Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өнөөдөр (2023.01.30) хэвлэлийн бага хурал хийж, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн оролцлоо.
Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд таван өдөр үргэлжилсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр дурдлаа. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгтэй дүйх “шууд зээл”-ийг 60 орчим компанид олгосон байдал, эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг олон нийтэд нээлттэй сонсож хэлэлцсэн юм.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд сонсголын талаар мэдээлэл өгөх үүргийнхээ дагуу өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буйгаа Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Ирэх Даваа гарагт эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэх юм байна. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэхдээ 21 албан тушаалтны гэрчээр дуудах оролцуулах юм байна. Гэрчүүдийн дунд 2016 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувиар Улсын Их Хурлын гишүүн, Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрөө багтаж байгаагаа мэдээллээ. Түүнчлэн 2020 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, тухайн үеийн хяналт, шалгалтыг ахалж ажиллаж байсан Монголбанкны удирдлагууд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох юм байна.
Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн талаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн гэдгийг Б.Энхбаяр гишүүн мэдээллээ. Хянан шалгах шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, зөрчилтэй эсхүл эргэн төлөлт хангалтгүй 10 орчим санхүүгийн түрээсийн хэлцэл бий бөгөөд 35 гэрчийг сонсголд оролцуулахаар төлөвлөжээ.
Энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх нотлох баримт шинжлэх судлах сонсголоор хэлэлцэх гурав дахь асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, хөтөлбөрийн багцууд байх аж. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт тусгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээ бий бөгөөд тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг сонсох юм байна. Эдгээрээс тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, 43 гэрчийг дуудахаар төлөвлөөд байгааг Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн. Гэрчүүдийн дунд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, төслийн удирдах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нар гэрчээр дуудахаар мэдэгдэл хүргүүлнэ гэдгээ Хянан шалгах түр хорооны дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Сонсголыг ажлын таван өдөр явуулахаар товлосон ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд, баримтуудыг ажлын гурван өдөрт багтаан хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд сонсох, хэлэлцэх боломжтой хэмээн тооцож байгаагаа мөн дуулгасан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах зохицуулалттай талаар Ж.Сүхбаатар гишүүн мэдээлэл өгөв. Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтыг тасалдуулсан бол “парламентыг үл хүндэтгэх үйлдэл” гэж үзэн Төрийн албаны тухай, эсхүл Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтын талаар мэдээлж, тайлбар хийлээ.
Ийнхүү ирэх Даваа гарагт эхлэх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгсний дараа сонсголын үр дүнгийн талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хариулт, мэдээлэл өгсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.