Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Л.Болд нарын зургаан гишүүний санаачилсан Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Түр хороог байгуулах анхны зорилго нь С.Зориг агсны хэрэгт ял шийтгэгдсэн гурван иргэнийг шалгах явцад хуулийн байгууллага хүний эрх, эрх чөлөө зөрсөн эсэх асуудлаар дүгнэлт өгөх зорилготой юм. Сонирхолтой нь УИХ-ын зургаан гишүүн эрүүдэн шүүсэн асуудлаар Ц.Нямдоржийн сайд мэдээлэл хийхээс (гуравдугаар сарын 20-ны өдөр) бүр өмнө, уг хэрэг дээр прокурорын байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс (2018 оны арванхоёрдугаар сар) сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 17-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг юм байна.
Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс уг асуудлыг нэлээд эртнээс “ухаж төнхжээ” гэж хэлж болох юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч оны дөрөвдүгээр сард УИХ-ын байнгын хороон дээр “хэргийн сэжигтэн Т.Чимгээг 17 хоног усанд оруулаагүй байна, хоригдож байгаа өрөөнд нь эрэгтэй хүнийг оруулж дарамталсан байна” гэх мэт мэдээллийг хийж, эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгасан билээ.
Олзуурхууштай нь одоо Ж.Батзандан гишүүн энэ асуудалд өөрийн биеэр үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой боллоо. Учир нь Түр хорооны бүрэлдэхүүнд гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ж.Батзандан, Л.Оюун Эрдэнэ нар ажиллахаар болсон байна.
Харин гишүүн Х.Нямбаатарын хувьд “Эрүүдэн шүүсэн гэх асуудал нь тухайн хэрэгтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал. Улсын ерөнхий прокуророос эсэргүүцэл бичих, дүгнэлт гаргах ажиллагаа явагдах бөгөөд хууль зөрчиж хийсэн ажиллагааг нотлох баримтад тооцох учиргүй. Түр хороо дүгнэлтээ гаргаж, УИХ-ын мэргэжлийн байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэхээс гадна нийтэд сонсгол хийнэ. Харин түр хорооны дүгнэлт гурван шатны шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй” гэв.
Учир нь уг хэрэгт хяналт тавьсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат удаа дараа өгсөн ярилцлагадаа “Хэргийн мөрдөн шалгалтын явцад хууль бусаар хүний эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн баримт олдсон нь хэргийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Учир нь хууль, шүүхийн байгууллага энэ хэргийг хэрэгтнүүдийн өөрсдийнх нь мэдүүлгээр бус, хуульд заасан бусад нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн. Үнэндээ бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар одоо ч хүртэл хэргээ хүлээгээгүй байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.
Мөн хоёр хоногийн өмнө уг хэрэгт холбогдуулан баривчилсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 133-р зүйл буюу “Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад УЕП-оос харъяалал тогтоож, өнгөрөгч баасан гаригт (2019.04.19) ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн гэсэн билээ. Тэгэхээр уг хэрэг Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэдэг утгаараа 2002 оны хуулиар шийдэгдэх юм байна. Уг зүйл ангид “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна.
Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8-р зүйл “Гүйцэтгэх ажилд хориглох зүйл” хэсэгт“Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно” (8.7) гэсэн байна. Хэрэв уг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 133-р зүйлд заасан ял, хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.
Гэвч бас хоёр дахь хувилбар байна. Анхнаасаа эрүүдэн шүүсэн асуудлаар хэн нэгэнд хариуцлага тооцох, хуулийн байгууллагын үйл ажиллагааг эрүү шүүлтээс ангид байлгах зорилгоор энэ хэргийг дэлгэсэн үү, эсвэл өөр зорилготой байв уу?
Ямартай ч УИХ-ын Түр хороо хүртэл байгуулаад “хуулийн байгууллагуудын хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргана” гэсэн учраас Б.Хурцад ямар нэг хэлбэрээр хариуцлага тооцох байх. Цаашдаа ийм үйлдэл гаргуулахгүйн тулд ядаж л гүйцэтгэх ажлын хууль тогтоомжоо эргэж харах байх. Бас урьд өмнө ийм байдлаар эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг ч нэг адил хүлээж авч, шалгаж шийдвэрлэх байх.
Хоёрдугаарт, эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа Б.Хурц гэдэг хүний захиа заавраар хийгдсэн гэдгийг нотлох хүртэл бас удна л даа. Гэхдээ ямартай ч энэ хүнийг төр “авдартаа” хийгээд авлаа. 30 хоногийн баривчилгаа гэдэг бол нэг хүн дээр ажиллахад хангалттай урт хугацаа. Тэр хугацаанд түүнийг өмнө буруутгаж байсан өөр олон үндэслэлээсээ ядаж нэгийг нь нотолж чадах байх.
Б.Хурцыг “далд хийж” чадвал одоогийн УИХ дотор байгаа нэлээд олон хүн “айдгаа авдартаа хийсэн” хэрэг болно. Энэ л жинхэнэ цаад зорилго байх. Түүний тулд шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ нэртэй гурван хүний халаасанд хийсэн байх. Хэрэв тийм биш бол Б.Хурцтай “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж болох Л.Болд гишүүн (Б.Хурц нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгосын талд онгоцны мотор зарсан асуудлыг удаа дараа сөхөж байсан) Түр хорооны бүрэлдэхүүнд ямар зорилготой орсон байж таарах вэ?
Хэрэв тийм биш бол “Ц.Нямдорж сайд С.Зориг агсны хэргийн ажлыг хэсгийг дөрвөн удаа тараасан, гадаадын тусгай албадтай холбоотой хэргийнх нь 42 хуудас материал алдагдсан, иргэн н.Анхбаяраар дамжуулж (2004-2006 онд) “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан” хэмээн Б.Хурцад “гүтгүүлсэн” (2017.10.26) Ц.Нямдоржоос өөр хүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулж болоогүй шалтгаан юу вэ?
Б.Заяа
Эх сурвалж: http://www.inews.mn