Хуучин автобусыг өндөр үнээр авдаг нууцын жагсаалт гэж бий юу

Хуучин автобусыг өндөр үнээр авдаг нууцын жагсаалт гэж бий юу

 

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өчигдөр “Ногоон автобус”-ны худалдан авалтын талаарх нээлттэй сонсголыг эхлүүллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус хороог ахалж байгаа бөгөөд нийтдээ 100 гаруй хүнийг гэрчээр дууджээ. Тухайлбал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ болон тус худалдан авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан байна. Харин УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтжээ.

УИХ-ын энэ оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол ийнхүү эхэлсэн юм. “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан”-ыг тодруулж, Нийтийн тээврийн автобус төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл, автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар сонсов. Мөн “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт”-ийн хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт, автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Хоёр өдрийн турш үргэлжилж байгаа энэхүү сонсголд 67 гэрчийг дууджээ. Сонсголд "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын төлөөлөл Т.Амарзаяа, УЕПГ-ын Хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Долгион, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Батсайхан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Э.Оюунболд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар, Д.Цогтбаяр нар болон ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, Б.Балжинням, Сангийн яам, ЗТХЯ, ҮАГ, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, ГЕГ-ын төлөөлөл биеэр ирж оролцов.

 

Шинжээчийн танилцуулга

 

Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолоор "Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталжээ. "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна. НИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц "Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна. Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 14-нд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, сайдын орон тоог баталж, Ж.Сүхбаатарыг есдүгээр сарын 20-нд томилжээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвлөн, Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсвийг тусгажээ. Тодруулбал, барилга байгууламж нийтийн тээврийн автопарк Хан-Уул дүүрэгт байгуулна. Энэхүү барилгын ажлыг 90.523.1 төсвөөр барихаар төлөвлөж, тухайн ондоо 67.523.1 сая төгрөг олгохоор тусгасан байна. Мөн тоног төхөөрөмж, нийтийн тээврийн автобусыг 318 тэрбумаас санхүүжүүлж, 272.220.1 сая төгрөгөөр харин 2023 онд санхүүжүүлэх дүн нь 339.743.2 сая төгрөг болжээ. 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 2/1611 дугаар албан тоот нийслэлийн нийтийн тээвэрт санал хүргүүлэх тухай 2023 онд Евро-5 хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэх шаардлагатайг уламжилсан аж. Тухайн өдрийн А/04 тушаалаар хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтыг эрхийг даалгасан байна. 

 

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх нь зайлшгүй байсан ч...

 

2022-2024 онд 856 автобус үйлчилгээнээс гарахаар байжээ. Нийтийн тээвэрт явж байсан 586 автобус 2022 онд насжилт нь дуусч, 1.6 сая зорчигчийн аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх нь зөрчигдөж байсан аж. Тухайн үед 10-аад автобус шатсан ч азаар хүн өртөөгүй. Стандарт хэмжилзүйн газрын даргын тушаалаар 12 жилээс дээш хугацаанд үйлчилгээнд явсан автобусыг явуулахыг хориглосон байжээ. Ийнхүү парк шинэчлэл эхэлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед нийтийн тээвэрт парк шинчлэл хийх нь зайлшгүй байжээ. Гэхдээ энэ ажлыг хариуцсан албан тушаалтан, эрх мэдэлтнүүд яаж ажилласан бэ гэдэгтэй бүх нийтээрээ Сүхбаатарын талбайд танилцсан тул давтан нурших нь илүүц биз. Өчигдрийн сонсголд Хотын дарга асан Ж.Сумьяабазар ирсэнгүй. Харин Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар “2022 оны есдүгээр сарын 1-нд ажлаа авахад би нийтийн тээвэр хариуцаагүй. Салбар хариуцсан сайд. Нийтийн тээвэр яагаад надтай холбогдсон бэ. Засгийн газрын гишүүнээр томилоход түгжрэлтэй тэмцэх үр дүнтэй бодлогын чиглэлийг надад гаргах даалгавар өгсөн. Би хэдхэн хоногийн дотор бодлогоо тодорхойлж танилцуулсны нэгдүгээрт нийтийн тээвэр байсан. Хоёрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, авто замын сүлжээ байсан. Хот төлөвлөлт, соёл гэгээрэл, албадлага гээд таван арга хэмжээг тодорхойлсон. Тэгээд удаагүй байхад төсөв боох асуудал яригдсан. Нийтийн тээврийн парк шинэчлэл надаас өмнө 2022 оны тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанд Д.Сумъяабазар дарга асуудлаа танилцуулж, 101 чиглэлд 985 автобус явж байна.

Цаашдаа 124 чиглэлд 1043 автобус явж хүртээмжтэй болно гэдгийг гаргасан. Тэгээд 2021 онд 420 тэрбум төгрөгт хүрч, 70 тэрбумдаа багтаан парк шинэчлэл хийе гэж байхад намайг орж ирэхэд улаан автобусны санхүүжилт нь гацсан байсан. Энэ асуудал шийдэгдсэн. Би орж ирээд автобустай ноцолдъё гэсэн бодлого байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. Өдөрт 500-600 мянган зорчигч хөдөлгөөн хийдэг. Энэ автобуснууд нь 2025 гэхэд бүгд насжилт нь дуусахаар болсон байсан. Бас 10 жил хугацаатай ашиглах автобусыг хоёр жилээр сунгасан байсан. Д.Сумъяабазарын үед олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийж чадахгүй 100, 100-гаараа овоорчихсон байсан. Энэ асуудал цочирдуулсан. Би хотын асуудал гээд орхиж болох байсан ч энэ асуудал руу орсон юм. 2022 оны есдүгээр сараас хойш олон нийт нийтийн тээврийн асуудлаар хүчтэй ярьж эхэлсэн” гэв.

Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Явц дундаа хулгай хийхийн тулд нууцын жагсаалтыг нэмж, байшин барихдаа хүртэл үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэжээ. Тийм юм байхгүй шүү. Хуучин автобус үнэтэй орж ирж, нууцалсан. Энэ асуудалд Д.Сумъяабазар гэдэг хүн шийдвэр гаргасан. Одоо тал тал руу бөмбөг шидээд сууж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байна. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан