Олон олон асуулт, эргэлзээ дагуулсан Үндсэн хуулийн өөрчлөлт энэ зуны, магадгүй энэ зууны анхаарал татсан асуудал болох нь.
Зуны амралт эхэлсэн тун сайхан цаг санж. Зав чөлөө гармагц хаа нэг мэдээ сонирхох бүрт нөгөө л “Үндсэн хуулийн өөрчлөлт“ гэх халуун сэдэв.
Хараад, ажиглаад байх нь ээ, ард нийтээрээ амарч зугаалж эхэлсэн цагаар, зуны аагим халуунаар гэнэт ямар улсуудын идэвхи нь сэргэж, “Чоно борооноор”-ын үлгэрийг амилуулна вэ… За, хэний ч идэвхи хэзээ ч сэргэж болох юм даа гэж бодож болох ч, “Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг” гэдэг шиг эцэг хуулиараа “хэдэн бага хүүхэд” нь оролдож байгаад “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” вий дээ.
Уг нь өдийд манай “эрхэм” улстөрчид маань сонгуулийн бие халаалтаа эхлүүлчихсэн, том жижиг нь хамаагүй наадам, найр болгоноор хэсч, олон цөөн нь хамаагүй хүн цугласан газар бүрт харайлгаж явмаарсан…
Миний л мэдэхийн булхайтай, будлиантайгаар олон жил энэ улс орныг удирдан чиглүүлж, залж ирсэн “ард түмнийхээ зарц” нь байх ёстой ч өөрсдийгөө “бид бол төр” хэмээн хэтэрхий ташаа ойлгосон “эрхэм”-үүд улс орноо, тэр дундаа ард олныхоо амьдралыг айлын болоод хүний дайтай тулж түшиж чадсангүй. Зөв залж, зөв үлгэрлэж, зөв замнахгүй л бол цаашид ч ийм л байх биз…
Өнөөдөр мөрдөгдөж буй 1992 оны Үндсэн хуулийг анх бий болгосон шиг нийт ард түмнийг бүрэн дүүрэн төлөөлж чадах “эгэл ард”-ын төлөөлөл буюу 430 гишүүнтэй “Ардын Их Хурал”-ыг шинээр байгуулж, “Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийг даатгахсан!
Өөрчилж буй зүйл заалт бүрээр “Нийт ард түмний санал асуулга” явуулахгүйн тулд бултах, бултуулах, будилуулж болох бүхнийг өнөөгийн төрийн эрх барих дээд байгууллага, түүнийг бүрдүүлэгчид (УИХ-ын гишүүд) хийж байгаа нь эмгэнэлтэй. Юм л бол “тойргийнхоо сонгогчдоос очиж асуулаа, асууж байна” гээд л тал тал тийш давхицгаах…
Тэгээд үр дүн нь юу болсон бэ? БӨӨН БУДЛИАН! Нэг удаа, нийт ард түмнээсээ асуучхаж болох зүйлийг яагаад тойрог тус бүртээ очиж асуугаад яваа нь сонирхол татахгүй байхын аргагүй. За, очоод асууж, тэгээд яасан? Хэлэлцүүлэгт нь оролцсон хэдэн хүн хэлэх ёстойгоо хэлсэн байж болох ч очиж өгсөн мэдээлэл, танилцуулга нь өөрөө баахан эргэлзээтэй, олон салаа утгатай тул мөн л будлиан.
Парламент маань “будлиант төсөл”-ийнхөө эхний хэлэлцүүлгээ хийгээд жин тан болоодохлоо гэтэл “улс орны эцэг” болох хүн нэмээд баахан саналаар булав. Хөдөлсөн байсан галт тэргээ гэнэт зогсоож, “Өө, дутуу харчихсан байж, авч болохоор саналууд байна, хэдүүлээ дахиад хэлэлцүүлгээ эхнээс нь эхлэе” гэв. Дахиад л бөөн ажил ундрах нь тэр. Нэг амьсгаагаар хийж болох ажлыг дахин дахин хийх, хугацаа авах, хөрөнгө зарах нь хэнд ашигтай хэрэг вэ?
“Бултаараа хэлэлцвэл буруугүй” гэдэг үгтэйсэн. Тойрог тойргоосоо асуулаа гэж жүжиг тоглож суухаар “нэг хувилбар” гаргаад нийт ард түмнээсээ асуучхаж яагаад болохгүй байгаа юм бэ? Үүнд л асуудлын цаад учир шалтгаан нь байна. Тойрог тойргийн, аль нэг аймаг эсвэл дүүргийн иргэдийг төлөөлж буй өнөөгийн “эрхэм”-үдэд энэ байтугай ухаан дутна гэж лав байхгүй…
Одоогийн “76 эрхэм”-ийн толгойноос 330 сум, 152 хороог төлөөлж, ирэх 500 орчим “эгэл ард”-ын толгой илүү сэтгэж чадахгүй гэж үү? Манай өнөөгийн “76 атаман” гэхээрээ л бүгдийг мэддэг, бүгдийг төлөөлж чадах “тийм супер” улсууд уу? Үнэхээр өөрчилмөөр байгаа юм бол “Хоёр танхимтай парламент”-ын тогтолцоогоо авъя л даа. Үргэлж үүх түүхээрээ бахархдаг, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг “Ардчилсан нам” нь, 1921 оны Ардын хувьсгалыг “Монгол Ардын нам” нь, 1990 оноос хойших томоохон өөрчлөлт, үйл явдал, төрийн бодлого шийдвэрийн гялтайх зарим нэг үр дүнг нь хувааж өмчилдөг өвөрмөц сэтгэлгээтэй “нам”-ууд маань үнэхээр л өөрчилмөөр байгаа юм бол, ингэж л өөрчилье л дөө?
Түүх сөхвөл, монголчууд бид 1206 онд Чингис хааныхаа үед “Их хуралдай” хэмээх анхны парламентын хэлбэрийг бий болгож байв. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний дараа буюу Богд хаант Монгол Улсын үед (1914.IV-1915.XII сард) Улсын Дээд ба Доод хурал, 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа (1924.XI-1940.VI сард) Улсын Их Хурал болон Бага хурал, 1990 оны Ардчилсан хувьсгал ялсны дараа (1990-1992 онд) Ардын Их Хурал ба Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай парламентын тогтолцоотой явж ирснийг сануулахад илүүдэх юун.
Одоо хэлэлцэж буй аль ч хувилбарыг харахад, нөгөө эрх ашгийн эрэмбэ дараалал, ялангуяа “ард түмний эрх ашиг бүхнээс дээгүүр” хэмээх хоосон ишлэл энэ тэр маань бөөн бантан болчиж. Учрыг нь олох амаргүй харагдана. Батлахын төлөө улайрч буй эрхмүүд маань хэдэн нүүдлийн цаадхыг харж нүүгээд байгаагаа өөрсдөө ойлгож л байдаг байгаа даа.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулахдаа ард түмэнд таалагдах жижиг ахуйн шинжтэй, хотын тоо, хуралдааны хоног гэсэн жижиг өөрчлөлтийг л яриад байгаа болохоос энэ нэмэлт өөрчлөлт бүхэлдээ Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг ярихгүй байгаа нь хачирхмаар. Өнөөгийн “Үндсэн хууль”-ийн 3.1-д “Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна”гэсэн заалтыг зөрчин төрийн эрх мэдлийг тэр чигээр нь Улсын Их Хурал, түүний дотор олонхийн суудал авсан улс төрийн хүчин, олигархи бүлэглэлийн гарт төвлөрүүлэх нь Үндсэн хуулийн үзэл санаанд шууд харшилжбайна.Ард түмнээ бүү басамжил!
Хаант засагтай улс оронд улс орны тусгаар тогтнол, оршин тогтнох баталгаа нь хаан, түүний өв залгамжлагчийн улс орноо гэх сэтгэл байдаг байх. Тэгвэл Ардчилсан засаглалтай манайх шиг улс оронд бол тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа нь мэдээж ардчилал. Төр засаг ард түмний хяналтад байхыг ардчилал гэнэ. Энэ бол дэлхий нийтийн түгээмэл ойлголт.
Зөвхөн өөрөө хүсвэл тааллаараа огцрох эрх “эзэн хаант” улс орнуудад л байдаг. Гэтэл одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт (62 гишүүний өргөн барьсан)-өөр УИХ зөвхөн өөрөө хүсвэл л тарах аж. Эндээс харвал, ардчилсан тогтолцоотой Монгол Улс 76 хаантай болох юм байна. 76 хааны аль нэг нь гэмт хэрэг хийж байх үедээ баримттай, баталгаатай баригдахгүй л бол эргүүлэн татах боломж байхгүй. Улсын Их Хуралд хориг тавих, хариуцлага тооцох субъект мөн л байхгүй болох нь.
Тэгэхээр, хэмжээлшгүй эрхтэй “76 хаан”-тай болчихоор төрийг ард түмэн биш харин 76 нөхөр “эзэгнэнхэн төрлөө” гэсэн үг. Энэ бол өмнөхөөсөө дордож буй хэрэг.
Болоогүй ээ, тус төслөөр, яг үнэндээ өнөө “76 хаан”-ы дээр дахиад “эзэн хаан” гэж бий болно. Хамгийн харамсалтай нь, тэр нь “ард түмэн” биш, “Үндсэн хууль” ч биш, харин “Улс төрийн нам”-ын удирдлага! Энэ аюул биш юм уу?
Өнөөх 2000 оны “Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлт”-өөр Улсын Их Хурлын гишүүдийн бие даан хараат бусаар шийдвэр гаргах эрх мэдэл ихээхэн хумигдсан. Ерөнхий сайд болоод Засгийн газрын гишүүдийг томилоход саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ гэсэн нь улс төрийн нам, эвсэл бүлгийн шийдвэрээс ангид тусдаа, бие даан шийдвэр гаргах “эрхэм гишүүний эрх”-ийг хязгаарласан хэрэг. Хэрэв, нууцаар саналаа өгдөг байсан бол УИХ-ын аль ч гишүүн ямар нэгэн барьцаа, нээнтэгт орохгүйгээр ард түмнийхээ талд, төлөөллийн үүргээ гүйцэтгэх боломж нь илүү өргөн байх байсан. Зарим нам, намын шийдвэр зөрчсөн хоёр гишүүнээ намаасаа хөөж, шагналд нь бүлэггүй хүртэл болж байгааг харж л байна.
Одоогийн санал болгож буй нэмэлт өөрчлөлт батлагдвал УИХ-ын гишүүд намын даргынхаа саналаас бүр л зөрөх эрхгүй болох нь. Дээрээс нь сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болж Засгийн газрын гишүүдээ УИХ-аас хамааралгүйгээр дур мэдэн томилж, улмаар УИХ дахь бүлгээ атгах замаар төрийн эрх мэдлийг бараг бүхэлд нь эзэгнэх болох нь.
Ерөнхий сайдын томилгоо, бусад аливаа асуудлаар санал өгөхдөө Намын даргынхаа харцны аясаар, намын бүлгээр ярьж шийдсэнээс зөрөхгүйгээр кноп дарах ганцхан арга зам УИХ-ын гишүүнд үлдэж, хариуд нь төсвийн эрх мэдлийг бүрэн атгасан Ерөнхий сайдаас өгөх хувь хишигт талархан суух болох нь. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын аль алиныг нь атгасан ямар ч намын дарга, хэн ч байсан УИХ-ын гишүүнийг дараагийн сонгуульд нэр дэвших эрхээр нь барьцаалдаг өнөөгийн жишиг улам даамжирна. Энэ бол төрийн дээр улс төрийн нам зайдалсан, намжсан тогтолцоог улам бүр баталгаажуулж, хууль тогтоох инстутицийн дотоод ардчиллыг бүр мөсөн үгүй хийх нь гарцаагүй.
Таван жилээр сонгогдоно хэмээн баярлах нь эртэдсэн хэрэг. Таван жил “бусдын харцаар хөдөлдөг кнопны хүүхэлдэй” болж хувирах, ард түмний эрх ашгийг бус ард түмний нэр барьж “олигархи бүлэглэлийн кноп дарах хурууны үзүүр”болох аюул УИХ-ын гишүүдийг отож байхад манай “эрхэм”-үүд маань таг дуугүй суусаар л…
Ямар нэгэн эсэргүүцэл, шүүмжлэл гардаггүй, бүх асуудлыг 100 хувь гар өргөж баталдаг парламенттай, ажлаа хийхгүй, улс орноо олигтой өөд татахгүй байсан ч огцордоггүй Засгийн газартай, хориг тавьдаггүй, амиа аргацаадаг, аядуу зөөлөн Ерөнхийлөгчтэй төрийн тогтолцоотой болчихвол бид 1990 оноос өмнөх “социализм” руугаа ухрах, чичлээд, шоолоод байдаг Хойд Солонгос, нэг хүнээс үлэмж хамааралтай өмнөд, хойд хоёр хөршөөсөө огт ялгарахгүй дэглэм рүү гулсан орох ирээдүй тун ойрхон харагдаад байна.
“Тагтаа хөөрхөн, тагтаа номхон, дандаа олуулаа, дандаа тайван” хэмээх дуу зохиож дуулдаг байсан социализмын үеийн сэтгэлгээ, арга барил өнөөгийн Монголын ард түмэн, залуу үед тохирохгүй нь тодорхой. Ард түмэн үргэлж номхон “тагтаа” байхаа аль хэдийн больсон. Харин уудам саруул нутгийнхаа цэлмэг хөх тэнгэрт дүүлэн нисэгч, эрх чөлөөт “бүргэд”-үүд болсон. Сайн ч, муу ч, өнгөрсөн 30 жил ард түмнийг маань эрс өөрчилж, “тагтаа”-наас “бүргэд” болгож хувиргасан.
Хэдэн олигархи өөрсдийнхөө эрх мэдлийг наймаалцах нь жижиг асуудал. Харин ард түмний төрөө хянах эрхэд халдана гэдэг бол байж болшгүй, ихээхэн том асуудал! Ард түмэн хүссэн үедээ, сонгосон аль ч төлөөллөө огцруулах, тэдэнтэй хариуцлага тооцох эрхтэй байх ёстой.
Ард түмний шууд төлөөлөл болсон Ардын Их Хурал, хууль тогтоох мэргэжлийн байгууллага буюу Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай парламентын тогтолцоо л үүнийг хэрэгжүүлэх боломжит ганц хувилбар юм.
Ардын Их Хурал нь жилд хоёр удаа хуралдаж, хууль тогтоох байгууллагынхаа үр дүнг хэлэлцээд хэрэгтэй бол зарим гишүүдийг эргүүлэн татдаг, Улсын Бага хурлаа тараадаг байх нь зүйд нийцнэ. Ингэвэл, хууль тогтоох байгууллага ч илүү мэргэжлийн, хариуцлагатай байх боломж бүрдэнэ.
Үнэхээр төрийн эрх мэдэл ард түмний гарт байх юм бол Ерөнхийлөгч ч бас Улсын Бага хуралд л хориг тавьдаг байг! Ерөнхий сайд Ардын Их Хуралд ажлаа тайлагнаг! Ард түмний шууд төлөөллөөс бүрдсэн Ардын Их Хуралд харин хэн ч хориг тавих эрхгүй байх болов уу.
Үндсэн хуулийн амин сүнс болсон мөнөөх “Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна” гэсэн заалтыг Улсын Их Хурлын ажлын хэсэг ойлгосонгүй юу, эсвэл үл ойшоож, зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийг хэмжээ хязгааргүй нэмэхээр зүтгэж байна.
Ингэснээрээ тэд өөрсдийн эрх мэдлийг нэмж, хориггүй болно гэж ойлгосон ч үнэндээ бол төрийн дээр улс төрийн намыг гаргаж улам бүр залснаар улс үндэсний эрх ашгаас улс төрийн нам дагасан олигархи бүлэглэлийн эрх ашгийг илүүд үзэж байгаагаа тун тодорхой харуулжээ.
Энэ бүгдээс үзвэл, “энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйд нийцэх үү, тэдэнд ийм эрх бий юу?” гэсэн маш том асуулт урган гарна.
Олонхийн бүлэг нь саяхан нь л хоёр хуваагдаж, нэг нь “олигархийн” төлөөлөл, нөгөө нь “ардын” төлөөлөл болж талцсан биш бил үү? Эвлэрэхээргүй хагарч цуураагүйсэн биш бил үү? Хэдий завандаа, ямар эрх ашиг нь хатгахаараа “Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийн ийм дампуу хувилбарын төлөө нэгдэж нийлээд, ханцуй шамлан ороотхов? Гайхмаар үзэгдэл биш гэж үү?
“Улс төрийн нам мандтугай!” гэж монгол даяараа ёслох уу, “Хар гэртээ хаан, Бор гэртээ богд” гэсэн зарчим, эрх чөлөөтэйгээ байх уу гэдгээ одоо шийдэх цаг нь мөнөөс мөн. “Улс төрийн нам” гэдэг бол үзэл бодлын ойролцоо нөхдүүд нэгдэн нийлж, улс үндэстнийхээ төлөө, ард түмнийхээ язгуур эрх, эрх чөлөөг хангахын төлөө арга ухаанаа уралдуулахын нэр. Төрсөн нутаг, төрүүлсэн аав ээж, Та биднийг нэгтгэх “улс гэр”-ээс минь илүү үнэ цэнэтэй субьект огтхон ч биш!
Тагтаа болж амьдрах уу, бүргэд хэвээр үлдэх үү гэдгээ Та бид сонгох ёстой, үүнийхээ төлөө дуугарах ёстой. Манай “эрхэм”-үүд үнэхээр л эгэл ардын нэг хэсэг нь, бидэнтэй агаар нэг, үлдэх үртэй хорвоод л амьдарч буй юм бол “ард түмнийхээ талд”, “ард түмнийхээ төлөө” асуудлыг харж, алсаа харж шийдэх ёстой.
Хоёр танхимтай парламентын тогтолцооноос өөр гарц байхгүй!
Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлтэйгээ зууралдаж үлдэх, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж ирсэн дур хүслээ хадгалж үлдэх гэсэн дур тачаалд нь л “энэхүү нэмэлт өөрчлөлт”-ийн гол зангилаа оршиж байна!
Ард түмэнд заяагдсан “Төрөө байгуулах, төр барих онцгой эрх мэдэл” нь улам л алсарсаар…
Монгол Улсын эгэл ард
Доржийн Гансэлэм
2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр