М.Энхболдын эрин үе төгсгөл болох цаг ирэв бололтой


УИХ-ын нөхцөл байдал  их л сонин уур амьсгалтай болчихлоо. Учир нь юу вэ гэвэл өнгөрсөн 3 жилд засаг удирдсан МАН-ыхан юу хийсэн бэ ? гэдгийг өнөөдөр ард түмэн асууж бас яллаж байна.Мэдээж үүний гол хариуцлагыг ардчилал шударга ёсыг дээдлэгч гэгддэг МАН-ын нөхдүүд хариуцах ёстой билээ. МАН анх сонгуульд ялж гарч ирчихээд маш олон сайхан амлалт үүрэг авч ард түмнийхээ төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж ярьж байсныг бүгд л санаж байгаа байх. Өнөөдөр хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод байгаа гол тоглогч М.Энхболдыг эрх баригч намын даргаар ажиллаж байх үеэс эхлэн энэ улс орон өөдөлж дэвшсэнгүй, харин ч уруудаж доройтсон нь үнэн бөгөөд ерөөс М.Энхболд  гэгч энэ хүн хэн бэ? гэдэг нь өөрөө их сонин асуулт байдаг. Хагас дутуу боловсролтой хор найруулах талдаа гарамгай тийм л нэг бүрхэг хөгийн эр.

Түүнийг нийслэл Улаанбаатар хотыг  удирдах үеэс газрын наймаа эрчимтэй явагдаж, өнөөгийн энэ бүх эх захгүй газрын наймаа цэцэглэн хөгжих эхлэлийн үндэс тавигдсан билээ. Тэрээр дараа нь газрын наймаагаа сайн хийсний учир Ерөнхий сайд хүртэл болж, улс орны эдийн засгийг бүрэн дампууруулж ОУВС-д хандаж байсныг монголын ард түмэн сайн мэднэ. Мөн түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаанд газрын наймаа, авлига, хээл хахуулийн хэрүүл уруул огт тасардаггүй байсан ба мөн маш олон эмгэнэлтэй хэргүүд болж байсныг олон түмэн байнга  ярьдаг байсан.
 Уул нь хүмүүс МАН-д ам сайтай байсан цаг саяхан. Ард түмэн тус намыг шударга ёсыг эрхэмлэн дээдлэгч, монголын ууган улс төрийн хүчин гэхчилэн амаа олохгүй магтаж байсан цаг саяхан билээ. Тиймдээ ч тэд өнгөрсөн сонгуульд АН-аас илүү олон санал авч засаг удирдахаар болсон. Гэтэл одоо юу болов? Өмнөх сонгуулиар ялж гарч ирсэн МАН өдгөө энэ улс орныг сүйрлийн ирмэгт аваачих дээрээ тулж байна. Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцорхоос нааш УИХ-ын чуулганд суухгүй хэмээн бойкотлож эхлэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд дээрх нэр бүхий гишүүд ингэж дураараа авирлаж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого хэмээн шулуухан мэдэгдэв.  Юуны учир өнөөдөр монгол улсын төр засаг ийнхүү гэв гэнэт гацаанд орох болов. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ янзаараа бол удахгүй  УИХ-ыг тараах асуудал руугаа ч орж мэдэх нөхцөл байдал үүсчихлээ.  Өдгөө эрх баригч МАН-ын нөхдүүд жинхэнээсээ толхилцож байна.
 
Яг өнөөгийн монгол улсын улс төрийн нөхцөл байдлыг ажвал Ерөнхий сайд У. Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар огцрох эсвэл "60 тэрбумын загалмайлсан эцэг” гэгддэг УИХ-ын дарга М.Энхболд өөрөө сайн дураараа огцрох хоёр л вариант үлдээд байна. Мэдээж монгол улсын Үндсэн хууль болон Парламентийн тухай хуульд УИХ-ын дарга өөрөө огцрох өргөдлөө гаргаж байж л албан тушаалаа чөлөөлж өгөх тухай заасан байдаг. Харамсалтай нь түүнийг ингэж албан тушаалтайгаа зууралдах хооронд энэ улс орон МАН-ын махан толгойтнуудын явуулсан авлига албан тушаалын наймаа болон газрын наймааны чинь "ач буянаар” сэхээнд орох дээрээ тулчихаад байгааг ойлгох хэргтэй байна.    

Тэгвэл эрхэм М.Энхболд гуай танд л гэж хэлэхэд та минь зүгээр мөрөөрөө зайгаа тавьж өгөөд Монгол улсыг амрааж үз гэж хэлмээр байна. Тэртээ тэргүй та болон танай хамсаатнуудын хийсэн гэм нүгэл, авлигачдын хийсэн лай ланчиг Монгол улсыг хангалттай самарсан. Угаасаа та болон таны найз нөхдөөс хүлээх юм одоо байхгүй. Тийм болохоор таны энэ эрх дураараа авирлах, албан тушаалтайгаа зууралдах арга барил  нэгэнт хоцрогдсон болохоор энэ бүх "шударга бусын хонгил”-оо та өөрөө эхлээд нураах нь монголын ард түмэнд үзүүлж буй ая буян болно гэдгийг танд энэ ялдамд сануулж хэлмээр байна.       
   

Ж.Батдорж скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан