Философич С.Молор-Эрдэнэтэй Майн баярын учир утгын талаар товч ярилцлаа.
-Жил бүрийн 5-р сарын 1-нийг Майн баяр гэж тэмдэглэдэг. Энэ баярын түүхийг ярьж өгөөч?
-Майн баяр гэдэг нь ажил хийж, хөдөлмөрлөж, бүтээдэг хүмүүсийн олон улсын баярын өдөр.
Феодалийн нийгэм дуусч, аж үйлдвэрийн нийгэм эхэлснээс эхлэлтэй. 16-20 –р зууны үед энгийн хүмүүс, үйлдвэрийн ажилчид баячууд, хөрөнгөтнүүдийн ажлыг хийж байхдаа феодалийн нийгэмд боол болон дарлагддаг байсан чанар нь аж үйлдвэрийн нийгэм рүү орохдоо ч хэвээр, хөлсний ажилчид болж л хувирсан. Ингэж хүнийг олон цагаар ажиллуулж, амрах цаггүй, эрүүл мэндгүй болгож байгааг Карл Маркс шүүмжтэйгээр харсан. Энэ хүн Фридрих Энгельстэй нийлж “Коммунист Намын Тунхаг Бичиг” номыг бичжээ.
Номын цаад зорилго бол энгийн иргэн хүнийг өдрийн найман цаг ажиллуулах ёстой гэсэн нэгдүгээр онол.
Хоёрдугаарт, хүн цалин авч байгаа бол амьдралд нь хүрэлцээтэй байх ёстой гэсэн хоёр том асуудлыг бичсэн. Хөрөнгөтнүүд яагаад баяждаг вэ гэвэл ажилчдыг илүү цагаар ажиллуулж дундаас нь мөнгө унагадаг. Амралтын мөнгийг нь хасна, эрүүл мэндийг нь устгасна, цэвэр ажлын мал шиг болгоно.
Эрүүл мэндийн даатгалыг нь төлдөггүй зэргээр хөрөнгөтнүүд гарч ирдгийг тунхаг бичгээр гаргаж ирсэн. Үүнийг дагаад Латин Америк, Англи, ялангуяа Америкт 5-р сарын 1-нийг хөдөлмөрчдийн найман цагийн өдөр гэж жагсаал гаргаснаар хууль нь улс орнуудад үүсч эхэлсэн. Энэ том хуулийг Монгол оронд социализмаар хэрэгжүүлсэн. Тийм учраас Майн 1-ний өдөр талбайд ажилчдын цуглаан болдог байсан. Одоо бол устгачихсан.
-Орон орнууд Майн 1-ний баярыг яаж тэмдэглэдэг вэ?
-Герман, Бельги гээд орнуудад бол албан ёсны баяр гэж тэмдэглэдэг.
Ерөнхийдөө социализмыг хэрэгжүүлж байсан, хүмүүнлэг улсуудад тэмдэглэнэ. Монголд Майн баяр социализмын үед социалист орнуудаас орж ирсэн. Коммунист Намын Тунхагаас гаралтайгаар Олон Улсын Интернационал гэж 80-аад орны байгууллага байсан. Комминтерн гэдэг нэртэй. Америк улс хүртэл энд нь байсан. Ингэж Майн баярыг тэмдэглэх уламжлал тогтсон.
Дэлхийн сайн санаат, энэрэнгүй, хүмүүнлэг хүмүүсийн жилд ганц удаа болдог баяр. Бусад баяр ерөнхийдөө шашин эсвэл хөрөнгөтөн, баячуудын баяр. Би найман цагаар ажиллана, наймаас илүү цагаар ажилласан ч мөнгө өгөхгүй байна шүү дээ, цалин амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн хүмүүсийн гомдлоо илэрхийлсэн, уурласан, эсэргүүцсэн өдөр.
-Манайд энэ баяр яагаад устсан бэ?
-90-ээд оноос ардчилал гарч ирээд Монгол улсын аж үйлдвэр, бүтээн байгуулалтыг хувьчлал нэрийн дор устгасан. Монголчууд Майн баярыг өөрсдөө устгасан. Энэ баяраар сэхээтэн хүмүүс хамгийн их баярлах ёстой. Яагаад гэвэл цалин нь хүрдэггүй. Айхтар ажил хийж байгаа мөртлөө цалин нь хүрдэггүй. Ингээд хөдөлмөрчин, ажилчин гэж байхгүй болоод малчин, ноён гэсэн хоёрхон ангитай болсон.
-Бид өнөөдөр капитализмд амьдарч байгаа юу?
-Үгүй, аж үйлдвэрээ устгасан учраас феодализмд амьдарч байгаа.
-Социализм руу буцаж очихгүй нь ойлгомжтой биз дээ?
-Социализмын хэрэгтэй юмнуудыг нь хэрэгжүүлж, хадгалж үлдээх ёстой байсан. Социализмыг яагаад муу гээд байна гэхээр энэ баячууд, хар шар феодалуудад халтай. Харин ажлаа хийгээд явж байгаа, сэхээтэн хүмүүст хэрэгтэй. Баячууд л социализмд дургүй.
-Энэ баярыг эргэж тэмдэглэх нь зөв үү?
-Эргээд сэргээх нь мэдээж зөв. Хэрэв Монгол улсад найман цагаас илүү ажиллаад мөнгөө авч чаддаггүй хүмүүс байвал өнөөдөр Сүхбаатарын талбайд гарч ирэх ёстой. Ажиллаад л байдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй, юу ч үгүй үлддэг хүмүүс Сүхбаатарын талбайд гарч ирэх ёстой.
Ингэхдээ найман цаг л ажиллана, илүү ажиллавал цалингаа авна, шатахуун, хүнсний үнийн нэмэгдлийг дагаж цалин нэмэгдэх ёстой, амралтын өдрөөр заавал амрана, ялангуяа Ням гарагт хэн ч ажиллахгүй гэж шаардах ёстой.
Ингээд тэднийг гарч ирэхэд нь Үйлдвэрчний Эвлэл хүлээж аваад төлөөлж төртэй харьцах ёстой. Тэгсэн манайд юу хийж байгаа, хэний төлөө гэдэг нь мэдэгдэхгүй байгууллага болчихсон.
Үйлдвэрчний Эвлэл, төр, яам үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг шалгах ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуульд амьдрах эрхтэй гэж заасан. Гэхдээ манай үндсэн хууль хүнийг боддоггүй хууль л даа. Маркс хүүхдийн хөдөлмөрийг хүртэл ярьсан байдаг. Манайд бол малчины хүүхдүүд өдөр бүр хөдөлмөр хийгээд байгааг, дуртай хийж байна уу, албадуулан хийж байна уу гэдэг том асуудал. Наад талдаа малчин гэх боловч цаанаа далд хөдөлмөр байгаа.
-Үндсэн хууль яагаад өөрчлөгдөхгүй байна вэ?
-Яагаад гэвэл бид капитализм, ардчиллыг буруу ойлгочихсон. Эрх чөлөө гэдгээр дураараа, анархист гэж ойлгодог. Хүнийг боолчилж, дарлаж байгаагаа босс хүн юм чинь мундаг гэж боддог.
Нөгөөтэйгүүр хүмүүсийн амьдрал тааруу байхаар тархи нь ажилдаггүй. Хүн чинь дарлуулж, дээрэлхүүлээд, даргаасаа айгаад ирэхээрээ аяндаа оюуны чадваргүй, хонь шиг болдог. Тиймээс энэ бүх буруу ойлголт, төрийн муухай бодлогуудыг ядаж жилдээ ганц энэ баяраар шүүмжлэх ёстой. Үгүй бол бид төрөө шүтдэг феодалдаа байсаар л байх болно. Уг нь бол төрөө үргэлж шүүмжилж, гярхай нүдээр харж байх ёстой.
-Дэлхийн улс орнууд энэ баярыг тэмдэглэхээ больж байна уу?
-Бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн сонгодог капитализм устчихсан. Өнөөдрийн капитализм санхүүгийн маш аюултай капитализм. Эдийн засаг устаад, зөвхөн санхүү орж ирсэн гэсэн үг. Хөгжиж байгаа орнууд ажилчин ангиа устгаад ядуу Ази, Латин Америкийн орнууд руу үйлдвэрээ шилжүүлчихсэн. Тэгэхээр Франц, Герман оёдолчингүй болсон учраас Майн баярыг тэмдэглэхэд хэцүү болчихсон гэсэн үг. Яагаад гэвэл санхүү аж үйлдвэрийг устгасан. Үүний хамгийн том жишээ бол Англи улс. Ажилгүйдлийн тоо хамгийн их. Лондон хот Английг эзлээд авчихсан. Англид шууд Майн Баяр гэж тэмдэглэдгүй. Хэрвээ тэмдэглэвэл ажилгүйчүүд нь шууд гарч ирээд хувьсгал хийчих вий гэхээс айдаг.
Ж.Мандхай
Эх сурвалж: ikon.mn