Босч, суухаа хүртэл хуульчилж байхаар тарвал яасан юм бэ?


Дэгийн тухай хуульд өнгөрсөн аравдугаар сард өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болов. Энэхүү төхөөрөмжид 600 гаруй сая төгрөг төсөвлөн, гишүүдийн ширээ болгон дээр суурилуулсан байдаг.  Ингэхдээ УИХ-ын гишүүний сахилга бат, хариуцлагыг сайжруулна хэмээн хуулийн төсөлдөө заасан. Гэвч хаврын чуулганы хүрээнд сайжирсан зүйлгүй, гишүүд нь хуралдаанаа тасалсан хэвээрээ л байна.  Өчигдөр гэхэд чуулганы хуралдаан дөнгөж 60 гаруй хувийн ирцтэй л эхэлсэн.
Ийнхүү парламентын гишүүд нь засарсан зүйлгүй байтал дахин өөрсдөдөө зориулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Мөнхзаяа нар УИХ-ын даргад өргөн барилаа. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж батлахаар тусгажээ.
Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөл нэлээд инээдтэй.  Тодруулбал,  “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэсэн заалт төсөлд суулгаж өгсөн байгаа юм.  Тэгэхээр тэд үг хэлэх дараалалд зогсч байгаад нэг нэгээрээ индэрт гарах нь. Ингэж парламентынхаа  нэр хүндийг улам л унагаж байна. Энэ парламентад өөрсдийгөө босч, суухыг хуульчлахаас илүү хэлэлцэх чухал асуудал байхгүй юм байх даа.
Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал олон байна.  АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлт зэргээс эхлээд эдийн засаг нийгмийн салбар руу чиглэсэн олон асуудал парламент дээр гацсан хүлээгдэж байна.  Тэр бүхнийг шуурхай  шийдэхгүй атлаа ийм жижиг асуудлаар өөрсдөдөө зориулсан хууль баталж, парламентын танхимаа юу ч биш болгож яаж чадаж байна аа.
Саяхныг хүртэл парламентыг тараах уриалга нэлээд өндөрт яригдаж байсан.  Өөрсдийгөө босч суухыг хүртэл хуульчилж суухаар тарчихмаар юм даа яршиг.
 
…УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх;
 
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан