ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ Афганистанаас цэргүүдийнхээ гуравны нэгийг татжээ. "Бид цэргээ татах бүх үйл явцын 30-44 хувийг дуусгасан гэж тооцоолж байна" гэж АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурдсан байна.Пентагон цэргийн ачааг зөөвөрлөхийн тулд цэргийн тээврийн “C-17” нисэх онгоцоор 300 орчим нислэг үйлдсэн байна. Түүнчлэн 13 мянган ширхэг цэргийн техник хэрэгслийг устгуулахаар Батлан хамгаалах яамны материал-техникийн хангамжийн газарт шилжүүлжээ. АНУ-ын цэргүүд зургаан объектыг Афганистаны Батлан хамгаалах яамд хүлээлгэн өгсөн байна.
Аюулгүй байдлын үүднээс Афганистанаас Америкийн цэргийн хүчийг татсан тухай мэдээллийг зөвхөн хувиар өгнө гэж төв командлал мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистан дахь ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа дөрөвдүгээр сарйн 14-нд мэдэгдсэн билээ. 2001 оны 10 дугаар сард эхэлсэн энэ ажиллагаа АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэжилсэн цэргийн ажиллагаа болсон юм. Есдүгээр сарын 11 гэхэд Афганистанаас АНУ-ын 3500 орчим цэрэг, НАТО-гийн 7000 орчим цэрэг гарах ёстой.
Цэргийн ажиллагааны оргил үед буюу 2010-2013 онд Афганистан дахь АНУ болон тус улсын холбоотнуудын цэргийн тоо 150 мянга давж байв. Цэргийн гол хүчийг 2014 онд татжээ. Пентагоны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын сүүлчээр Афганистанд 2500 америк цэрэг, офицер байсан байна.
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг