Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх тухай нийтийн өргөдлийг УИХ-аар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгууллаа.
Тус саналыг иргэн Х.Оюунбилэг санаачилж, 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн юм. Хуульд зааснаар 100 мянгаас дээш иргэн дэмжсэн нийтийн өргөдлийг УИХ авч хэлэлцэх үүрэгтэй.
Өчигдөр /2026.11.17/ болсон УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар уг асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулахыг гишүүдийн 52.9 хувь нь дэмжив. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахална.
Хуралдааны үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн 2027 онд олгох ногдол ашгаас Монголын талд гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. Харин ногдол ашгийг иргэдэд шууд тараах тохиолдолд инфляц 2027 оны сүүлчээр 1-1.8 нэгж хувиар нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоог Монголбанк танилцуулжээ.
Гэхдээ иргэн бүрд 857 мянган төгрөг олгох шийдвэр хараахан гараагүй бөгөөд ажлын хэсэг өргөдлийг судалж, цаашдын шийдлийг боловсруулах юм.








































