоногт үүргээ биелүүлэн халагдаж ирсэн хөвгүүдээ харсан эцэг, эх, эмээ, өвөө гээд ар гэрийнхэн нь амь бүрэн ирсэнд нь баярлаж, бүтэн нойртой хонох нь хэмээн сэтгэл нь уужирч байгаа ч дуулдана.
Уг нь энхийн цагт эх орноо хамгаална хэмээн цэргийн алба хаах хөвгүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байсан. Харин хоёрхон жилийн хугацаанд хичнээн ч цэрэг амиа алдаж, хэд нь ч дарамт шахалтаас болж, өвдөж эмчлүүлснийг бүү мэд. Юутай ч нийтэд ил болон амиа алдсан цэргүүдийн хэргүүд бүгд л алба хаагчдын буруу болж таараад байгаа. Ёстой л үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг. Тэгсэн хэрнээ тухайн ангийн албан тушаалтнууд нь хуулийн хариуцлага хүлээгээд байгаа. Тэгэхээр хэний буруугаас шалтгаалж байна вэ гэдэг нь ч эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Энхийн цагийн Батлан хамгаалах салбарт, эх орондоо үүрэг гүйцэтгэж хөвгүүд амиа алдаж, бэртэж байгаа талаар салбарын сайд Н.Энхболдоос хэдэн сарын өмнө асуухад "Хэрвээ та нар үнэхээр алдаа олсон юм бол баримтыг нь гарга" хэмээн зандрангуй, хэлж байсан. Баримтгүй байтлаа тухайн цэргийн ангийн албан тушаалтнууд нь хуулийн хариуцлага хүлээж байгаа хэрэг үү гэдгийг ч өдгөө бас асуумаар.
Бүх асуудал хуулийн дагуу, эмх цэгцтэй байх салбар эрхэм сайд Н.Энхболдын үед горимоо алдаж, аж ахуйн шинжтэй боллоо гэх шүүмжлэлийг ч дагуулах болсон. Хэдий энхийн цагт цэргийн бэлтгэлээс гадна аж ахуйдаа нэмэртэй ажил хийх зөв боловч, цэргийн тангараг өргөсөн алба хаагч, албан тушаалтнууддаа анхаарал хандуулахгүй байгаа нь хариуцлага гээчийг умартсан гэж хэлж болохоор.
Салбартаа эзэн байж, үүрэг, чиглэл, бодлогоо оновчтой тодорхойлж чадаагүйгээс л аливаа асуудал үүсч буйг Н.Энхболд сайдын хувьд сайн мэдэх учиртай.
Гэвч нэгэнт сайдын суудалд заларсан юм чинь сайн, муу хэлэгдсэн ч хамаагүй хугацаагаа дуусгана хэмээн гүрийх нь түүний хувьд ичгэвтэр биш гэж үү. Уг нь энэ салбарыг тэргүүлээд аваад явах мэргэжлийн залуус олон бий. Гэтэл улстөрд олон жил “алба” хаасан хүн албан тушаалын бүх зэрэг дэвийг хүртэх гэсэн шиг ийн шигдэх нь байж боломгүй үйлдэл. Харин эсрэгээрээ Н.Энхболд жинхэнэ цэргийн мэргэжилтэн, боловсон хүчинд халаагаа өгч, өөрөө холдвол түүнийг улстөрөөс ихээхэн соёл сурчээ гэж дүгнэмээр. Тэгж байж гэмээн энэ салбарыг тогоонд нь чанагдсан хүн удирдаж, асуудлын голыг олж, шийдвэр гаргадаг болох бус уу.
Салбарынх нь нэр хүнд уначихсан болохоор энэ удаагийн цэрэг татлагад очих хөвгүүд тоондоо хүрэхгүй байх вий гэдгээс олон хүн эмээж байгаа аж. Тиймдээ ч зарлан дуудах хуудсыг заавал хүн бүрийн гарт өгч, очихгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн “сүрдүүлж” байна билээ. Эх орноо хамгаалж, эр цэргийн алба хаах нь хуулийн байтугай, хувь хүний ч ухамсартай холбоотой. Харин албаа хаахаар мордсон үрс нь “амь үрэгдээд” байхаар хэний гэр бүл дуртай байх вэ дээ, эрхэм сайд аа. Нэгэнт өөд нь татаж чадахгүй салбарыг өөрийн дураар орхиж болдоггүй юм уу.