Товчхондоо, хотын соёл гэдэг нь энэ иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлэх болов уу. Түүнээс биш өндөр өндөр барилга, өргөн нарийн гудамжаа хэлэхгүй байх. Тиймдээ ч ихэс дээдэс маань ясны нүүдэлчин монголчуудаа хотын соёлд сургах гэж төрөл бүрийн арга хэмжээ авч зовдог бололтой. Үнэн хэрэгтээ бохирын үнэрт мансуурч, хөрсний бохирдолд чөдөрлүүлж, утаа угаарын мананд төөрч яваа нийслэлчүүдэд хотын соёл яриад ямар хэрэг байхав. Уг нь төр засгаас эхлэн нийслэлийн удирдлагууд, дүүрэг хороо гээд шат шатандаа ч “Хотын соёл” хэмээн лоозогнож, чамгүй хөрөнгө зарж төрөл бүрийн арга хэмжээ зохиох юм. Нийслэлчүүд бид хичнээн соёлтой байгаад яахав дээ. Утаа, бохирын үнэр, хөрсний бохирдол гэсэн гурван тулгуур хүчин зүйл эрүүл мэндэд заналхийлж байхад энэ тухай ярих нь хэтэрхий өрөөсгөл мэт.
Тухайлбал, Эрүүл мэнд, спортын яам, Мэргэлжийн хяналтын ерөнхий газраас Төв цэвэрлэх байгууламжид ойролцоо амьдардаг иргэдийн дунд хамтарсан судалгаа /2017.11.17/ хийжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөрний үрэвсэлтэй, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй хэмээх дүн гарсан байна. Учир нь лагийн үнэр хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдаж нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж илэрдэг хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн нь бий. Тэгэхээр бид лагийнхаа үнэрийг арилгахгүйгээр хотын соёл ярихын хэрэггүй аж. Заримдаа соёл ярих нь зохимжгүй, бусдаас ялангуяа гадна дотны улсаас ичмээр ч юм шиг!
Тэгвэл хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд /2016.10.06/ тогтоосон. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог. Хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг. Нөгөө талаар ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг ажээ. Тэгэхээр хотын соёл ярихаасаа өмнө энэ тухай ярих хэрэгтэй.
Агаарын бохирдлын тухайд бол бид эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлж байгааг мэдэхийн дээдээр мэддэг болсон. Тодотговол, /2017.12.06/ утаанаас болж, 0-5 хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн хувьд 19 хувь нь уушгины архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь харвалт зэрэг нь агаарын бохирдлоос шалтгаалж байна. Хэрвээ агаарын бохирдлыг дорвитой бууруулахгүй бол 2017-2024 он гэхэд 13,000 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарчээ.
Ийм нөхцөлд амьдарч байгаа иргэддээ индэр дээрээс хотын соёл ухуулах ихэс дээдэс чухам юугаа бодож зогсдог бол. Өнөөдрийн байдлаар нийслэлд ийм гурван тулгуур хүчин зүйлс хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлж байна.
С.Ууганбаяр