Үндсэн хуулийн шинэчлэх багийг бүрдүүлсэн хийгээд Ш.Батхүүгийн хөрөнгийг АТГ-аас битүүмжилсэн долоо хоног


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 98.4 хувийн саналаар үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжиж, мөн Засгийн газраас зарим концессын гэрээг цуцалсан, АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийг битүүмжилж, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сэжигтнээр татсан гээд үйл явдал дүүрэн өнгөрлөө. 
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 98.4 хувиар хэлэлцэхийг дэмжлээ
Өнгөрсөн мягмар гаригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дууссан. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. 
Маргааш нь буюу лхагва гаригт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дээрх тогтоолыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон билээ. 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар лам нар ном хурж, сан тавив
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох жагсаал ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал байв. "ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ийхөн ХЗДХ-ийн сайдыг огцруулахаар өнгөрсөн долоо хоногт 2-3 удаа Төрийн ордны гадаа жагсав. 
Эхний жагсаалаараа МУ-ын Засгийн газар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Шаардлагадаа өнөөдрийн харгис, хэрцгий, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бузар булай нийгэм бий болоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буруутай. Иймээс хариуцлага тооцож, сайдын суудлаас нь яаралтай огцруулахыг дурдсан юм. Мөн Төрийн ордон доторх бузар булай, муу муухай бүхнийг арилгуулна хэмээн Лувсанпэрэнлэй хийдийн лам хуваргуудыг Төрийн ордны гадаа залж ном хуран, сан тавиулсан юм. 
Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан хэргээр хуулийнханд шалгагдаж байгаа “Жаст”–ын Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг АТГ-ынхан битүүмжилснээр Засгийн газар хохирлоо нөхөн төлүүлэх боломж бүрдэв. 
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх." гэсэн юм.
Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийдэх юм байна. 
Ингэхдээ АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа Засгийн газрын зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандах аж. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгохоор болжээ. 
Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа
Энэ сарын 5-нд Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч компани, аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнээ буулгах үүрэг даалгавар өгсөн байгаа билээ. Тэгвэл өгсөн үүрэг даалгавар хэр хэрэгжиж биеэлсэн талаар энэ сарын 15-нд шалгасан байна. Шатахуун импортлогчдыг 100-200 төгрөгөөр үнээ бууруулахыг шаардсан бол тэд 50 төгрөгөөр үнээ бууруулсан байна. 
Гэхдээ 50 төгрөг хангалтгүй, 500 төгрөгөөр бууруулсан мэт сүржигнэж, шатахууны үнэ буурлаа гэх мэдээлэл хийх нь зохимжгүй хэмээн ард иргэд шүүмжилж байна.
 
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сэжигтнээр татаж, цагдан хориод суллав
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг энэ сарын 20-ны орой  23.00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. 
Тодруулбал, түүнийг АТГ-аас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан баривчилсан юм. 
Гэвч шүүхээс Авлигатай тэнцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм. 
Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байхдаа оргон зайлсан С.Төмөрийг баривчлав
Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан С.Төмөр гэх этгээд нь энэ сарын 19-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас оргов. Эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсанаар энэ сарын 21-ний өдрийн үүрийн 06.00 цагийн үед Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан байна. 
Өдгөө Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс түүнийг шалгаж байгаа юм байна. 
С.Төмөр нь 11 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдан 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан аж. 
С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн гэдгийг албаныхан онцлоод байсан билээ. 
Одоо түүний шалгагдаж байгаа зүйл анги дээр мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх зүйл анги мөн нэмэгдэж, ял нь хүндрэх юм. 
Б.Аз
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан