Эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн хэлсэн авлигаас сэргийлэх онцлох 10 эшлэл


“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.  Манай сонин /2019-05-27/-ны дугаарын зочин Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн авлигаас сэргийлэх талаар хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Олон улсын байгууллага, шинжээчид, судлаачдын үзэж байгаагаар авлигатай тэмцэхэд хамгийн чухал түлхэц өгдөг зүйл нь улс төрийн хүсэл эрмэлзэл байдаг. Улстөрчид наанаа авлигатай тэмцэнэ гэж ярьчихаад цаанаа түүнийхээ эсрэг зүйл хийгээд байдаг.  Аль ч улс оронд улс төрийн хүсэл эрмэлзэл байвал авлигатай хангалттай тэмцэж чадна.


-Өнгөрсөн аравдугаар сард болсон авлигын олон улсын конференцоор дэлхий нийтэд явагдаж буй  хөрөнгө оруулалтыг 10 ам.доллар гэж үзвэл нэг ам.доллар нь л зорилтот бүлэгтээ буюу хэрэгцээтэй хүмүүст очиж байна. Бусад есөн ам.доллар нь хууль бусаар буюу замаасаа алга болж байгааг ярьсан. Тиймээс бид үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай.


-Ихэвчлэн авлигын хор уршгийг мөнгөөр илэрхийлж яриад байдаг. Гэтэл авлигын улмаас алдагдсан, хулгайлагдсан боломж, ирээдүйд бий болох байсан зүйлсийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм. Хулгайд сая төгрөгийн эд зүйлээ алдахад хүнд шууд хохирол учруулдаг бол авлигын гэмт хэрэг мөнгөөр илэрхийлэх боломжгүй их хор хөнөөлийг учруулдаг.


-Олон тэрбумаар нь завшсан албан тушаалтнуудын хажууд эмч, гааль татварын албан хаагчдын хахуульд авсан мөнгө бага учир хохирол бага гэж ойлгоод байдаг. Гэтэл үүний цаана эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт зөв явагдахгүй, хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөө авч чадахгүйгээс болж олон хүн цаг хугацаандаа үзлэг шинжилгээндээ хамрагдаж эмчилгээ хийлгэж чадахгүй.Чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн хил гаалиар нэвтэрч, төсөвт орох ёстой татвар орохгүй нөхцөл байдал үүсдэг.


-Авлига гарахад юу нөлөөлж байгаа, яагаад урьдчилан сэргийлж таслан зогсоохгүй байна вэ гэдэг нь бидний ойлголттой холбоотой. Хууль бус зүйлийг харсан, мэдсэн ч шаардлага тавьдаггүй. Авлигатай тэмцэх, цаашид гаргахгүйн тулд хамгийн түрүүнд ёс суртахууны талаар ярих ёстой. Ер нь авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хязгаарлахын тулд эхний ээлжинд өөрсдөө оролцоотой, хяналт, мэдлэгтэй байх хэрэгтэй.


-Монголчууд нийгмээс нийгэмд шилжих явцдаа үнэт зүйлээ гээж байна.Материаллаг зүйл, хөрөнгө чинээгээрээ гайхуулж, түүнийгээ сайхан амьдралын туйл гэх үзэл хандлага ихэссэн. Жишээлбэл, албан ёсны хөрөнгө орлогын мэдүүлэг, бодит байдалд ажлаа дийлэхгүй, цалин нь хүрэлцэхгүй дундаж амьдралтай төрийн албан хаагчийн дүр төрхтэй хэрнээ цаанаа хууль бусаар олж авсан их хөрөнгөтэй хүмүүс байна. Тансаг загварын байшин, том машинууд нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байх жишээний.


-Эцсийн дүндээ гоё сайхан, утга учиртай амьдрахын мөнгөөр илэрхийлэгдэхгүй үнэт зүйлс бий. Эрүүл саруул, элэг бүтэн, өвчин зовлонгүй, хүнд дэмтэй, нэр төртэй байхын утга учрыг материаллаг зүйлээр хэмжээд эхлэхээр дараа дараагийн ирээдүй хойч үе ийм л үлгэр дуурайлал авна. Жишээ нь, тавдугаар ангийн хүүхэд дарга болохын тулд ангийнхандаа 1000 төгрөг өгч байгаа нь бид ямар үлгэр дуурайлал үзүүлж байгааг л харуулж байна.


-Авлига миний асуудал биш. Эсвэл үүний төлөө хэн нэгэн тэмцэх байх, надаас өөр хүн хэлэх байх гэсэн үзэл хандлагаасаа татгалзаж хууль бус зүйлийг илрүүлж, таслан зогсоож, мэдээлж байх ёстой. Нийгмээрээ зөв шаардлага тавих юм бол хууль бус үйлдэл хийж байгаа хүмүүс аяндаа шахагдана.


-Дэлхийн улс орнууд боловсролын тогтолцоогоороо дамжуулж зөв төлөвшил, хүмүүжил ёс суртахуунтай иргэнийг бэлтгэж байна. Гэтэл манайд эцэг, эхчүүд, салбар нь ч тэр аль  аль нь академик боловсролд нь анхаардаг. Хүүхдээ математикч юм уу мундаг гадаад хэлтэй хүн болгохыг зорьж байгаагаас биш хүүхэд ирээдүйд хэн болж төлөвшиж буйг орхигдуулж байна.


– АТГ-аас хүлээсэн, итгэсэн нийгмийн хүлээлт их байна. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад 170 хүн ажиллаж байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол мөнгө, эрх мэдлээ хамгаалах хүсэл сонирхол бүхий хүмүүстэй тэмцэж байгаа үйл ажиллагаа. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцсэн хамгийн үр дүнтэй жишээ бол АТГ-ыг олон нийт нь дэмждэг, итгэл хүлээлгэдэг, хамгаалдаг байвал үйл ажиллагаа нь амжилттай явдаг туршлага бий. АТГ-аас мөрдөн шалгасан хэргийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэрэгт холбогдож шалгагдсан этгээдийн тоо 2.6 дахин, эрүүгийн хэрэг 4.8 дахин өссөн xхүн хүч хэвээрээ.


-Авлигатай тэмцэхэд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, Гүрж, Эстони  зэрэг манайхтай төстэй нөхцөлд байсан улс орнуудаас харахад цахим засаглалаар бүх асуудлаа шийдвэрлэсэн. Ямар нэг хүндрэлгүй, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болчихоор заавал хахуулиар асуудлыг шийдэх шаардлагагүй.


С.УЯНГА
ЗУУНЫ МЭДЭЭскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан