Хавдрын эмнэлэг бүслэлтээс гарах уу


Хавдрын эмнэлгийг “Нарантуул 2” гэж егөөдөх нь бий. Өдөржин хөл хөдөлгөөн тасрахгүй “буцалж, бужигнадаг” болохоор нь тийнхүү адилтгасан байх. Гэхдээ орж, гарах хүний тоогоороо дүйцэж мэдэх ч, орц, гарцынхаа хувьд бол ёстой хавьтах ч үгүй. “Нарантуул” руу урд, хойд, баруун, зүүн гээд дуртай зүгээс орж, гарах боломжтой. Харин Хавдрын эмнэлэг рүү ороход ч, гарахад ч ганцхан хэсгээр зүтгүүлдэг зүдэргээнтэй. Амины, албаны, яаралтай тусламжийн, эмнэлгийн машинууд, өвчиндөө шаналсан хүмүүс, тэдний асран хамгаалагч нар гээд хэн, юу байхаас үл хамааран тэр л хэсэгт овоорч, оволзоно. Монгол Улсын онцгой объектын нэг Хавдар судлалын үндэсний төвийн гаднах дүр зураг ийм байдалтай болоод олон жил өнгөрч байна. Шаварт унасан шарын эзэн гэгчээр энэ эмнэлгийнхэн л үүнд санаа зовж, шат шатны дарга нарт учирлан, ийш тийш нь мэдээлж, яг л чихэр горьддог хүүхэд шиг “Хэн энэ байдлыг ойлгох бол” гэж хүлээсээр. Үүнийг шийдэх ёстой дарга, мэргэжилтэн, албаныхан нь харин юу ч “мэдэхгүй” суусаар.

Улсын хэмжээнд үйлчилдэг ХСҮТ-ийн барилга байгууламж 1980-аад оных учраас өнөөдрийн нөхцөл байдалд даац нь хэтэрснийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Үүний зэрэгцээ монголчуудын дунд хавдрын өвчлөл их, хүн амын тоо өссөн зэрэг шалтгааны улмаас тус эмнэлэгт өдөр бүр “бөөгнөрөл” үүсдэг. Гэтэл ийм нөхцөл байдлыг засаж, залруулах талаар чин сэтгэлээсээ дуугарах албан тушаалтан алга. Хавдрын эмнэлэг хувь хүн, албан байгууллага, СӨХ-ны гэхчлэн олон эзний бүслэлтэд орчихоод, орц, гарцаа тэлэх, шинээр гаргах боломжгүй таг гацчихаад хэдэн жил болж байгааг мэдэх үү, төрийн гурван өндөрлөг өө, хотын удирдлага аа. 
Монголын гурван сая хүн амын 15 000 гаруй нь хорт хавдартай гэж оношлогджээ. Тэднээс 5000 гаруй нь жил бүр нүд аньж байна. Үүнээс ч олон хүн хорт хавдартайгаа оношлуулан мэдэж байгаа нь мөн л ганцхан жилийн хугацааны статистик. Хүн амын дундах хорт хавдрын хэд хэдэн тохиолдол, түүнээс шалтгаалсан нас баралтаараа энэ улс дэлхийд толгой цохиж явааг гурав өндөрлөг маань бас л мэдэхгүй л байх даа. Өнгөрсөн оны эхний хагаст Монголд хавдрын тохиолдол 7000 гаруй бүртгэгджээ. Ийм айхтар нөхцөл байдал үүсчихээд байгаа учраас л “Өнөөдөр” сонин ХСҮТ-ийн талаар байнга дуугарч буй. Бид энэ удаа тус эмнэлгийн орц, гарцын талаар дарга нарын чихнээс дахин хонх уяхаар шийдлээ.
Жил болгон шахам л зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар ярьдаг. Сүүлийн хэдэн жилд илүү идэвхтэй дуугарч, энд тэнд ганц, хоёр ажил хийж байх шиг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газрын албанаас ийм, тийм ажил хийлээ л гэх. Мээрийн баталсан “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээ” гэсэн гоё үгтэй захирамж ч бий. Үүний дагуу авто замын орц, гарц, явган зорчигчийн замыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй баригдсан хайс, хашаа нураах, эзэмшил газрынхаа “хилийг” тэлсэн тохиолдолд буулгах ажил зохион байгуулахдаа иргэдийн санал хүсэлт, гомдлыг харгалздаг л гэдэг. Тэгтэл ХСҮТ-ийн орц, гарцын тухай иргэд, байгууллага, хэвлэл мэдээллийнхэн өчнөөн жил дуугарч, санал хүсэлтээ хүргүүлээд л байдаг. Гарт баригдаж, нүдэнд харагдах дорвитой арга хэмжээ авсныг нь мэдэхгүй юм. Албаныхан газар дээр нь очиж танилцлаа гэж хааяахан дуулдаад л усанд хаясан чулуу шиг сураг тасардаг жишигтэй болсныг харин мэдэх юм байна.
Олон улсын жишгээр бол том эмнэлгүүд онгоц буух талбайтай, 3-4 талаасаа орц, гарцтай байх ёстой. Тэгж байж л шуурхай үйлчлэх талаар ярих нь зүйн хэрэг. Гэтэл Монголын том эмнэлгүүдийн “бөөрөнд” иргэдийн гараашаас эхлээд хашаа, хайс, байшин барилга наалдаастай. ХСҮТ-ийн эргэн тойронд ч ялгаагүй.
Тус эмнэлгийн зүүн талд автобусны зогсоол бий. 14 чиглэлийн 110 автобус дайран өнгөрдөг тул зогсоолын байршлыг солих боломжгүй гэсэн хариуг нийслэлийн Тээврийн газраас өгсөн учраас ХСҮТ энэ талаар ам нээх эрхгүй болсон. Уг зогсоолтой нэг эгнээнд, ХСҮТ-ийн “бөөрөнд” “Арина” гэсэн хаягтай цахилгаан барааны дэлгүүр бий. Энэ талыг олон жилийн турш том чингэлэг “манасан”. Өдгөө ч байгаа тэр төмөр “авдрыг” уг нь нэг удаа албадан, нүүлгэсэн ч удалгүй “буцаад иржээ”. Өнөөдөр тэр хэсгийг хэн нэгэн техникээр ухаж, ямар нэгэн ажил хийж эхэлсэн нь илт. Энэ талаар ХСҮТ-ийнхөн ч хэлж байлаа. Уг нь тэр хэсэгт эмнэлгийн орц, гарц гаргах боломжтой. Зөвхөн тэр ч биш, урагшаа, баруун тийшээ ч “сэтлэн” орц, гарцаа нэмэгдүүлэх боломжийг тус эмнэлгийнхэн судалсан юм билээ. Тэгтэл “Арина”-тай хэсэгт зам гаргах боломжгүй болжээ. Учир нь хувийн өмчид халдсан хэргээр хуулийн хариуцлага үүрэх нигууртай юм гэнэ.
Хавдрын яаралтай тусламжийн тасаг буюу хүлээн авах нь ертөнцийн зүгээр баруун талдаа бий. Тэндээс уг нь урагшаа авто зам руу шууд гарах боломжтой. Бүх машиныг бус, зөвхөн эмнэлгийн болон түргэнийхнийг түүгээр зорчуулбал ачаалал асар их буурах боломжтой гэдгийг ХСҮТ-ийнхөн холбогдох газруудад нь удаа дараа уламжилж иржээ. Тэр гарцыг таглан “Шинэ зуун” хотхон баригдсан нь 10 жилийн өмнө. Хотхоны оршин суугчид, СӨХ-ныхон гэж нийслэлийн удирдлагаас ч давсан “эрх мэдэлтэй”, занхар толгойтой. Тэд нийтийн эзэмшлийн талбайд дураараа хашаа хатгаж, зорчих хэсгийг хаасан. Мэргэжлийн хяналтын газрынхан нь зөвшөөрөлгүй босгосон хашаа гэдгийг тогтоож, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас орц, гарц гаргах асуудлыг шийдвэрлэхийг Газрын албандаа даалгасан байтал өнөөдөр байдал хэвээр л. Аргаа бараад Хавдрын эмнэлгийнхэн хотхоны СӨХ-той зөвшилцөх гэж хэдэнтээ үзсэн ч амжилт олоогүй. Ойлголцох нь бүү хэл, өнгөрсөн онд бөөн хэрүүл, тэмцэл болжээ. Үүнд оршин суугчдыг буруутгах аргагүй ч нөгөө талаас харахад амьдрал нь цаг хугацаагаар хэмжигдэхэд хүрсэн өвчтөнүүдэд үйлчилдэг эмнэлгийн байгууллагынхныг өмөөрөхөөс аргагүй.
ХСҮТ-ийн “бөөрөнд” орон сууц барих болсон нь 2006 оноос эхтэй гэж болно. Тухайн үеийн мээр Ц.Батбаяр 2006 онд “Барилга корпорац” компанид ХСҮТ-ийн газраас өгөхөөр 184 тоот захирамж гаргасан. Дараа нь Г.Мөнхбаяр нийслэлийг удирдаж байхдаа 2009 онд 380 тоот захирамжаараа “Барилга корпорац”-ын эзэмшиж байсан 2635 ам метр газрыг “Жигүүр гранд” компанид шилжүүлснээр “Шинэ зуун” хотхон боссон аж. Энэ мэт шалтгаанаар ХСҮТ орц, гарцаа нэмэгдүүлэх боломж нь хаагдсаар ирсэн. Ийм нөхцөл байдал үүссэн гол шалтгаан нь ердөө л замбараагүй газар олголт, задгай байгаатай холбоотой.
ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэх боломж болон энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа шалтгаан юу болохыг албаны хүмүүсээс асуусаар яваад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан “дээр” буув. Тус газрын орлогч дарга Д.Нямдаваагаас энэ талаар тодрууллаа.
-Хотын даргын захирамжийн дагуу хууль бус хашаа, хайс, гараашийг албадан буулгаж болдгийг нийслэлийн иргэд сүүлийн үед харж, мэдэрч байна. Харин энэ захирамж, үйл ажиллагаанаас “гээгддэг” нэг газар нь ХСҮТ гэхэд хилсдэхгүй болов уу. Тус эмнэлгийн орц, гарцуудыг хаасан орон сууц, дэлгүүр, хашаа, чингэлэг зэргийг албадан буулгах боломжгүй юм уу. Уг нь эл асуудлыг шийдчихвэл эмнэлэг 2-3 орц, гарцтай болох боломжтой. Холбогдох албаных нь шийдвэр гарчихсан хэрнээ албадан буулгах ажил нь хийгдэхгүй удаад байгаагийн шалтгаан юу бол?
-Тус эмнэлгийн зүүн талд байрлах “Арина” дэлгүүрийн хажуугаар буюу хоёр байрны дундуур сантехникийн шугам, хоолой явдаг. Түүнийг нь тус компани эзэмшдэг, нийслэлийн Засаг даргын захирамжаар. Тэр компанийнхантай зөвшилцөөд тухайн хэсэгт орц, гарц гаргах, ингэхдээ нөхөн олговор олгоод тэр газрыг нь буцааж авах ёстой. Гэвч тухайн иргэн өч төчнөөн хөрөнгө, мөнгө зарсан, зөвшилцөх боломжгүй гээд байгаа. Тиймээс энэ хувилбар боломжгүй учраас өөр хоёр байршилд орц, гарц гаргах боломжийг судалсан. Нэгийг нь эмнэлгийн баруун урд талд барьсан “Шинэ зуун” хотхоны орон сууцны хажуугаар гаргахаар төлөвлөсний дагуу бид газрыг нь чөлөөлсөн боловч СӨХ, оршин суугчид эсэргүүцсэн. Ингээд хашаагаа дахин барьсан. Тэр газрыг бид цаашид ямар нэгэн байдлаар чөлөөлнө. СӨХ-ны дээд зөвлөлд бид албан бичгээ энэ оны эхээр хүргүүлсэн. Нөгөө нэг хувилбар нь хоёр эгнээ гарааш бүхий газрыг чөлөөлж, орц, гарц гаргах. Үүнд мөн л нөхөн олговрын асуудал яригдана.
-Нийтийн эзэмшлийн сантехникийн шугам сүлжээ бүхий газар дээр хувийн хэвшлийнхэнд газар олгосон нь хууль зөрчсөн хэрэг биш үү?
-Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт 2003 оноос яригдаж эхэлсэн. Тэгэхээр энэ газруудыг түүнээс өмнө олгочихсон учраас огт зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн гэж үзэж болохгүй.
-“Арина” зөвшилцөхгүй гэжээ. Нөгөөх СӨХ нь албадан чөлөөлсөн газар дээр удаа дараа хашаа босгожээ. Төр захиргааны болон хууль, шүүхийн байгууллагын шийдвэр нь гарчихсан, нөгөөтээгүүр, улсын онцгой объект шүү дээ, ХСҮТ. Тэгэхээр эргэн тойронд нь байгаа элдэв барилга, гарааш зэргийг албадан буулгаж болохгүй гэж үү?
-Онцгой объекттой холбоотой гээд албадан буулгачихвал бид хувийн өмчид халдсан хэргээр шүүхэд татагдана. Нөгөөтээгүүр, 1999 оны нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу баригдсан нэгдсэн гараашуудыг зөвшөөрөлгүй гэж үзэх үндэс байхгүй. Ямартай ч бид холбогдох хувь хүн, компаниудад нь мэдэгдлээ хүргүүлээд, зөвшилцөх хугацаа гэж явсаар цаг алдсан. Хүчээр зохицуулна гэвэл энэ мэт маргаанаас болоод сунжраад л явах магадлалтай. Нийслэлийн Засаг даргын Зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний захирамжийн хүрээнд ХСҮТ-ийн орц, гарцын ажлууд багтсан байгаа.
-Тус эмнэлгийн орц, гарцыг хоёр газарт шийдэх боломжтой гэлээ. Газрыг нь яг хэзээ чөлөөлөх боломжтой юм бэ. Тодорхой хугацаа хэлж болох уу?
-Энэ дулааны улиралд багтааж хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, есдүгээр сар хүртэл. Гэхдээ бид тэр хугацааг хүлээхгүй нийслэлийн Засаг даргын захирамжаар албадна.
-Хотын даргын захирамж гарчихсан юм уу?
-Гараагүй. Бид захирамжийн төсөл бэлтгэж байна. Бэлэн болсны дараа мэдэгдлээ хүргүүлээд, заасан хугацаанд биелүүлэхгүй бол албадан буулгана.
-Нийслэлийн Засаг даргад төслөө уламжилна гэлээ. Түүний дараа шийдвэрийг нь хүлээнэ. Ингэж шат дараалж явсаар албадан буулгана. Энэ бүх үйл явц таны хэлсэнчлэн ирэх намар хүртэл амжих уу. Өөрөөр хэлбэл, энэ зундаа багтаагаад, эцсийн хугацаа ирэх намар гэхэд ХСҮТ-ийн орц, гарцыг тагласан хашаа, гарааш зэргийг албадан буулгаад, дараагийн ажлаа эхэлнэ гэж ойлгож болох уу?
-Энэ хугацаанд багтаана.
Албаны хүний үг ийм байна. “Мэдэхгүй” үг гэдэг мянган асуултын таглаа гэдэгчлэн “Бид энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Удахгүй болно, бүтнэ” гэсэн үе үеийн мэргэжилтэн, албаны хүмүүсийн амлалт ХСҮТ-ийн орц, гарцны “таглаа”-г өдий хүртэл шийдэж чадаагүй л байна. Ямартай ч Д.Нямдаваа даргын хэлснээр, хэдхэн сарын дараа буюу энэ намар гэхэд Хавдрын эмнэлэг ганц биш, 2-3 орц, гарцтай болох боломж бүрдэх нь.



скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан