Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагт үүр хаяарлаа гэж хэлэнгүүтээ үрж, зарлагадаад эхлэх нь ээ. Тодруулбал, Засгийн газар одоо байгаа танхимдаа дахиад хоёр яам байгуулах тухай хуулийн төслөө өчигдөр буюу 10 дугаар сарын 14нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна" гэж заасны дагуу Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамтай болох нь. Харин нөгөөх нь “Алсын хараа-2050”-д тусгасан “Цахим үндэстэн” болох алхмаа түргэтгэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулах нь дээ.
Мэдээж энэ бол дөнгөж өргөн барьсан хуулийн төсөл. Гэвч “ногоон гэрэл”-ээр батлагдана. Ингэснээр Засгийн газар 2 агентлагийн статусыг өөрчилж, 15 яамтай болно гэсэн үг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэж эхлэхэд “Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна” гэсэн. Товчхондоо алаагүй баавгайн арьсыг хуваах гэгчээр мань хүн эдийн засагт үүр хаяарна гэж хэлмэгцээ үрж эхлэх нь гарцаагүй боллоо.
Өмнө нь Монгол Улсад Эдийн засаг хөгжлийн яам гэж байсан. Байсныг нь үгүй хийсэн. Мөн өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гэж ч бий. Агентлагийн хэмжээндээ ажиллахдаа ч олны хэм амыг байнга дагуулдаг. Хамгийн сүүлд цар тахлын халдвар буураагүй байхад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, монголчуудын эрүүл, аюулгүй байдалд ноцтой хор учруулсан. Хөрөнгө, мөнгийг ч баруун, солгойгүй цацсан дуулиан нь намжаагүй. Гэтэл тэдэнд бүр яам байгуулж өгөх юм гэнэ.
Тэр ёстой л Монгол Улсыг толгойлж буй Ерөнхий сайд гэдэг утгаараа монголчуудаар “тоглож” байна.
Дэлхий дахинд цар тахлын нөлөөнөөс эдийн засгаа сэргээхийн тулд чармайж, хэн хүнгүй бүсээ чангалж байхад манай Ерөнхий сайд л ард иргэдээ эрхэллээ гэж загначхаад, элдэв яамд нэмэх гэнэ дээ. Уг нь олж эхэлсэн бол овилгогүй загнахын оронд зөв зарцуулах ёстой баймаар юм.
https://erennews.mn/article/50314