Дуулиан шуугианаар дүүрэн дэлхий аварга


“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт ёслол төгөлдөр болсон. Бүтэн дөрвөн жил хүлээсэн хүлээлт эцэс болж, дэлхийн анхаарал сарын турш Катар руу чиглэж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа өвлийн улиралд зохион байгуулж байгаа билээ. Катар Улсад зохион байгуулж буй энэ удаагийн тэмцээн хамгийн их асуудал, шүүмжлэл, хүлээлтийг олон нийтийн дунд үүсгэсээр байгаа. Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын сан 440 сая ам.доллар билээ. Өмнөх дэлхийн аваргын тэмцээнүүдээс 10 хувь өндөр үнэлгээ юм.
     Катар Улс тэмцээнийг зохион байгуулахад ойролцоогоор 220 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаа өвлийн улиралд болж байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээн Катарын сэрүүн улиралд болж байгаа аж. Гэсэн ч тэмцээний  үеэр хэт халах магадлал өндөр тул тоглолт болох цэнгэлдэх хүрээлэн дэх агаарын хэмийг +27 °C байлгана гэж зохион байгуулагчид мэдэгдсэн.
      Энэ удаагийн ДАШТ Катарын таван хотод, найман цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Лусаилд хот дахь үндэсний цэнгэлдэх хүрээлэнд л гэхэд  плей-оффын дөрвөн тоглолт болно. Үүний зэрэгцээ ДАШТ-нд зориулж катарчууд метроны долоон шугамыг өргөтгөсөн бөгөөд орон даяарх таван стадионд метрогоор очиж болох юм байна.
Нээлтийн тоглолтод эзэн орны багийг Экуадорчууд 2:0-ээр бут ниргэв
     Энэ удаагийн дэлхийн аваргыг зохион байгуулагч эзэн орон нээлтийн тоглолтыг Өмнөд Америкийн “хатуу самар” болох Экуадор Улсын багийн эсрэг хийсэн. Хоёр багт хоёуланд нь тэнцээ бус хожил хэрэгтэй байсан учир тоглолтын эхнээс нямбай үзэв. Энэхүү тоглолтын гол баатар нь Экуадорын Эннер Валенсиа байлаа. Туркийн “Фенербахчед” харьяалалтай тэрбээр тоглолтын 16 болон 31 дэх минутуудад гоолдож, шигшээ багтаа чухал хожлыг авч ирсэн юм.  
      Тоглолтын дараа Экуадор Улсын ахлах дасгалжуулагч Густаво Алфаро “Эннер Валенсиа бол Экуадорын бүх цагийн үеийн “мэргэн бууч”. Тэр хэцүү цаг үеүдийг туулж, Экуадорын төлөө гарч ирдэг. Тэр гоол оруулж чаддаг. Энэ нь түүнд их утга учиртай” гэжээ. Харин Катарын дасгалжуулагч Фелиз Санчес “Бидэнд сайжруулах зүйл олон байна. Өршөөл эрэх хүсэл алга. Тоглолтыг тааруу эхлүүллээ. Үүрэг хариуцлага, санаа зовох олон асуудлууд бидэнд дарамт боллоо” гэлээ.
Англичууд Ираны хаалганд хамгийн олон бөмбөг шигтгэв
    Катарын 2022  ДАШТ-ний эхний тоглолтдоо англичууд зургаан гоолыг Ираны хаалганд орууллаа. Английн гоолын эзэд болсон энэ өдрийн “баатрууд” Жуд Беллингем, Букайо Сака, Рахим Стерлинг, Маркус Рэшфорд, Жек Грилиш нар байв. Ираны багийн хоёр бөмбөгийг Мехди Тареми Английн хаалганд оруулсан юм. Мөн Англи, Ираны тоглолт тэмцээний үндсэн цаг нь хамгийн удаан үргэлжилсэн өрсөлдөөн болов. Ерөнхий шүүгч нь тоглолтын эхний хэсэгт 14 минут, хоёр дахьд нь 10 минутыг нэмсэн бол тоглолт 117 минут, 16 секундэд дууслаа.
 Дэлхийн аваргын эхний тэнцээ гоолгүй тоглолт
    "Катар 2022" ДАШТ-ий “D” хэсгийн эхний тоглолт Дани болон Тунисийн шигшээ багийн хооронд болоход 0-0 харьцаагаар тэнцлээ. Катарын дэлхийн аваргын анхны гоолгүй тоглолт энэ хоёр багийн хооронд болов. Хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсан ч хаалгачид нь сайн байлаа.
      Дэлхийн аварга эхэлснээс хойш хамгийн сонирхолтой тоглолт Дани болон Тунисийн хооронд болсон ч гоол ороогүй юм. Хоёр баг харилцан довтолж, бөмбөгний төлөөх тэмцэл талбайн өнцөг булан бүрт өрнөсөн ч гоол оруулах том боломжуудаа удаа дараа алдсаар байв. Улмаар "D" хэсэгт  Дани, Тунис хоёр баг тус бүр нэг оноотой боллоо.
     Данийн дасгалжуулагч Каспер Хюмланд “Тэд өөрсдөдөө гайхалтай уур амьсгал бүрдүүлжээ. Гэхдээ бид үүнд бэлэн байсан. Тунисийн фанатууд бидний тоглолтод нөлөөллөө гэж хэлж чадахгүй нь ээ. Тоглогчид маань үүнээс ч хэцүү нөхцөлд тоглож байсан. Бид хэзээ ч Тунистэй хийх тоглолт амар байна гэж ярьж байгаагүй. Гэхдээ ялна гэсэн зорилготой байсан. Энэ тоглолтын үр дүн бидэнд чухал байсан юм. Харин одоо байдал адармаатай болж ирлээ. Хоёр баг нэг, нэг оноо авлаа. Одоо бидэнд хоёр том багтай хийх тоглолт бий. Францын эсрэг тоглолтдоо анхаарлаа хандуулна. Тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Аргентин 2:1-ээр хожигдсон нь хөл бөмбөг сонирхогчдыг алмайруулав
      Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигээр толгойлуулсан Аргентин Улсын баг эхний тоглолтоо Саудын Арабын багтай хийлээ. Хөл бөмбөг сонирхогчид Аргентины багийг ядах зүйлгүй хожино гэдэг итгэлтай байсан. Тоглолтын эхэнд Месси торгуулийн цохилтоос гоол оруулж, тав дахь дэлхийн аваргаа тааламжтай эхлүүлсэн. Гэвч нэгдүгээр үед гурван гоол нь отон гэж тооцогдож, хоёрдугаарт үед Саудын Арабын Салех Аль-Шехри хариуг нь барьж эхний гоолыг хийсэн. Харин Саудын Арабын хоёр дахь гоолыг Салем Аль Давсари оруулав. Ийнхүү Саудын Арабын тэргүүлж эхэлсэн юм. Үлдсэн хугацаанд аргентинчууд гоол оруулах боломжийг эрэлхийлсэн ч юу ч өөрчлөгдөлгүй тоглолт өндөрлөв.
     Тоглолтын дараа Месси “Өршөөл эрэх шалтаг алга. Хүнд бүрт хүнд цохилт боллоо. Бид ийм эхлэл төсөөлж байсангүй. Бид өмнөхөөсөө илүү эв нэгдэлтэй эргэн ирнэ. Манай бүрэлдэхүүн хүчирхэг үүнийгээ ч харуулсан байх. Бид ийм байдалд ороогүй уджээ. Харин одоо өөрсдийгөө хэн бэ гэдгийг харуулах хэрэгтэй” гэжээ. Аргентины баг бараг гурван жилийн хугацаанд ялагдал гээчийг амсаагүй явсан. Тэд хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард Бразилд хожигдож байсан юм.
    Месси үргэлжлүүлэн “Юмс шалтгаантай болоод тохиодог. Бид ирэх тоглолтдоо бэлдэж, Мексик, Польшийг хожих хэрэгтэй. Энэ бүхэн биднээс л шалтгаална. Бид Саудын Арабын сайн тамирчидтай баг гэдгийг мэдэж байсан. Тэд бөмбөгтэй сайн харьцаж, хамгаалалтаа гайхалтай хийлээ. Бид уг нь сайн байсан ч олон гоолоо тооцуулсангүй. Хүнд байдлаас гарах нөхцөлөө олж чадсангүй. Энэ бол эхний тоглолт байлаа. Алдаагаа засах нь биднээс шалтгаалах асуудал. Бид хэн гэдгээ харуулахыг хичээнэ” гэжээ. Аргентин 1990 онд мөн л нээлтийн тоглолтод хожигдож, дэлхийн аваргыг эхлүүлж байжээ. Тэр үед хэдийгээр тэд тэмцээнээ хожигдож эхлүүлсэн ч финалд шалгарч байв. Аргентиныг хожсонд баярласан Саудын Арабын хаан лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байна.
АНУ, Уэльс “эвийн гэрээ” байгууллаа
       “Катар-2022” ДАШТ-ий “В” хэсэгт учраа таарсан АНУ болон Уэльсийн шигшээ багууд эвийн гэрээ байгуулсан бөгөөд АНУ-ын оруулсан ганц гоолыг Тимоти Веа гэх 22 настай залуу оруулсан юм.  Тимоти Веа нь 2000 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Нью-Йорк хотод мэндэлжээ. Түүний ээж Клар гэх Ямайк бүсгүй аж. Тэрбээр ааваараа хөлбөмбөг заалгаж, 13 насандаа Челсигийн сорилгод орж, 2014 онд Францын ПСЖ-ийн академид элсчээ. Харин одоо Францын Лилль багт харьяалагдаж байна.
Мексик, Польш 0:0-ээр тэнцэв
     Европ тивийн “супер довтлогч” Роберт Левандовскиэр толгойлуулсан Польш Улсын баг эхний тоглолтоо Латин Америкийн “шилдэг баг” Мексикийн эсрэг хийв. Польшийн “супер од” Левеандовски торгуулийн цохилтоо алдаж, хожих боломжоо алдсан. Түүнийг цохилтыг Мексикийн “алдарт хаалгач” Гилерме Очоа хаасан юм. Мексикийн шигшээ баг илүү санаачлагатай, аюултай довтолгоо өрнүүлж байсан ч гоол оруулж чадсангүй. Тоглолт эвийн гэрээгээр өндөрлөв.
Дэлхийн аварга францууд ногоон тивийн багийг 4:1-ээр буулган авлаа
     Дэлхийн аварга Францын баг Азийн ногоон тив Австрали Улсын багийн эсрэг хийсэн юм. Австралийн Грайг Гудвин гоолдож, дэлхийн аварга француудыг барьц алдуулсан. Гэхдээ л Франц эргэн ирж, дөрвөн гоол оруулсан чадсан юм. Францын Оливье Жиру хоёр гоол оруулж, түүний араас Килиан Мбаппе, Адриен Рабиот нар гоол оруулсан. Ийнхүү тэд Австалийн багийг 4:1-ээр буулган авлаа. Тоглолтын шилдгээр Килиан Мбаппе тодров.
"Герман машин”-ыг, Японд чанар дийллээ 
 
      "Катар2022" ДАШТ-ий “E” хэсгийн эхний тоглолт Герман болон Азийн төлөөлөл Японы шигшээ багийн хооронд боллоо. Дэлхийн шилдгүүдээс бүрдсэн Герман эхнээсээ л бөмбөг эзэмшин довтолсон ч япончууд амархан өрсөлдөгч биш гэдгээ харуулав. Японы цэнхэр самурай нарын хаалгач Шүичи Гонда алдаа гаргаснаар эсрэг баг нь торгуулийн цохилтын эрх авсан юм. 
Улмаар “Манчестер Сити” клубийн хагас хамгаалагч Илкай Гюндоган тооны харьцааг нээснээр эхний үе өндөрлөсөн. Хоёрдугаар үе эхэлснээс хойш Германы тоглолт тогтож, япончуудын довтолгоо ширүүсэв. Японы сэлгээ үр дүнгээ өгч, Германы сэлгээ алдаж цэнхэр самурай нар 75 дахь минутад тооны харьцааг тэнцүүллээ. Довтолгоо нь сэргэсэн япончууд долоон минутын дараа дахин гоолдсоноор дөрвөн удаагийн дэлхийн аваргуудыг буулган авлаа.Үлгэр жишээ японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэв
    Дөрвөн жилийн өмнө ОХУ-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний дараа Япон Улсын хөгжөөн дэмжигчид тэмцээн бүрийн дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж дэлхий дахиныг алмайруулж байсан. Энэ мөн л японы хөгжөөн дэмжигчид тэмцээний дараа үзэгчдийн тарьсан хогийг сайн дураараа цэвэрлэж катарчуудыг ангайлгав. Үзэгчдийн соёлыг дэлхий нийтэд тод томруун харуулж буй японы хөгжөөн дэмжигчдийг дэлхий нийтээрээ шагшин магтаж байна.

https://ergelt.mn/news/105/single/27663
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан