Монгол улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон "Сонгодог хөгжмийн концерт" нэгдүгээр сарын 19 буюу энэ бямба гарагт Улсын филорманийн тайзнаа болох гэж байна.
Энэ оны тоглолтын салхийг хагалж буй уг тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн зургадугаар симфони болон “Ромео, Жульетта” уран зөгнөлт удиртгалыг тоглох ажээ. Удирдаачаар Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн удирдаач Д.Нямдаш /СТА/, хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч М.Цогбадрах нар ажиллах юм.
Сонирхуулахад найрал хөгжимчид суут хөгжмийн зохиолчийн “Оргилуун” хэмээн тодотгосон энэхүү зургадугаар симфонийг олон жилийн өмнө маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр удирдан анх сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгосон байдаг.
Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн удирдаач, СТА Д.Нямдаш
Энэхүү симфонийг урлаг судлаачид П.И.Чайковский өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн гэж үздэг. Энэ симфони 4 ангитай. Нэгдүгээр анги нь өөрийгөө эрэлхийлж байгаа эрэл хайгуул, айдас түгшүүр, хүсэл мөрөөдөл, сайн сайхан, утга уянгын талаар өгүүлсэн байдаг. Дараагийн хоёр хэсэгт хөгжмийн зохиолчийн баяр баясгалантай аз жаргалтай үе, залуу насныхаа эрч хүч, оргилд хүрсэн үеэ, төгсгөлийн хэсэгт хүн амьдралын төгсгөл гэж юу болох, хүн төгсөхийнхөө өмнө юу боддог, амьдрахын утга учир гэж юу болох талаар эргэцүүлэн өгүүлсэн. Урлаг судлаачид яагаад амьдралынхаа талаар бичсэн нь ч учиртай. Тухайн үед суут хөгжмийн зохиолч холер өвчнөөр шаналж байсан учраас энэ бүхнийг бүтээлдээ шингээсэн байдаг. Тиймээс ч түүний бүтээлүүдээс хамгийн сайн бүтээл гэж урлаг судлаачид үздэг. Симфонийн зохиомжийн хэлбэр, хэрэглэж байгаа, арга техникийн хувьд үнэхээр гайхамшигтай. Урлаг судлаачид, үзэгчид ч таашаадаг хөгжимчид ч тоглох дуртай бүтээлийн нэг
Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский уг бүтээлээ 1893 оны хоёрдугаар сард туурвиж эхлээд, наймдугаар сард дуусгасан бөгөөд хоёр сарын дараа Петербург хотноо үзэгчдэд өөрөө удирдан тоглуулж байжээ. Амьдралын баяр баясгалан хийгээд үхлийн харангын тухай хурцаар илэрхийлсэн уг симфонийнхоо нээлтийн тоглолтыг сонсогч түмэндээ хүргэснээс ес хоногийн дараа хөгжмийн зохиолч энэ хорвоог орхисон түүхтэй аж.
Оросын хөгжмийн алдарт зохиолч П.И.Чайковскийн гайхамшигт бүтээлүүдтэй монголын ард түмэн ‘Хунт нуур’, ‘Нойрсож буй гоо бүсгүй’, ‘Щелкунчик’ буюу ‘Цөмөөхэй’ зэрэг бүтээлээр нь сайн мэдэх ч энэ удаа түүний уран бүтээлийн онцгой нэгэн бүтээлтэй танилцуулахаар ийнхүү Улсын Филармонийн уран бүтээлчид ажиллаж байна.
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба 1900-1800 үнэгүй хүргэж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 88004849, 99196623 дугаарын утсаар лавлана уу.