Ядуурлыг ташуурдагч

ЯДУУРЧ, ГУЙЛГАЧИЛСАН НЬ ӨӨРӨӨС МИНЬ БОЛЛОО ГЭДЭГ МОНГОЛ ХҮН БИ ХАРААГҮЙ

Хэний ч мэдэх, хэн ч хүлээн зөвшөөрөх, нүднээ ил байгаа баримт. Би өөрөө социалист, капиталист хоёр нийгмийн бүтээгдэхүүн учраас ингэж зориглон хөндөж байна л даа. Ардчиллын дуун цуурайтсан 1990 оноос өнөөг хүртэл чилийсэн 29 жил өнгөрчээ. Гучин жил гээд ерөнхийлөөд авчихъя. Тэгвэл өнгөрсөн 30 жилд ардчилсан шинэ нийгмийн буянаар Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн, ядаж ДНБ-ээ аваад үз. Социализмын үед СССР ба социалист ах дүү орнууд нийлж, албадаж ажиллуулаад ч ДНБ тэрбум ам.доллар хүрч байгаагүй юм. Тэгвэл одоо 10 тэрбумыг хэдийн давсан. Хэрэв Ю.Цэдэнбал гуайг амилуулан босгож ирээд харуулбал юу харагдах вэ. Шиль толь болсон олон давхар барилгууд, гудамжаар дүүрэн хөлхөх барууны машинууд (нэг ч орос машин байхгүй болтлоо), Цэдэнбалын өөрийнх нь хүсээд, албадаад ч 25 сая хүрдэггүй байсан мал сүрэг нь 70 сая болчихсон. Энэ чинь хөгжил биш гэж үү.

Хувь хүн дээр аваад үз. Хувийн хувьчлагдсан нийгэм Монголд байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрсдөө л төрдөө даатгуулах гээд үхэлдээд байгаагаас бус энэ их хот, хөдөөгөөр өдөр бүр холхиж явдаг монголчууд бол бүгд л хувийнхаа ба гэр бүлийнхээ ажлыг хөөцөлдөж явдаг юм шүү дээ. Тэд бол хувийн өмчтэй, үл хөдлөх хөрөнгө болох байртай, газартай, хашаа байшинтай, малтай, машинтай, хүccэн улс руугаа аялдаг гадаад паспорттай (иргэн бүр), хүccэн гадаад орондоо ажиллаж, сурч, эмчлүүлдэг. Хөдөөнөөс хот руу дураараа шилжин ирээд ажиллаж, амьдрах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь нээлттэй. Ажлын байрууд үй түмээрээ бий болсон. Ажлын байрны зарууд өдөр тутам, цаг тутам ажиллагсдаа урин дуудаастай! Юу нь дутлаа гэхэв.

Эсрэг аргумент. Монголчууд яагаад ядуу байдаг вэ. Яагаад гурван хүний нэг нь мөнхөд ядуу гэх им тамгатай явдаг юм бэ. Гучин жил ардчилал шинэчлэл хийчихээд гуравны нэгийгээ ядуу байлгаад байдаг ямар увидас монголчуудад байна вэ. Төрийн бодлого нь уу, эсвэл ард иргэдийнх нь сайрхан яриад байдаг “монгол ухаан”­ы ид шид үү. Эсвэл нүүдлийн соёл иргэншлийнх нь XXI зууны нэг хувилбар уу.

Гучин жил ардчилал шинэчлэл хийчихээд гуравны нэгийгээ ядуу байлгаад байдаг ямар увидас монголчуудад байна вэ.

Дэлхий нийт, манай хөрш, түнш, хандивлагч бүх улс орон яг ийм асуултын өмнө тулж ирчихээд байна. Манай эх оронд иргэний дайн, гаднын зэвсэгт халдлага, шашин, угсаатны мөргөлдөөн болоогүй, өлсгөлөн, өвчин тахал, байгалийн гэнэтийн аймшигт осол гамшиг тохиогоогүй байтал ард түмэн нь ядуураад байдаг. “Увидас” гэж үүнийг л хэлэх гээд байна. Хашилтад авчихъя.

Гучин жилд гадаад улсуудаас өгсөн, тусалсан, хандивласан, зээлсэн, зээлснийг нь хүчингүй болгосон, монголчууд авч хэрэглэсэн, хэрэглэсээр байгааг нь мөнгөн дүнгээр тооцож гаргаад гурван сая хүнд нь хуваагаад үзээрэй. Нүднээ итгэмгүй тоо гарна.

Яасан бэ тэр их мөнгө? Бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, орлогын бодит өсөлт гарсан уу. Энэ их мөнгө яг хэрэг болсон уу, яагаад өсч үрждэггүй юм бэ гэх асуулт гадаадын харилцагч нараас байнга тулгаастай. Тэгэхээс тэгэх гэж хор шарандаа ядуу суугаад байдаг юм уу.

Монгол Улсын хэмжээнд 1.2 сая иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн албаны тоо байдаг ч би лав 100 хувь итгэдэггүй. Дээрээс нь би амны уншлага болгочихоор бардам хэлдэг дээ. Юу гэвэл өнгөрсөн 30 жилд ард түмнээрээ ажил хийлгэж чадсан ганц ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ганц ч Засгийн газар, ганц ч УИХ байгаагүй. Хойшид энэ янзаараа бол гарч ирэх ч үгүй. 2020 оны сонгуулийн дараа дахиад 1/3 нь ядуу, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахиад 1/3 нь ядуу, 2024 оны сонгуулийн дараа ч байдал ялгаагүй. Хэрэв нийгмийн халамжийн бодлого явуулахгүй бол тал нь ядуурахад ганцхан хуруу дутуу.

Ядууг оролцуулаад тарчиг, өртэй, мөнгөтэй хэрнээ гундуу, уур уцаартай бүх монголчуудад “Та нар буруугүй, улстөрчид л буруутай, жишээ нь тэр тэр” гээд шууд нэр заахтай зэрэг дайсан нь тодроод ядарсан ард түмэн цайрч цагаараад ял дуудаад эхэлдэг.

Өөрийнхөө сайн, мууг хүн өөрөө л үүрэх ёстой. Гэтэл монголчууд бусдад нялзаадаг араншинтэй. Ядуурч, гуйлгачилсан нь өөрөөс минь боллоо гэдэг монгол хүн би хараагүй.

Социологийн зарим судалгаагаар Монгол орон өнгөт хувьсгалын яг босгон дээр, баялгаа барж идээд өлсгөлөнд нэрвэгдсэн “Азийн Венесуэл” болохын зам дээр байна.

Ажилгүй, завтай, дэл сул  хүнд ёдрын бодол орж ирнэ гээч. Зах зухаас нь дуулгая. Өнгөрсөн 30 жилд улс төрийг авч явагсад МАНАН гэж нэг лут хаягтай болчихсон. Тэд нь Mонгол орныг тонон дээрэмдсэн. Тэдний бүх булайг Монголын ард түмэн яс махандаа хүртэл ойлгож авсан. Одоо эх орноо аврахын тулд өшөө авах, хорслоо тайлах ганцхан зам л үлдсэн хэмээн захын иргэн амны уншлага болгох нь холгүй. Цайлган цагаан ядарсан ард түмнээ мөлжиж хөлжсөн баячуудаас цусан өшөө авахыг улс төр нь бараг уриалан дууддаг гэхэд хилсдэл болохгүй. Нийтээрээ дайсны эрэлд явж байхад дайсныг нь улстөрчид нь заагаад өгчихлөө. Тэр дайсандаа дайн зарлаад дайтаад байдаг. Одоохондоо хэвлэлийн коментоор л дайтаж байна. Цаашдаа яах бол.

Социологийн зарим судалгаагаар Монгол орон өнгөт хувьсгалын яг босгон дээр, баялгаа барж идээд өлсгөлөнд нэрвэгдсэн “Азийн Венесуэл” болохын зам дээр байна. Монгол оронд өнгөт хувьсгал дэгдэнэ гэж би ёрлож байгаа юм биш. Хэзээ хэрхэн дэгдэх өдөр судрыг мэргэлдэг нь биш. Гэхдээ энэ их ядуурал, нийгмийн тэгш бус байдал, социал ялгарал, үзэн ядалт дээр ганцхан цучил хийгээд чүдэнз зурахад л гал оволзоод явчихна.

Хэрэв тэгж босч тэмцвэл манай улсын хууль хүчний байгууллагууд ёстой нэг барьц алдана. Шалтаг л хүлээгээд байгаа юм шиг надад санагддаг. Хятадуудын эсрэг албан ёсны ноцтой том зэмлэл, УИХ-аар ШХАБ-д жинхлүүлэхээр санал хураах, төрийн түшмэдийн хэн нэгэн нь жирийн иргэнд халдаад амийг нь сүйтгэчихвэл, эсвэл жагсаал цуглааныг тараах гэж хүч хэрэглэн цус урсгавал, олон хоногоор зам хаавал, гэр хорооллыг хүчээр буулгах гэвэл гэх мэт маш олон шалтаг. Хэрэв аль нэг нь л тохиовол тэсрэлт гарахад тун ойртсон мэт ёр надад буудаг. Тохироо ч бүрдсэн л дээ.

Үй олон ядуус, ноорхойчууд, өртөнгүүд нийгмийн хүч хэрэглэсэн хувьсгалын хөдөлгөгч хүч байсныг (Киргизэд хоёр удаа, Украин, Гүрж, Арабын орнуудад гэхчлэн харуулсан) манай улстөрчид огт санаж мэдрэхгүйгээр попдож байна. Өөрсдийг нь мөдхөн хөнтөрч хаяад ял дуудан шившиглэнэ гэдгийг мэдэхгүйгээр өмнөхүүдээ харлуулж яллаад, хураагаад, баривчлаад байвал цагаадна, дахиад ялчихна гэсэн бөөн итгэл сэтгэл.

Нэгэнтээ хүн амын тал нь улс төрийн эсрэг, улстөрчдийн эсрэг, 1/3 нь үгээгүй ядуу, ядуугаасаа болж хар мөртэй байх аваас төрийн ордонд суугаа, яамдад суугаа аль намын хэн ч тэдний хувьд дайсан нь. Өмнөх ба одоо гэж ялгахыг хувьсгалын хөдөлгөгч хүч хар масс хүсэхгүй.

“Улстөрчид буруутай, та нар буруугүй ээ” гээд буугаад өгөхтэй зэрэг ерөөсөө төр засгийн ажил алба ч явахаа больчихно. Төрийн бүх албан хаагчдыг бүгдийг нь хулгайч гэж үзнэ. Гудамжинд дүрэм зөрчсөн нэг приусийг цагдаа зогсоогоод торгууль бичихэд цаад жолооч учиргүй уурлан “Ядарсан ард түмнээ дээрэмдлээ” гээд бөөн хэл ам хийгээд гудамж дүүрэн хэрүүл хараал. Тэр цагдааг жолооч нар бөөрөлхөж алах дөхөж байна лээ. Бүр цагдаагийн байгууллага ч ажлаа хэвийн явуулж болохгүй болж таарлаа. Би зам дээр харснаа л бичиж байна. Цааш нь эрүүгийн гэмт хэргүүд, ялангуяа ахуйн хулгай, залилан, халаасны хулгай, дээрэм хийгчид ял сонсохтой зэрэг улстөрчид рүү буруугаа чихчихээд хэргээ хэрэгсэхгүй болгохыг шаардах юм биз. Ийм байдал үүсэхэд ганцхан хуруу үлдсэн шүү.

ГУРАВХАН САЯ ХҮНДЭЭ АХДАХААР ОЛОН ЛАМ, БӨӨ, ҮЗМЭРЧ, УДГАН, МЭРЭГЧ ТӨЛӨГЧ БАЙНА

“Та нар буруугүй ээ” гэдгийн хариуг мөн ч олон хувилбараар төсөөлж болж байна. Нэгэнтээ улстөрчид нь олигархитайгаа нийлээд гударчихсан тул цайлган цагаан ядарсан ард түмэн нь дээдсээсээ мөнгө тавьж олгохыг шаардаж, болохгүй бол дээрэмдэж авах ёстой гэхийн наагуур байна. “Ард түмэн чинь ядуу байна” гээд Ерөнхий сайд нь төрийн түшмэдээ заналхийлчихсэн тул одоо төрөөсөө мөнгө нэхээд байх нь тэр. Хураагдаж буй үй олон лицензийн сураг гарч, түүний цаана багширсан их мөнгө ядарсан ардын нүднээ буулаа.

Тараах өдөр судрыг ард иргэд нь тэсэн ядан хүлээнэ. Салхитын мөнгөний орд руу ЗГХЭГ-ын дарга нь ахлаад лиценз хураах ажиллагаа явуулж, зурагтаар баахан харуулсан. Салхитын мөнгөний ордын хураагдсан мөнгөнөөс Цагаан сарын өмнө хөгшчүүдийн тэтгэвэрт нэмж өгөхгүй юм байх даа хэмээн манай хамар хашааны нэг хөгшин ярьж байсныг би жишээлж, эрх баригчдад хүргэж байна.

Ажил хөдөлмөр эрхлэх, ажлын бүтээлээр мөнгө босгохын эсрэг, төр нь мөнгө хуримтлуулахын эсрэг зан үйл, ажил үйл Монголд дэндүү олон. Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг явдлуудыг нэрлэе.

Улс даяараа баяр ёслол тас­рахгүй, тасраахгүй янзтай. Шинэ жилээ нижгэр тэмдэглэж байна.

Ард түмнээ сэхээ авах завдалгүйгээр дуу хуур, урлаг, уран сайхнаар бөмбөгдөөд байх нь тэр.

Залгаад Цагаан сар, Мартын 8, Эр цэргийн баяр, гавьяатын найр, одонгийн найр, наадам, аймаг сумдын наадам, бүсчилсэн наадам шил дарна. Амралтын өдрүүд нь урт гэж яана. Долоо хоногоор нь амраах тохиолдол энгийн үзэгдэл. Баярлах болохоороо ядуурал нь алга болчихно. Бүх айл өрх, бүх хамт олон, ард нийтээрээ баярлана. Зурагтын дэлгэц уйдахааргүй. Ажил хэрэгч, бизнесийн, мэдээ мэдээллийн, эрдэм түгээх нэвтрүүлэг алга болчихно. Хувьдаа хөл дүүжлэх машинтай, гэр байшингаа хувьдаа авчихсан, гэртээ зурагт хөргөгчтэй, өлөн хонодоггүй ийм ард түмэн өөрсдийгөө ядуу гээд төрдөө туниад, төрөө сөхрүүлэх гээд байгааг би ямар нэг хорлол юм болов уу гэж үздэг.

Монгол орныг далдуур сөхрүүлдэг зүйлүүдийг ичихгүй нэрлээд байя. Шагналын тогтолцоо гэж нэг гаж юм Монголын нийгэм, хүн ардыг ямагт үймүүлж, талцуулж, сэтгэхүйг нь эвдэж, хийж бүтээхийг сарниулж байна. Насанд хүрсэн хүн болгон “Алтан гадас”-тай байх ёстой гэсэн мухар сүсэгт автсан. Одон медаль, цол хэргэм, өргөмжлөл, элдэв гуншин Монголын нийгмийг дарсан. Гавьяат өгөхгүй бол үхлээ гэж төрдөө туньсан 17 мянган хүний өргөдөл ЕТГ-ыг дарчихсан. Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс тооцвол гавьяат өгсөөр, сугарч хоцорсоор өгөгдөөгүй гавьяатын өргөдөл 43 мянга (нөгөө ертөнц рүү явж одсон нь маш олон) байна гэнэ лээ. Хүн амын 1/3 нь ядуу Монголын “гавьяатын гайхамшигт үлгэр” явж явж энэ. Одон медаль, цол хэргэм, өргөмжлөл хүртэхийн тулд л монгол хүн ажил хийхчээн болдог юм биш үү.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг явдлуудаас миний онилж шүүмжилдэг нэг үзэгдэл бий. Ажиллаж хөдөлмөрлөхийг нь сатааруулсан, сарниулсан, сэтгэхүйг нь олон тийш татаж үймүүлсэн шоу цэнгүүн, концерт, зугаа цэнгэл дэндүү олон, ар араасаа угсраад л. Ард түмнээ сэхээ авах завдалгүйгээр дуу хуур, урлаг, уран сайхнаар бөмбөгдөөд байх нь тэр.

Гуравхан сая хүндээ ахдахаар олон лам, бөө, үзмэрч, удган, мэрэгч төлөгч, гэгээнтэн, шидтэн, нийтийн дуучин, хошин урлагийнхан, солонгос сериал түгээгчид, сүлжээчин байна. Тэднийг дагасан нийгмийн маш том салбарууд байдаг ба тэднийг дагаж намирсан, наргисан, тойрч нягтарсан, омогшсон олон зуун мянган хөгжөөн дэмжигчтэй. Гэм нь тэр салбарууд нь Монгол Улсын сан хөмрөгт ганц ч төгрөгийн ашиг өгдөггүй, улсын төсөвт нэмэр болдоггүй. Хөгжөөн дэмжигчид нь бүтээлч хөдөлмөрийн алтан цагаа дэмий үрдэг.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг дээд боловсролын тогтолцоо ёстой нэг алж байна аа. Гадаад улсад боловсролын тог­ толцоо нь онц сургахыг (зөвхөн дүн), олимпиадад түрүүлэхийг, нийгмээрээ дээд боловсролтой болохыг дэмждэггүй. Амьдралд арчаатай, ажилч хөдөлмөрч, нийгэмч, зөв хүн байхыг сургадаг бол Монголд зах зээлийн нийгэмд өөрийгөө бэлтгэх талаар хичээл дадлага огт олгодоггүй. Хувь, хувьсгалын их дээд сургуулийнх нь тоо хэтрээд, төгсөгчдийнх нь 70 хувь ажилгүй үлддэг. Улсаараа, нийслэлээрээ дүүрэн дипломтой, эцэг эхээ мөлжсөн дээд боловсролтнууд.

Гэхдээ тэд хүссэн тушаалдаа оччихдог учраас дэлхийн боловсрол өвөртөлж ирсэн нэр төртэй залуус ой нь гутаад эргээд гадаад руугаа алга болдог гашуун түүхийг нэрлэе.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэг зүйлд бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлдэг, бэлэнчлэх сэт­ гэлгээг хөхиүлдэг практикийг нэрлэж байна. Хийж бүтээдэг гадаад улсад бол халамжийн бодлогыг онцгой тусгай шаард­ лагаар (эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэт) жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөр­ лөсөн, хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай. Гэм нь бэлэнчлэх сэтгэлгээ нийгэмд нь гүн суусан. Монголын захын иргэн төр засаг биднийг тэжээх ёстой гэсэн сэтгэлгээтэй. Халам­ жийн бодлого тийм сэтгэхүйг нь байнга хөөргөдөж өгдөг.

Монгол орныг ил бус, далдуур сөхрүүлдэгт гадаадад байгаа монголчуудаас орж ирдэг мөнгөний их урсгал орно. Солонгост дөчин хэдэн мянган монгол хүн байна хэмээн бахархалтай ярихыг бишгүйдээ сонсдог. Тэд бол дор бүрнээ Монгол дахь аав ээж, ахан дүүсээ ажил хийлгүүлэхгүйгээр тэжээн тэтгэгчид юм. Ганц Солонгос гэлтгүй ертөнцийн өнцөг булан бүрээс Монгол руу мөнгө цутгаастай. АНУ-д америк иргэнтэй гэрлэсэн монгол бүсгүй Монгол руу мөнгө илгээдгээ нөхрөөсөө тас нуучихсан, сарын цалингаа багасгаж хэлж ойлгуулчихаад банк руу нууцаар шогшоод л.

Герман, Британи, Франц... хаана л бол ийм үзэгдэл түгээмэл. Нэгэнтээ сар бүр, тогтсон хугацаанд гадаадаас мөнгөн илгээмж ирээд байх юм бол ерөөсөө ажил хийж биеэ зовоож яах юм бэ. Ард нь Монгол эх орон маань босч өндийхгүй байна гэдгийг ухаарах сөхөө байгаад ч яах юм, идэж ууж хэрэглэж л байвал.

Үүнээс гадна улс төрийн гаж тогтолцоо, олон намын систем бол чухамдаа хөгжлийн чөдөр юм. Нам дагасан хүн сүрэг нэгэнт бий болжээ. Сүргийн гишүүний мэдлэг чадвар, боловсрсол чухал биш. Гэхдээ тэд хүссэн тушаалдаа оччихдог учраас дэлхийн боловсрол өвөртөлж ирсэн нэр төртэй залуус ой нь гутаад эргээд гадаад руугаа алга болдог гашуун түүхийг нэрлэе.

Өнөөгийн Монголд популизм л хөгжөөд байгаагаас ажил хийх, ажлаа үнэнчээр хийх сонирхол иргэдийн дунд бараг үгүйтэй адил. Ерөөсөө ажил хийгээд яах юм. Улстөрчид нь мөнгө олж өгөөд байх юм бол зүгээр авч хүртчихээд, идээд, хэрэглээд, үрээд байхаас өөр яах юм. Өгөхгүй бол УИХ-д сонгохгүй, тэгэхээр өгч л таарна. Зүй тогтол нь яг ийм юм.

Судлаач  проф. Олхонуд Баярхүү   

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин       



скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан