Монголоос 10 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардахыг зөвлөжээ

Украинд Майдан хувьсгалын дараагаар ихээхэн өөрчлөлт гарсан. Тухайлбал, төр засаг ба ард түмнийг илүү ойр болгох, ард түмний хүслийг элдэв хүнд суртал, дамжлагагүйгээр сонсох боломжтой болгосон.Үүний нэг жишээ нь Украйны Ерөнхийлөгчийн сайт. Тус сайт дээр украйн хүн бүр төр засгаас хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн хууль тогтоомж, арга хэмжээний талаар саналаа дэвшүүлэх боломжтой. Улмаар дэвшүүлсэн саналыг 25 мянга ба түүнээс дээш тооны хэрэглэгчид дэмжвэл Ерөнхийлөгч нь хэлэлцэн шийдвэр гаргах ёстой байдаг. Иргэний дайн, газар нутгаа алдсан, санхүүгийн бэрхшээлд орсон ийм үед авлигад идэгдсэн элитүүдийн бус харин жирийн иргэдийн санал, бодлыг сонсоно гэдэг тун хэрэгтэй нь мэдээж.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө өөрийгөө Илья Юхимович Кушнир гэж танилцсан укарайн хүн Ерөнхийлөгч Зеленскийд хандан Монголоос нөхөн төлбөр шаардах замаар Украйны төр ба иргэдэд тулгараад байгаа санхүүгийн бэрхшээлийг шийдэх аргыг санал болгожээ.
Илья Юхимович Кушнир нь “1240 онд татар монголчууд Киев хотыг бүслэн дайраад эзлэн сүйтгэсэн. Иймд Татар Монголын вант улсын хууль ёсны залгамжлагч болох Монгол улсаас ёс суртахууны болон эд зүйлийн хохирлын төлбөр болгож 10 тэрбум долларыг г төрд төлж, Киев хотын оршин суугч бүрт 10 мянган доллар төлүүлэхийг санал болгож байна” гэсэн байх юм.
Ийм их мөнгө нэхэх үндэслэлээ тайлбарлахдаа Кушнир гэгч нь “Тухайн үеийн Киевт амьдарч байсан 50 мянган хүнээс 2000 нь амьд үлдсэнийг булаан эзлэгчид боол болгосон. 8000 орон сууцаас ердөө 200 нь сэргээсэн, чулуугаар баригдсан сүм, барилга 40 байснаас 5-6 ширхэг нь хагас нуранги хэлбэртэй үлдсэн. Учирсан сүйрэл хохирол дэндүү их байсан тул хагас жилийн дараа Киев хотноо ирсэн Михаил Всеволодович вантан энд бус харин Киевийн ойролцоох арал дээр амьдрахад хүрсэн. Зарим аялагчид нь тэр үеийн Киев хотыг Трой хотын балгас нурангитай зүйрлэсэн байдаг” гэжээ.
Түүх болон 800 зууны тэртээ болсон үйл явдлын төлөөнөө та биднээс ийм их мөнгө нэхэмжлэх нь яаж ч бодсон эрүүл биш алхам. Магадгүй ийм ч болоод тэр үү тус санал нь 25 мянган санал авах ёстойгоос ердөө 29 –г авсан тул Ерөнхийлөгч Зеленскийд хэлэлцэх шаардлага үгүй болсон байна. Гэхдээ ийм санал зүгээр нэг гараад ирчхээгүй, Майдан хувьсгалын дараанаас Украйны эрх баригчдын явуулж эхэлсэн хэт үндсэрхэг үзлийг бүтээгдэхүүн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй биз.
Украйнд 2014 онд гарсан Майдан хувьсгалыг тухайн үеийн ялзарсан элит давхаргыг халж, жинхэнэ ард түмэн, улс орноо гэсэн бодолтой засаглалтай болохын төлөөх жинхэнэ ардчилсан үйл явдал гэдэг. Гэвч энэхүү хувьсгал нэртэй төрийн эргэлтийг хийхэд Украйны хэт үндсэрхэг үзэлтнүүд, тэр дундаа Оросыг үзэн ядагчид хийсэн тул шинэ засаг нь ард түмнийхээ амьдралыг хөнгөвчлөх, улс орноо хөгжүүлэхийн төлөө бараг юу ч хийгээгүй гэж болно. Юу хийсэн юм бэ? Оростой, оросуудтай, орос хэлтэй, олон зууны турш зэрэгцэн амьдарч ирсэн түүхтэйгээ байлдахад хамаг хүч, хөрөнгөө зарцуулав.
Тэгээд ямар үр дүнд хүрэв? Янукович тэргүүтэй хуучин элитүүдэд хөөгдсөн ч оронд нь өмнөх элитүүдээс бүр ч илүү авлигад идэгдсэн, хувьсгалаар бамбай хийсэн шуналтай хүмүүс алга эргэх зуур гарч ирээд өмнөхөөсөө дутахааргүйгээр улс орноо цөлмөж эхэлсэн гэвэл хэтрүүлэг болохгүй.
Харалган, шуналтай удирдагчид, бүгдийг хамсан олигархуудын буруугаас болж доройтсон аж үйлдвэрлэл, эдийн засгаа сэргээхийн оронд доройтлын хамаг бурууг Орост тохоод Оростой холбоотой юм бүхэнтэй тэмцэж эхэлсэн. Украйны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь Орос байтал түүнтэй бүх л харилцаагаа тасалсан. Тэгээд одоо бид Европын холбоо руу бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болоод баяжна гэцгээсэн. Гэтэл Украйны дийлэнх үйлдвэрүүд нь Зөвлөлтөөс уламжилсан стандартаар, өөрөөр хэлбэл Оросын стандарт явдаг. Европ руу бүтээгдэхүүнээ гаргахын тулд европ стандарт тохирсон бүтээгдэхүүн гаргах ёстой. Үүний тулд асар их зардал гарган үйлдвэрлэлийн салбараа бүхэлд нь шинэчлэн өөрчлөх шаардлагатай. Гэтэл оросуудад л бүтээгдэхүүнээ зарахгүй бол тэр их мөнгийг хаанаас орж ирэх билээ? Ингээд хүнд үйлдвэрлэл нь тун гүн хямралд орсон.
Үр дүнд нь Украйн аж үйлдвэрлэлийн орон байхаа болиод газар тариалангийн орон болох тийшээ хандаад байгаа. Польшийн нэгэн улс төрч энэ байдлыг шударгаар тодорхойлон, аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж мөнгө үрж байхын оронд бүх үйлдвэрүүдээ хаагаад Европыг хүнсээр хангадаг гол орон болсон нь хамаагүй дээр гэсэн утгатай мэдэгдэл ч хийж байсан. Хүнсний бүтээгдэхүүнээ ч Европ руу чөлөөтэй гараж чадахгүй байгаа. Европын холбооныхон өөрсдийн хөдөө ахуйн салбарыг хамгаалах үүднээс Украйны энэ салбарын бүтээгдэхүүнд квот тогтоож өгсөн. Илүү гарсныг нь авахгүй, Европ руу л биш бол хаашаа борлуулахаа өөрсдөө мэд гэсэн үг.
Украйнд амьдардаг орос үндэстэн, оросоор ярьдаг хүмүүсийг хоморголон устгах тухай сүрдүүлгийг тараасны гайгаар Крымийг хойгийн дийлэнх олонх болдог оросууд ОХУ-тай нэгдэхийг дэмжээд салаад одов. Донецк, Донбасс гэх мэт аж үйлдвэрлэл, нүүрс олборлолтын томоохон төв болсон бүс нутагт амьдардаг оросуудыг сүрдүүлж эхлэхэд цаадуул нь аргагүйн эрхэнд зэвсэг барин тэмцэхэд иргэний дайн дэгдэж, одоо хүртэл үргэлжилсээр. Хэт үндсэрхэг үзлийг улсынхаа гол үзэл суртал, бодлого болгож хувиргасан нь тун хачирхалтай гэмээр байдал бий болгосон. Тухайлбал, Украйны дунд сургуульд судлах ёстой түүхий зарим номнууд дээр украйнчууд дэлхийн анхны хүн байсан, бүгдийг зохион бүтээсэн гэдгээс эхлээд Исус Христ, Будда Шакьямуни хүртэл бүх суут хүмүүс бүгд украйн цустай, украйнчууд Хар тэнгисийг ухаж бүтээсэн гэх мэт зүйлсийг сурагчдадаа заадаг боллоо. Дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийг ялсан л гэнэ, хүйтэн дайнд Зөвлөлтийг ялж гавьяа байгуулсан л гэнэ. Ер нь дэлхий тэр аяараа Украйнд өртэй гэсэн санаа их явах болсон. Үүний нэг бүтээгдэхүүн Монголоос 10 тэрбум доллар нэхэж байгаа ноёнтон юм. Ийм хэтэрсэн тэнэглэл яав ч сайн зүйл хүргэхгүй гэдгийг Украйнд бүрэлдээд байгаа нөхцөл байдал харуулж байна.
Хэт үндсэрхэг үзэл газар авахыг дагаад Украйнд амьдардаг бусад олон үндэстнүүд Донецк, Донбассын адилаар тусгаарлах талаар ярьж эхлэх болсон. Украйн хэлээс бусад бүх хэлээр ном хэвлэх, нэвтрүүлэг бэлдэх, кино гаргах, мэдээлэл бэлдэх, сургалт явуулах, хичээл заахыг хориглосон шинэ хууль баталсныг Европын холбоо хүчтэй шүүмжилж өөрчлөхийг шаардаад байгаа. Гэтэл Украйн нь 134 үндэстэн ястан амьдран суудаг олон үндэстний улс байдаг. Украйнаас өөр хэлээр яривал ална хядна гээд заналхийлээд, хавчаад эхэлбэл энэ олон үндэстнүүд олон зууны турш амьдран суугаа түүхэн газар нутгийг хамт туурга тусгаарлах талаар бодож үзэхээс өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл хэт үндсэрхэг үзлээ хазаарлаж эхлэхгүй бол улс нь задрах дээрээ тулаад байна.
Эдийн засаг, улс төрийн ойлгомжгүй байдлын улмаас украйнчууд олон саяараа гадаад руу гарах болсон. 2001 онд явуулсан хүн амын тооллогоор 42 сая хүнтэй гэж гарч байсан бол Крымийн хойгийг алдсан, Донецк, Донбасс нь салан тусгаарласан, 5-7 сая украйн хүн амьдрахын эрхээр Орос ба Европын холбоонд гарч тогтмол ажил эрхэлдэг болсон. Үүнээс болоод одоо украйнд 42 сая биш харин 32 сая зарим нь бүр 20 сая хүн л амьдардаг боллоо гэж гэцгээж байна.
Майдан хувьсгалын дараа шинээр сонгогдсон парламентын гишүүд нь ашиг орлогын мэдүүлгээ олон нийтэд дуртай дургүй танилцуулахад украйнчууд ёстой л шоконд орсон. “Эх орны төлөө”, “Оросууд сөнөтүгэй”, “Авлигыг устгая”, “Жинхэнэ ардчиллын төлөө” гэх мэт популист уриа хашгаран гарч ирсэн үндсэрхэг үзэлт шинэ гишүүд нь 2014 оноос хойш тавхан жилийн дотор Януковичийн тойрон хүрээллээс дутахааргүй, зарим нь бүр илүү гарсан их мөнгө идэж хагартлаа баяжсан нь ил болсон тул шоконд орохоос өөр аргагүй. Шинэ эрх баригчдын тавьсан асар их өр зээл харин хаашаа ч алга болоогүй, эгэл ардууд, үр хойч нь төлөх болоод үлдэж байна. Шинэ элит нь хуучнаасаа ер ялгарах юмгүй, мөнгөө гадаадын банкуудад хадгална, гадаадад орд харш худалдаж аваад гэр бүлээ суулгадаг, хүүхдүүдээ тэнд сургадаг болсон.
Хэт үндсэрхэг үзэлт улстөрчид хоосон уриа лозунгаар тархийг нь угааж байгаад өөрсдөө баяжсанд ард түмэн ихэд дургүйцсэн нь мэдээж. Үүнийгээ Ерөнхийлөгчийн сонгуулиар, парламентын шинэ сонгуулиар илэрхийлсэн. Одоо Украйны нь улс шиг улс болох уу эсвэл их гүрнүүд хоорондын тэмцлийн золиос болоод нэрнээс цаашгүй газар нутаг болж хувирах эсэхийг шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Зеленский, түүний талыг баримтлагч парламентын олонх шийдэх болоод байна.
Гэхдээ хэт үндсэрхэг харалган бодлого цаашид ч үргэлжилсээр, түүх ба өнгөрсөнтэй үетэйгээ дайтсан хэвээр байвал, энэ мэт тэнэг гэж хэлэхэд зөөлдөх зөвлөгөө өгөгчдийн тоо цөөрөхгүй харин ч хэт үндсэрхэг үзэл суртлын нөлөөгөөр олшроод байвал Украйны ирээдүй хэрхэхийг украйн Исус Христ л мэдэх хэрэг болно.

Б. Гарьд
Эх сурвалж: newspress.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан