Улс төрийн намын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улс төрийн намын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

Монгол Улсын Их Хурлын өчигдрийн /2023.06.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын горимын санал гаргаснаар эхлэв. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ  гаргасан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуульд заасны дугаа долоо хоногийн дотор хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уншиж танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нууц санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас Ц.Нанзаддоржийг чөлөөлөв.

Түүний дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс төслийн зарим нэр томьёо, зарчим, нислэгийн үйл ажиллагааны төрөл, ерөнхий зохицуулалтын нислэгийн аюулгүй байдлыг агаарын хөлөг өмчлөгч, эзэмшигч хариуцах, уг үйл ажиллагааны хязгаарлалт, иргэний нисэхийн дүрэм болон Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг олон улсын гэрээ, конвенцын стандарт шаардлага болон Монгол Улсын холбогдох хуулиудад нийцүүлж өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн иргэний агаарын хөлгийн баг, багийн бүрэлдэхүүн, нислэгтэй холбогдох үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг төсөлд нэмж тусган, олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд ажлын хэсгээс бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.  Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд сумдад нислэг үйлдэх боломжийг хангасан зохицуулалтыг тусгасан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төсөлд тусгагдсан нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гаргасан, гаргахыг завдсан зорчигчийг аюулгүй болгох арга хэмжээ авах болон агаарын хөлгийг албадан саатуулахад зэвсэг хэрэглэхийг хориглоно гэсэн зохицуулалтуудыг хэрхэн өөрчлөн найруулсан талаар асуулт асууж, хариулт авлаа гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа.Б.Энхбаяр нар асуулт асууж хариулт авлаа.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор санал хураалт явууллаа.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан төсөлтэй хамтатган хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн  Н.Учрал дэмжиж үг хэллээ.

Тэрбээр, Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын үед өргөн барьсан. Дараа нь тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн байгуулж, Л.Мөнхбаатар нарын гишүүдтэй хамтран хуулийн төсөл боловсруулсан. Өнөөдөр энэ хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байна. Сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн санд тодорхой хуримтлал үүсгэх боломжийг иргэддээ нээж өгч байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  хувийн нэмэлт олон давхаргат  тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэж заасан. Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар  иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно. Тиймээс хуульчлан хамгаалж, хувийн тэтгэврийн санг байгуулаад түүнийг нь хөрөнгө оруулалт менежмэнтийн компаниар хөрөнгийн зах зээлийг дэмжих бодит боломж бүрдэнэ. Энэ хуулийг даруй хэлэлцэж гаргах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр анхны боловсруулсан төсөлд туссан зарим заалтыг хассанд шүүмжлэлтэй хандсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тэтгэврийн реформ хийхийг дэмжиж ирсэн. Өргөн барьсан төсөл, санал хураалтын томьёоллыг тулгахад зөрүүтэй байна. Тухайлбал, Зөвшөөрлийн хуулиас давсан нэмэлт шаардлага тавихаар заалтууд орсон нь авлига, хээл хахуулиас ангижрах бодлогын эсрэг явж байна. Энэ бол хуулиас давсан хэм хэмжээг тогтоож болохгүй гэв. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нарын гишүүдийн саналыг үндэслэн Байнгын хороонд холбогдох заалтыг  гүйцээн боловсруулах чиглэл өглөө. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлуулахаар боллоо.

Дараа нь хуралдаан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.  Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт гараагүй тул зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдэж, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан цаг сунгаж хуралдан  асуудлуудаа хэлэлцэхээр болж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уншиж танилцуулсны дараа тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар танилцуулсан. Хуулийн төсөл бүрт Байнгын хорооноос гаргасан тус бүр нэг зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж, дээрх хоёр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа. Анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх Байнгын хорооны горимын санал дэмжигдэж, холбогдох Байнгын хороонд эцэслэн батлуулах бэлтгэх хангуулахаар  шилжүүлэв.

Түүнчлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг нийт орон даяар 18 аймгийг хамруулан 2023 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд 5 бүс болгон зохион байгуулж, 960 гаруй малчид, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, орон нутгийн газар, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сум, багийн Засаг дарга нарын саналыг авлаа. Нийтдээ 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг тухай бүр задлан шинжилж хуулийн төсөл болон дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд тусгалаа. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь нь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээрийг хэрхэн ашиглах нь зөв бэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр 27 хувь нь малын тоо толгойн албан татвараар гэж хариулсан байна. Дээрх судалгааны дүнгээс харахад эдийн засгийн нэгэн тулгуур салбар болох мал аж ахуйг үндэсний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ул суурь нь болох бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг төрийн бодлого, нийгмийн болон байгалийн эрх ашигтай уялдуулан зохицуулах зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолд заасан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу боловсрууллаа гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал нэгджээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, С.Туваан нарын гишүүд хууль батлагдсанаар ямар үр дүн гарах, бэлчээрийн ашиглалт хэр сайжрах талаар асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийг яаравчлан батлахгүйгээр нарийвчлан хэлэлцэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, отрын бүс нутгийг зохицуулахад эрх зүйн шийдлийг гаргах, бэлчээр ашиглалтын журам загварыг оновчтой тусгах, бэлчээр бол  зөвхөн хөдөөний малчдын асуудал биш гэдгийг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлж, тус хуулийн төслийг хэлэлцэн батлахыг гишүүд дэмжиж үг хэлсэн.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан