70 орон сууц, 8,900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хугацаанаас нь өмнө хангах боломжтой
Төслийн “Багц 1”-ийн хүрээнд гүйцэтгэж байгаа 840 хос метр шугамын угсралтыг 2021 оны есдүгээр сарын 11-ний өдөр дуусгаж ажиллагаанд залгаснаар 16 орон сууц, 2,710 айл өрх, 20 аж ахуйн нэгжийг залгаж нийт 70 орон сууц, 8,900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хугацаанаас нь өмнө хангах боломжийг бүрдүүлсэн.
Сайд Н.Тавинбэх дулааны шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах чиглэл өгсөн. Мөн засвар үйлчилгээтэй холбоотой бараа материалын татан авалтад дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх юм.
Уг төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа гадны томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам