Барон Унгерний алт Монголоос битгий хэл, Нийслэл хүрээнээс ч гараагүй гэв үү

Дэлхийн дайдыг эзэлж, тойгтон бүхнийг сөхрүүлж явсан эрт цагийн Хүннү гүрэн, Их Монгол Улсын үеэс монголчууд бид Монгол орны энэхэн нутаг дэвсгэртээ цадиг түүхийн улбаагаа хадгалан үлдээсээр ирсэн билээ. Үүний илрэл нь хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг, тэр дундаа Дархадын хотгорын мөнх цэвдэг Хориг уулнаас 700-800 жилийн өмнөх үед хамаарах ваартай шар тос, өрөм, зул барихад зориулан бэлдсэн тос, авсны дотор талыг торгоор бүрж, ум гэх маанийн үсэг бичсэн бүлэг оршуулга олдсон нь судалгааны маш том объект болоод байгаа. Уг нь энэ бүлэг оршуулгыг тоногдсон тухай “Өнөөдөр” сонин 2018 оны нэгдүгээр сарын 31-нд “Буурал түүхээ буртагласан булш хиргисүүр тоногчдын балаг” нийтлэлдээ “Хөвсгөл аймгийн нутаг, Улаан тайгад нэг доор байх олон тооны (албан бус мэдээллээр 10 гаруй) булш, хиргисүүр сүйтгэсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарч, цагдаагийнханд нь мэдээлэл очсон аж. Тус аймгийн Цагдаагийн газрынхан мэдээллийн дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэнэ. Хэрэгсэхгүй болгосон шалтгааныхаа талаар цагдаагийнхан тайлбарлахдаа “Тэдгээр булшнаас чухам ямар зүйлс гарсныг тогтоох боломжгүй учраас хэргийг хаасан” гэсэн юм” хэмээн бичиж байв. Харин албан бус мэдээллээр тэндээс шүрэн хөнжил олдсоныг булш хиргисүүр тоногчид, эртний эдлэлийн наймаачид хил давуулан худалдсан гэдэг.
Энд юү хэлэх гээд байна вэ гэхээр өвөг, дээдсийн цогцсыг оршоож онголсон тэдгээр газрыг өнөөдөр хэн дуртай нь онгичиж, хэдэн яс гарвал тарааж чулуудчихаад, алт эрдэнэсийг нь авч ашиг хонжоо олох гэж улайрч байна. Ингэснээрээ эх түүхээ буртаглан баллуурдаж, ирээдүй хойчдоо Монголын түүхийн баримт гэж ийм зүйл байдаг юм гээд үзүүлэх эд өлгийгүй болгож буй. Харамсалтай нь, мөнгө цагаан, нүд улаан болсон өнөө цагт түүх соёлын өвийг устгаж байгааг ойшоох газар алга. Хэдэн археологич, түүхч л булш, хиргисүүр тонож байгаад анхаарлаа хандуулаач ээ хэмээн төр, засаг, орон нутаг, холбогдох газруудад ханддаг ч хад мөргөсөнтэй адил үр дүнд хүрэхгүй байгаагийн нэг жишээ энэ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30.1-д “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Тэгэхээр шинжлэх ухааны ач холбогдолтой байж болохуйц судлагдаагүй булш, хиргисүүр, газар нутгийг төр, засаг хамгаалалтдаа авч мэргэжлийн байгууллагуудаар судлуулахад төсөв, хөрөнгөө харамгүй хайрлаж, олдсон олдворыг нь дэлхий нийтэд сурталчлан, судалгааны эргэлтэд оруулдаг болбол нэг сая жуулчин хүлээж авах зорилтдоо хүрэхэд төвөггүй баймаар.
УЛААН ЦЭРЭГТЭЙ ЗӨРЖ ХИАГТЫГ ЗОРЬСОН УНГЕРНД АЛТАА АВЧ ЯВАХ БОЛОМЖ БАЙГААГҮЙ
Өнгөрсөн зууны эхэн үед гамингийн дарлалд байсан Монголыг Барон Унгерн фон Штернбергээр удирдуулсан “Азийн морин дивиз”-ийнхэн чөлөөлсөн түүхтэй. Оросын иргэний дайны үед бий болсон Азийн морин дивизийн командлагч Барон Унгерн их хэмжээний алт, эрдэнэстэй Монголд ирсэн гэсэн яриа одоо ч олны дунд байдаг төдийгүй оросууд манай нутагт түүнийг нь хайж байсан түүх бий.
Яруу найрагч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй нэгэн ярилцлагадаа энэ тухай “Манайхан Барон гэхээр алтыг нь их сонирхдог. Үүнийг манайхан байтугай 1920-иод оноос эхлээд улаантны комиссарууд ч сураглаж байсан. Дэлхийн II дайн өнгөртөл сураглаж байсан гэдэг.
Адмирал Колчак хаант Оросын ихэнх алтыг булааж аваад заримыг нь Алс Дорнод руу, нэг хэсгийг нь Япон руу гаргасан. Гэтэл улаантнууд Колчакийг буудчихаад армийнх нь мэдэлд байсан алтыг хурааж авсан. Түүнийгээ Монголоор дамжуулан Хятад руу, өөрөөр хэлбэл, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс руу гаргахаар болсон. Гэтэл тэр алтыг замаас нь Барон Унгерн булааж авсан. Нийт 27 тэрэг алт байсан гэдэг. Барон тэр алтыг буриадуудаар булуулаад, дараа нь бүгдийг нь буудчихсан. Баронтой ойр дотно байсан Польшийн эрдэмтэн Ф.Оссендовскийг тэр алтыг нуусан газрыг мэднэ гэж үзээд олон улсын тагнуулууд их мөрдсөн. Гэрт нь нэгжлэг хийгээд баримт олоогүй тул ул мөрөө баллахын тулд гэрийг нь шатаасан байдаг. 1945 оны нэгдүгээр сарын 3-нд Барон Унгерний зээ Ф.Оссендовскийтой уулзсаныхаа маргааш нь нас барсан. Нэгэн монгол лам Ф.Оссендовскийд “Чи Бароны хамаатантай уулзсаныхаа дараа үхнэ” гэсэн нь ийнхүү ёсоор болсон гэдэг. Ф.Оссендовский Бароны алтны талаар бага сага зүйл мэдэж байсан байх” хэмээн ярьсан билээ.
Харин “Эх орны манаа” сонины эрхлэгчээр ажиллаж байсан, хурандаа Д.Баасанжаргал “Азийн морин дивизийн” алтан сангийн эрэлд” нийтлэлдээ “Барон Унгерн Улаан-Үд рүү амжилт муутай довтлон, Алс Дорнодын улаан армийн цэргийн ангиудад бут цохигдон Хятадад орогнохын тулд зугтаж явах зам зуураа булсан гэгдцэг билээ. Гэвч Барон Унгерн Хятадын нутагт нэвтэрч чадаагүй. Түүний отрядад байлдаж асан монгол цэргүүд гэнэт урваж, Бароныг улаантнуудад барьж өгснөөр түүнийг 1921 оны есдүгээр сарын 15-нд Эрхүү хотноо цаазалсан юм. Харин Монголын нийслэлийг эзлэх үедээ буюу ер нь Монгол нутагт цөмрөн орсон үеэсээ эхлэн хятадуудаас олзолж, булааж, дээрэмдэж авсан 1.5 тонн алт болон бусад эрдэнэс ор сураггүй болсон байна. Тэр үеэс хойш олон жил өнгөрлөө. Түүний алтыг олохоор олон арван хүн бүхий янз бүрийн экспедиц гаргаад огтхон ч амжилт олсонгүй. Хамгийн бодитой нь Барон ямар ч алт, мөнгө өөрөө авч яваагүй бөгөөд харин тэднийгээ Гандантэгчэнлин хийдийн нэгэн ламд хадгалуулсан гэх таамаг байдаг юм” хэмээн бичсэн.
Барон Унгерний итгэлт хүн, дэд есаул Камет Ергонов өөртөө үнэнч буриадуудын хамтаар Буйр нуураас хойд зүгт улаантнуудтай таарч зугтахдаа мэдээж тэр их хэмжээний алтыг авч яваагүй нь гарцаагүй. Барон өөрөө ч ямар нэг хэмжээгээр алт авч яваагүйг энэ талаар судалсан хүмүүс дээрх байдлаар бичсэн байх юм.
Мөн “Азийн морин дивиз”-ийн хөрөнгөөс багагүй хэсгийг нь монголчуудад өгнө гэж амласан Оросын Улаан армийнхан нэг цэнг ч өгөөгүй. Хурандаа Д.Баасанжаргалын дээрх нийтлэлд “Д.Сүхбаатар В.К.Блюхерт энэ тухай яриад учир шалтгааныг тодруулахад “Барон зугтахдаа алтаа нуусан. Тэр газраа огт зааж өгөөгүй. Тиймээс жаахан хүлээж бай” хэмээн мөрөө хавчихаас өөр юм хэлсэнгүй. Алт, нуусан хөрөнгөө хэлчихвэл амийг нь өршөөж, америкчуудад шилжүүлж өгнө гэж амлаж байсан тухай яриа байдаг” хэмээн бичжээ. Улаан оросуудад Барон Унгерн мэдээж алт эрдэнэсээ хаана нуусныг нь мэдэхгүй учраас огт ярихгүй байсаар цаазлуулсан гэдэг.
Түүхэн баримтад дурдсанаар Барон Унгерний цэргүүд 1921 оны тавдугаар сарын сүүлчээр Хиагт, Улаан-Үдийн чиглэлд нэн яаралтай явсан бөгөөд улаантны цэргийн анги салбарынхан зөрж Нийслэл хүрээ рүү чиглэсэн байдаг. Дайтахаар мордсон Баронд их хэмжээний алтаа тээж явах нь тээртэй учраас итгэлтэй хүмүүстээ захиж үлдээсэн гэдэг нь үнэний ортой. Оросын алдарт зураач Н.Рерих 1921 оны долдугаар сарын эхээр Барон Унгерний хоёр ч захиаг итгэлт хүмүүсийнх нь нэг буриад Жамбалонд хүргэхээр явсан гэдэг баримт бий. Харин Жамбалон захиаг авсан уу, юутай ч тухайн оны долдугаар сарын 2-нд тэрбээр Нийслэл хүрээнээс явжээ. Үүнээс үзэхэд Бароныг аян дайнаа хийхээр явсан хойгуур Нийслэл хүрээнд үлдсэн буриад Жамбалон тэргүүтэй итгэлт хүмүүс нь алтыг нь сар гаруйн хугацаанд хэн нэгний халдаж, шалгах боломжгүй газарт нуусан байх магадлалтай.
БУРИАД ЖАМБАЛОНЫГ ЯАРАЛТАЙ БАРИВЧЛАХ ТУШААЛ ХОЁР УДАА ИЛГЭЭСЭН НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ
Нийслэл хүрээнд 1921 оны долдугаар сарын 6-нд Ардын журамт цэрэг ирэхээс дөрөв хоногийн өмнө буриад Жамбалон яаравчлан зүүн хязгаарыг зорьсон байдаг. Мэдээж яаран сандран Хүрээнээс зугтаж яваа хүнд тэр их алтыг авч явах боломж хомс. Тэгээд ч овор ихтэй ачаа тээж буй хүмүүсийг Ардын журамт цэрэг, Улаан армийнхан нарийвчлан шалгаж байсан биз. Юутай ч буриад Жамбалоныг яаралтай баривчлах тушаалыг Ардын журамт цэргийн удирдлага, Улаан армийнхан хоёр ч удаа гаргаж, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайдын албанд хүргүүлсэн тухай “Монгол ардын журамт цэргийн дурдатгалууд” номд бий. Өөр судлаач, эрдэмтдийн зохиол бүтээлд ч байна.
Ингээд 1921 оны долдугаар сарын 21-нд Жамбалон баригдаж, 22-нд нь зугтах гэж оролдоод буудуулж нас баржээ. Буриад цэргийн толгойлогч Жамбалоныг ийнхүү яаралтай баривчлах тушаал гаргаж, БНХАУ-ын нутаг руу орохоос нь өмнө баривчилсан нь магадгүй Их хүрээнд үлдэж, Бароны авчирсан алтыг нуусантай холбоотой байж болзошгүй гэх таамгийг шинэ үеийн судлаачид гаргаж байгаа юм билээ. Магадгүй баригдмагцаа юу ч хэлэлгүй зугтаад буудуулсан нь тэр их хэмжээний алтыг эцсээ хүртэл нуух тушаалтай байсан ч байж болох.
Харин мөн оны наймдугаар сард Барон Унгерн оросуудад баригдаж, ес, аравдугаар сард нь Монголд үлдсэн байсан “Азийн морин дивиз”-ийн штабын дарга, хурандаа М.Г.Торновский, Островский нарын командалсан отрядынхан Буйр нуур орчмоор хил давж БНХАУ руу гарсан байдаг. Гэхдээ тэд тэр их хэмжээний алтнаас төдийлөн авч яваагүй. “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ” номд М.Г.Торновскийн дурдатгалд “Дагуураас Унгерний дивизийн сүүлчийн хэсэг болох 100 хөсөг тэрэг дэд хурандаа Сапайловын удирдлагаар хөдөлсөн. Энэ цуваанд 300 мянган алтан рубль ачсан хар тэрэг явж байлаа. Хятадуудаас бүрдсэн зуут бослого гаргаж хар тэргийг булаан авах санаа сэдсэнийг Сапайлов мэдэж, тэр даруй таван офицерыг дуудан, харанхуй болмогц хөсгөөсөө түрүүлэн явахыг тушаажээ. Хар тэрэг Токмаковын эдлэнд түрүүлэн очиж гол хүчээ хүлээж байгаад үндсэн хөсөгтэйгээ нийлсэн бөгөөд хамгаалж явсан офицеруудад сүүлд нь Унгерн их өндөр шагнал өгсөн” хэмээн бичсэнийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй хөрвүүлсэн байдаг.
Энэ бүгдээс дүгнэхэд Барон Унгерн Монголд их хэмжээний алттай ирсэн нь гарцаагүй. Судлаач Д.Ганхуяг ч “Ямар ч гэсэн Барон Унгерн атаман Семеновоос долоон сая рублийн алт авч, Монголд улс төрийн тусгай даалгавартай ирсэн нь тодорхой байна. Тэрбээр алтаар коммунизмтай тэмцэх үүрэг Семенов болон япончуудын өмнө авсан атлаа тэр алтаа зарсангүй, монголчуудын хүч хөрөнгөөр Монголын “тусгаар тогтнолыг” олж өгсөн байна. Энэ чинь асар их хөрөнгө шүү дээ.
Бид Бароны алтыг хайж олох ёстой. Үүний тулд металл хайгч барьчихаад уул хадаар тэнэхийг хэлдэггүй. Мөн түүхийн ном уншаад олохгүй. БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгээс авхуулаад ингэж хайсан хүн олон бий. Ямар ч үр дүн гараагүй. Үр дүн гаргахын тулд зөв стратеги гаргах ёстой. Тодорхой мэдээ баримтыг хүн болгон олж чадахгүй, дуртай болгон тааж болохгүй” гэж бичсэн байдаг. Мөн Бароны алтыг нууцалж байгаа ламд 50 жилийн дараа хүн ирж авахгүй бол Буддын шашны үйл хэрэгт зориулаарай гэж гэрээсэлсэн тухай мэдээлэл ч энд тэнд сонсогддог.
Тэгэхээр судалгааг маш нарийн хийж, олон эш баримтыг үндэслэж үзээд, байгаа газрыг нь тогтоож, холбогдох мэргэжлийн байгууллагууд нийлж олж гаргавал, дэлхий даяар шуугиан дэгдээх нь гарцаагүй. Гадаад, дотоодын тусгай албаныхан Барон Унгерн фон Штернбергийн алтны хойноос мөрдөж мөшгин, тусгай отрядаа хүртэл Гандантэгчэнлин хийдэд байрлуулан нэгжээд юу ч ололгүй буцсан гэдэг. Одоо ч гадаад, дотоодын тусгай албаныхан мэдээ, баримт цуглуулсаар байгаа тухай яриа байдаг юм билээ. Тэгэхээр хэзээ нэгэн цагт Бароны алт хэмээх их хэмжээний эрдэнэс Улаанбаатар орчмоос олдох магадлалтай.

Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан