32 хунтай “Хунт нуур”-ын тэргүүн цагаан, хар хун


Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 2023 оны хоёрдугаар сарын 13, 14-нд “Хунт нуур” балетыг анх удаа 32 хунтайгаар толилуулж түүхийн хуудаснаа нэгэн тод мөр үлдээлээ. 60 жилийн түүхтэй энэхүү театр 2023 онд үзэгчдэдээ барьсан анхны бэлэг нь энэхүү бүтээл байсан юм. Өмнөх “Хунт нуур”-уудад тэргүүн хар, цагаан хунд нэг л хүн гоцолдог байсан бол энэ удаад хар, цагаан хунд өөр, өөр хүмүүс гоцолсон гэдгээрээ онцлог. Тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал гоцолсон бол, Ротбардын охин хар хунд Б.Хулан гоцоллоо. Тэдний хувьд өнгөрсөн онд шинээр мэндэлсэн хунгууд. Тодруулбал, ХХ зууны манлай балетчин, ардын жүжигчин Ю.Оюуны мэндэлсний 70 насны ойд зориулан тавьсан “Хунт нуур”-т хамтдаа мэндэлсэн юм. Тэргүүн хунгуудтай ярилцлаа.
32 хунтай “Хунт нуур”-ын  тэргүүн цагаан, хар хунБатнямын Марал
Төрсөн он сар өдөр: 2001.05.09
Хобби: Усанд сэлэх, цанаар гулгах, газрын теннис тоглох Дуртай спорт: Усан спорт, газрын теннис
Гэр бүл: Ээж, эгч, эмээ, дүүгийн хамт
Очих дуртай газар: Цэвэр агаарт салхилж амрах дуртай
Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Миний гэр бүл
Багадаа хүсч мөрөөддөг байсан мэргэжил: Багадаа жүжигчин болно гэж боддог байсан. Тэр мөрөөдөл минь биелсэн гэж боддог. Бид чинь балетын жүжигчин гэж явдаг шүү дээ.
Хамгийн дуртай баяр: Шинэ жилийн баярт хамгийн дуртай. Сэтгэл догдлуулсан, цаанаасаа л сайхан мэдрэмж төрүүлдэг учраас дуртай байдаг.
Танд хандаж хэлсэн хамгийн сайхан урмын үгс: Эргэн тойрны хүмүүс маань надад урмын үгсийг харамгүй хэлдэгт маш их баярлаж явдаг. Тэр дундаас “Өөртөө л итгэ. Чи бүгдийг нь чадна” гэдэг үг надад их тод туссан.
 
32 хунтай “Хунт нуур”-ын  тэргүүн цагаан, хар хунБүрэнжаргалын Хулан
Төрсөн он сар өдөр: 2004.03.26
Хобби: Усанд сэлэх, хөгжим сонсох
Дуртай спорт: Уран гулгалт
Гэр бүл: Ам бүл тавуулаа амьдардаг
Очих дуртай газар: Хөдөө голын зах
Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Гэр бүл
Багадаа хүсч мөрөөддөг байсан мэргэжил: Жүжигчин бүжигчин.
Хамгийн дуртай баяр: Төрсөн өдөр, шинэ жил.
Танд хандаж хэлсэн хамгийн сайхан урмын үгс: Хулан юм чинь бүгдийг чадна, зоригтой бай.
Монголд анх удаа 32 хунтай тоглогдсон “Хунт нуур” балетын тэргүүн цагаан хун Одеттад Б.Марал, харин Б.Хулангийн хувьд Ротбардын охин хар хунд гоцоллоо. Юун түрүүнд та хоёрт баяр хүргэе. Түүхэн үйл явдлын нэг хэсэг боллоо гэж харж байна?
Б.Марал: Мэдээж тэгэлгүй яахав. Хоёрдугаар сарын 13, 14-нд Монголд анх удаагаа 32 хунтай "Хунт нуур" балет тоглогдлоо. Үүнд тэргүүн цагаан хун Одетта гэх том дүрийг авч ард нь гарсандаа маш их баяртай байна.  
Б.Хулан: Хар хунгийн дүрд тоглох нь нэр хүндийн хэрэг байлаа. Сургуулиа төгсөөд удаагүй байхад минь надад итгэж ийм том дүр өгсөнд талархаж байна. Мөн гайхалтай Б.Марал эгчтэйгээ мөр зэрэгцэн тайзыг хуваалцсан нь бүр сэтгэлд сайхан байлаа. 
32 хунтай гэдгээрээ онцлог энэхүү балет өөр ямар талаараа онцлог гэж харж байна вэ? 
Б.Марал: 32 хунтай тоглогдсон анхны “Хунт нуур” балет гэдгээс гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын оны хамгийн эхний тоглолт байлаа. Мөн сонгодог урлагийн театр үүсэж бий болсны 60 жилийн ойн дээр болсон гэдгээрээ онцлог болсон.
Б.Хулан: Монголын балет энэ түвшинд хүрсэн нь, цаашид ч мөн илүү гайхалтай зүйлст хүрч дэвших боломжтойг харуулсан байх.
Хар, цагаан хун бол балетын бүжигчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон дүр. Та хоёрын хувьд хэзээ анх “Хунт нуур”-т гоцолсон бэ?
Б.Марал: Миний хувьд хамгийн анх 2022 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Одеттагийн дүрд гарсан. Энэ өдөр Монголын хамгийн анхны хун Төрийн шагналт, ардын жүжигчин Ю.Оюун гуайн 70 жилийн ойгоор “Хунт нуур” балет тоглосон юм.
Б.Хулан: Миний хувьд ч мөн адил. 2022 оны арванхоёрдугаар сарын 3-нд ардын жүжигчин Ю.Оюун гуайн 70 насны ойд зориулсан “Хунт нуур” балетад Одиллиягийн дүрээр анх тайзнаа гарсан. 
Хар, цагаан хунд өөр, өөр хүн гоцлуулах нь балетмейстрын санаа байсан уу?
Б.Марал: Тийм ээ
“Хунт нуур”-т тоглохын тулд балетчид сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг юм бэ?
Б.Хулан: Яг ч бэлдэх гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ хүн болгонд өөр, өөр байдаг байх. Хамгийн чухал нь сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй. Хэт их хөөрөлгүй, сандрахгүйгээр төвийг барих нь чухал санагддаг
Тоглолт дууссаны дараа ямар мэдрэмж үлдсэн бэ?
Б.Марал: Жүжиг дуусаад хамгийн сүүлд үзэгчдэдээ ёсолж байх мөч хамгийн гайхалтай. Харин түүний дараа өрөөндөө ороод будгаа арилгаж байхад нэг тийм дутуу мэдрэмж төрдөг. Тэр хөдөлгөөнийг илүү гоё хийсэн бол, үүн дээр дахиад жаахан гүрийсэн бол гэсэн бодол бараг тоглолт бүрийн дараа төрдөг. Б.Хулан: Том даваагаа давсандаа их баяртай байсан. Цаашдаа юуг өөрчилвөл илүү гоё болж болох, алдаануудаа засах талаар бодсон.
Дуурь бүжгийн эрдмийн театрт хөл тавьсан тухайгаа өгүүлэхгүй юу?
Б.Марал: 2011-2017 оныг хүртэл Хөгжим бүжгийн коллежид суралцаж балетын жүжигчин дипломтой төгсөөд 2018 оноос үндсэн ажилтан болж театрынхаа босгыг алхаж байсан.
Б.Хулан: Би өнгөрсөн жил буюу 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын консерваторыг Н.Энхтуяа багшийнхаа гар доор төгссөн. Сургуульд бага байхаасаа эхлэн театрт тоглолтод ордог байсан. Тоглолтуудыг ч алгасалгүй үздэг байсан. Тиймээс есдүгээр сараас эхлэн ажиллахад их ойр мэдрэмж байсан. Гэхдээ л бүх зүйлс өөрчлөгдсөн.
Театрын бүжигчин болоод тайзнаа гоцолсон анхны дүр тань ямар дүр байсан бэ?
Б.Марал: Хамгийн анхны гол дүр бол ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас” үндэсний балетын Хандармаагийн дүр.
Б.Хулан: Миний анхны гол дүр бол хар хун Одиллия. Олон багш нартай шаргуу ажиллаж хэцүү байсан ч гэсэн үнэхээр сайхан үе байсан. 
Өнгөрсөн цаг хугацаанд бүтээсэн дүрүүдээсээ та хоёр алиныг нь онцгойлон хайрладаг вэ?
Б.Марал: Хамгийн анхны дүр Хандармаагийн дүр миний хувьд нандин санагддаг.
Б.Хулан: Хараахан олон дүр бүтээгээгүй байгаа ч ирээдүйд бүтээх дүрүүдээ бүгдийг нь хайрлана гэдэгт итгэлтэй байна. 
“Хунт нуур” манай тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-нд амилж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ю.Оюун анхны хун болсон байдаг. Ю.Оюун гуайгаас  хойш олон балетчид “Хунт нуур”-т гоцолжээ. Үе үеийн хунгуудаас сэтгэлд тод үлдсэн нь аль гоцлооч вэ?
Б.Марал: Бүх хунгууд өөр өөрийн гэсэн онцлог, дүрх төрх, мэдрэмжүүдтэй бас давуу талтай байдаг. Миний хувьд бүгд маш гайхалтай чадварлаг хунгууд гэж боддог. Өөрөө биеэрээ мэдэрч үзээд тэр хүмүүсийг улам их биширсэн. 
Б.Хулан: Гавьяат жүжигчин Б.Саруул эгч бол миний хамгийн дуртай бүжигчдийн нэг. Би түүний “Хунт нуур”-т маш их дуртай. Бас түүнээс үлгэр дууриалал их авдаг. 
Монголын үе үеийн хунгуудыг дурсахад ямар хунгаар дурсаасай гэж хүсч байна вэ? 
Б.Марал: Намайг анх хунд гарахад хүмүүс “Шинэ өндөр хунтай болжээ” гэж байсан. Магадгүй үүгээрээ дурсагдах байх.
Б.Хулан: Өөрийн гэсэн өнгө төрхтэй шинэлэг хун гэж дурсагдвал гоё байх гэж бодож байна. 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан