Шүүхийн өмнөх шүүх


УИХ-ын хуралдааны танхимд өнгөрсөн долоо хоногт яг л шүүх шиг орчин бүрдэв. Гэрчүүд, яллагдагч шиг тэвдэн сандарч, ээрч муурсан хүмүүс, яллагч прокурор шиг шинжээчид, алх барьсан шүүгч нар шиг УИХ-ын гишүүд таван өдрийн турш танхим дүүргэж, шүүх шиг хуралдав. Тэнд өмгөөлөгч л байсангүй. Түүнээс бусдаар шүүхээс ялгагдах юм байсангүй. Энэ нь олон нийтэд шинэ сонин санагдав бололтой. Зарим хүнд сонирхолтой байсан бол заримынх нь шүүмжлэлийг хүлээсэн үйл явдал болов. Учир нь, “УИХ шүүх шиг байна” гэсэн шүүмжлэл гарсан юм. УИХ яагаад шүүх шиг болсон түүхийг эргэн сануулъя.
 УИХ “шүүх болсон” түүх
УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт нэмсэн юм. Үүний дагуу УИХ 2021 онд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Уг хуулийг хэрэгжүүлж анхны буюу Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороог 2022 оны дөрөвдүгээр сард байгуулсан юм. Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо өнгөрсөн долоо хоногт эхлүүллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын ийнхүү шүүх шиг бүтэцтэй болж шүүн тунгаах ажлаа эхлүүлээд байгаа нь энэ. “УИХ шүүх шиг боллоо” хэмээн энэхүү процессыг шүүмжилж байгаа хамгийн том шалтгаан бол гишүүд өөрсдөө бусдыг шүүх хэмжээний ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, шударга хүмүүс мөн үү гэдэгт байгаа юм. Шүүгдэж байгаа хүмүүс нь хэдийгээр татвар төлөгчдийн мөнгийг зээлээд төлөөгүй, зориулалтын бусаар зарцуулсан ч гэлээ ажлын байр бий болгохоос эхлээд хийж бүтээсэн зүйлтэй баялаг бүтээгчид. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын гишүүд ийнхүү бусдыг шүүж, хариуцлага нэхэхээс гадна өөрсдөө хариуцлагатай, ёс зүйтэй байх, хариуцлага хүлээх тухай олон заалт орсон.
Тухайлбал, “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалт оруулсан. Үүнд нийцүүлэн УИХ-ын гишүүний тангарагийн үгийг өөрчилж “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн өөрчилсөн. Өнгөрсөн хугацаанд олон гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгүй авирлаж өргөсөн тангарагаасаа няцсан. Гэвч УИХ тэдэнд ямар ч хариуцлага хүлээлгэсэнгүй.
Нэгнээ хамгаалж толгойг нь илсээр л байна. УИХ-ын гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох, ёс зүйтэй байхыг шаардах хуулийн механизмыг нэг ч удаа ажиллуулсангүй. Харин бусдыг шүүх, бусдад хариуцлага тоооцох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуух хуулийн хэрэгжилтийг үнэхээр сайн хангуулж байна.
Мэдээллийг ил болгож байгаа нь сайн. Гэхдээ...
Олон нийтийн анхаарлыг татаж маргаан дагуулсан, талцал хуваагдал үүсгэсэн, үнэн худал нь үл мэдэгдэх асуудлаар нээлттэй сонсгол явуулах нь зөв. Олон улсад ч парламент нь ингэж нээлттэй сонсгол явуулж иргэдийнхээ мэдэх эрхийг хангадаг жишиг бий. Үүнийг манай улс загвар болгон хэрэгжүүлж Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлуудын ард юу болсон тухай мэдээллийг ил болгож байна. Мэдээлэл ил болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манай улстөрчид өөрсдөө шударга бус, ёс зүйгүй, асуудалд хоёр өөр байр сууринаас ханддаг нь сонсголыг шүүх болгож байгаа юм. Нээлттэй сонсголд хэнийг оруулах уу, хэнээс юу асуух уу, яг ямар мэдээллийг нь ил болгох уу гэдэг нь цаанаа улс төрийн зорилготой. Аль ч нам эрх барьж байсан ингэж л хандана. Манай улс төрийн соёл ийм л түвшинд байгаа. Асуудалд хүний өөрийн гэж ханддаг, өрсөлдөгчөө намнах боломж бүрийг алддаггүй. Энэ нь Хөгжлийн банкны сонсголоос ч харагдсан. Зарим компанийнх нь мэдээлэл устсан гэдэг шалтгаанаар хойшлуулаад л.. Ийм шалтгаанаар хойшлуулсан компани нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүний хамаарал бүхий компани байсан нь хардлага дагуулж байна. Энэ байдлаараа цаашдаа нээлттэй сонсгол гэдэг нь улс төрийн зорилготой арга хэмжээ болж хувирахыг ч үгүйсгэхгүй.
Шүүхийн өмнөх шүүх
Шүүхээс өмнө яллах процесс хуульчлагдав
Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч буруутайд тооцож болохгүй. Гэтэл шүүхээр орж буруутай нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчноор дамжуулан хүнийг буруутгаж энэ хүн буруутай юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч нийгмийн сэтгэл зүйг бэлтгэснийхээ дараа ялладаг гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ процесс одоо бүр хуулийн дагуу албан ёсоор хийгддэг боллоо. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол нэрээр дансных нь хуулгыг ил болгож, ямар хугацаанд хаана юу хийж явсныг нь асууж “Энэ хүн ийм гэмт хэрэг хийсэн, ийм буруутай. Тийм учраас шүүхээс заавал ял оноох ёстой” гэсэн ойлголтыг олон нийтэд өгдөг болох нь. Зээлсэн мөнгөөрөө казино тоглосон гэдэг мэдээллийг ил болгохтой зэрэгцэн тоглож байгаа зургийг нь олон нийтийн сүлжээнд ил гаргаж байгаа нь санаандгүй давхцал лав биш. Үнэхээр л иргэдийг мэдээллээр хангах нь л чухал байгаа юм бол заавал ингэж сонсгол хийж сүр дуулиан болгох шаардлагагүй. Хууль шүүхийн байгууллагууд л мэдээллээ ил тод болгоход л иргэдийн мэдэх эрх хангагдана.
Шударга шүүхээр шүүлгэх нь Үндсэн хуульд заасан иргэний бүрэн эрх. Түүнээс давхар шүүхээр шүүж, давхар яллах нь Үндсэн хуулийн зарчим биш. Гэтэл УИХ-ын хянан шалгах хороо гэж шүүхийн өмнө шүүх бүтэц бий боллоо. Зөв ажиллуулбал зөв бүтэц. Харамсалтай нь манайх шиг улс төрийн намууд нь төлөвшөөгүй, улстөрчид нь ёс зүйгүй улсад лав одоохондоо тохирохгүй бололтой.
 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан