Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэнхим хоёр хоосон суудалтайгаар хоёр сарыг үдлээ. 90 хоноход долоо хоног дутуу байна. Уг нь Засгийн газар энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах эрхээ парламентаас аваад буй. Хугацааг жаахан хөөж харвал УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шийдвэрлэсэн. Гэтэл намрын чуулганаар эцэслэсэн атал хаврын чуулган эхэлчихээд байхад хариуцсан сайдгүй л сууна.
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон дөрвөн агентлагийг байгуулахад 41.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан юм. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой. Цахим хөгжил, харилцаа холбооны яам зургаан газар, найман хэлтэстэй, 87 орон тоотой байхаар болов. Мөн ТНБД-аар Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхланд удирдуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар УИХ-ын гишүүн, өөрсдийн хариуцсан яамнаас гадна давхар хавсран гүйцэтгэж байгаа яам гээд гурван “давхар” дээлтэй болсон. Ингэж харвал хоёр сайд үндсэн яамд дээрээ очих, чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд суух, Засгийн газарт асуудлаа танилцуулах, орон нутаг ажиллах гээд ачаалал ихтэй байх нь лавтай. Гэвч өнгөрсөн хоёр сарын хугацаанд шинэ яамдын үйл ажиллагаа тасалдсаныг сөрөг хүчин хөндөж, сайд нарыг яаралтай томилохыг шаардаад байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилсонгүй. Мөн хоёр өөр яамны сайд хавсарч үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй.
Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг, хөгжлийн яам ажлаа бүрэн хийж байх ёстой. Засгийн газар УИХ-ын хоёр гишүүнийг сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН эсвэл боловсон хүчингүй болчихсон юм уу. Уг нь УИХ-ын гишүүн заавал сайд хийх шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ шинээр байгуулах яамны сайд нар “давхар” дээлтэй байна гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь “давхар” дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу эсвэл Үндсэн хуульдаа “гар хүрч”, УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин