Саарал нийгэм

Аливаа улс орны хөгжил дэвшил, ард түмнийх нь дэвжил хурц тод өнгөөр ялгардаг. Социализмын үед манай өнгө Apдын хувьсгалын улаан, энх тайвны хөх цэнхэр өнгөөр ялгардаг байсан ба ах дүү Зөвлөлт гэхэд “алый” буюу гал улаан, час улаан гэх өнгөөр ялгарч байв. Эдүгээ Хятад мөнгө улаанаараа солонгорч буй. Америк, Европ гэхэд л өөр өөрийн хурц тод өнгөтэй. Одоо ч тийм. 
Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 28 жилд манай нөгөө улаан хөх өнгө бүдгэрсээр бүдгэрсээр хурц тод нь сааралтан бүхэлдээ Монгол маань саарал улс-үндэстэн болж хувирсан гэх ойлголт буй болжээ. Саарал нийгэм, саарал борог амьдрал, орог саарал улс төр, саарал боловсрол, саарал эрүүл мэнд, саарал хүн ард, эмсдээ гологдсон саарал эрчүүд ... Гэхдээ хурц тод өнгөөр ялгарч үлдсэн юм байх нь байнаа. Олон шашнууд, нийтийн урлаг уран сайхан, үндэсний спорт, архины үйлдвэрлэл, хэзээ ч 25 саяд хүрч үзээгүй явж байгаад одоо 84.4 сая хүрчихсэн мал сүрэг, нийслэлд зайгүй чигжчихсэн баахан эзэнгүй барилга гэх мэт.
Хөгжил жигдрэхгүй, шилжилт дуусахгүй, хүн нь хөгжихгүй, улс төр нь ямагт будлиан хэрүүлтэй, улс нийгмээрээ гундуу явааг нь “СААРАЛ” хэмээн тодорхойлоод байх шиг. 
Тэгвэл их зохиолч Дaшдopжийн Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолоос энэ хүрээд эшлэхгүй бол болохгүй байна. Хөндсөн сэдвээ товойлгохын тулд, монголчуудыг нойрноос нь сэрээж, ядаж гэр бүл үр хүүхэд, өөрийнхөө төлөө хөдөлмөрлөдөг болгохын тулд ингэж эшлэхээс аргагүй байна. Их Нацагдорж 100 орчим жилийн өмнө ингэж бичжээ. Эргээд 100 жилийн дараа XXI зуунд өөрсөд рүүгээ нэг харчих. Гар утас нийтээрээ барьж, хөл дүүжлэх унаатай болцгоож, зурагт үздэг болж, өөрөөр их зохиолчийн харуусан бичсэнээс юугаараа дээрдсэн юм бэ гээд бодитой сэтгээд дүгнэлт хийгээч. 
“Хуучин хүү”:– Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо босоо, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорж, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэж тэнгэрт мөргөсөөр нэг нас барна гэжээ.
Үнэхээртэр үеийн Монгол (100 жилийн өмнөх) бол зүс ялгах хэдэн мал нь л гэхээс нийгэм нь тэр чигтэй гунигтай, хөгжил дэвшилгүй, миний гарчигт өгүүлсэн шиг сав саарал нийгэм байж ажгуу. Гэтэл одоо яагад сааралтчихав? 
Хэний ч мэдэх улс төрөөс нь хариулт хайя. Ямар ч Ерөнхийлөгч сонгогдсон, ямар ч УИХ, Засгийн газар гарч ирлээ гэсэн, ямар ч нам ялсан, хэн Ерөнхий сайд болсон нь ялгаагүй шувтан мөнгөний эрэл, мөнгөний гачаалд энэ 28 жилд явж ирсэн байна. Мөнгөний эрэл нь өр үлдээдэг, ард түмэндээ шууд очиж наалдахгүй, нэг удаагийн цалин тэтгэвэрт зарагдаад мартагддаг. Ингээд дөрөв дөрвөн жилээр ирж буцаад байх нь тэр. Залхуутай цикл. Тамын тойрог ч юм шиг.
Ямар ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гарч ирээд ард түмнээсээ 100 хувийн дэмжлэг авах нь өнгөрсөн хорвоо болжээ. Ядаж 50 хувьтай байх болов уу гэтэл байдаггүй, ард иргэд нь төр засгаа дэмжинэ гэж байхгүй, ихэнхдээ үзэн ядсан, үл итгэсэн, тонилоосой цаашаа гэсэн хандлагатай. Эрх баригч бүү хэл албан тушаалтан, алба ажилтай бүгдийг нь үзэн ядах зам руу орж байна. 
Caapaл, сааралтсан нийгэмд үүнээс өөр зам байхгүй юм. Саарал нийгэмд атаархал, гуйлагчлал хоёр нь ямагт зэрэгцэж явна. Эрх баригчдаа баалах, өөлөх, муучлах сэдэв барагдахгүй, ар араасаа ундраад л. Хийж бүтээдэггүй, мөнгө босгодоггүй, хавтгайдаа ядуу нийгэмд өөрийгөө ямагт буруугүйд тооцно, буруутныг цөхрөлтгүй хайна, буруутан нь Саарал ордон хавьд тодорно. Туйлшрах завтай хүн дэндүү олон тул эрх баригчдаа эргүүлж тойруулж мөлжих хов цуурхал байнга яригдана, тэр сэдвээр ярихдаа ч дуртай, ам нь дандаа эвлээстэй, бага зэрэг албажуулаад хэвлэлийн хурал хийнэ, жагсана, тэмцэнэ. Ард түмэн, Засгийн газар хоёр алсарсан ойрын түүх ердөө ийм байна.
Ерөөсөө төр засгийн толгойд суугаа үл бүтэх нөхдөө цэвэрштэл нь тэгэхээс тэгэх гэж зөв амьдрахгүй байя, амьдралаа гарздая, өөрийгөө зольё, адилхан хулгайлъя, барьцах эзэнтэй гэсэн шиг нэг хачин мухар сүсэгт нийгмээрээ автчихсан юм уу гэж бодогддог.Төр засгийн толгойд шударга, эх оронч, хувиа боддоггүй, ёстой Чингис хаан шиг, эсвэл Цэдэнбал шиг нэг “аврагч нөхөр” гарч иртэл нь аз соръё, амиа дүйе гээд зориг шулуудчихсан явцгаагаад байгааг“саарал” гээд буй хэрэг л дээ. Ингээд XXI зууны шинэ Чингис, Цэдэнбал нарын эрэлд гарав аа. Олдох нь тун эргэлзээтэй. Сонгууль болгон горьдлого төрүүлнэ, эцэс төгсгөлгүй. Даан ч олигтой ганц ч улс төрч заяахгүй. 
Их зохиолчийнхоо “Хуучин хүү”-гээс дахиад нэг эшлэе. – Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн хушууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч үгээгүй ядуу, өнчин балчир тул нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ. Өтгөс, хуучид энэ хоёрын үгнээс өөр үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ. Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ.
Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хайран, хөөрхий, хөөрхий гэжээ.
Саарал нийгэм гэдэг нь нийгмээрээ сааралтсан, эсвэл олонхи нь саарал амьдралтай, гялтайх юм нь ядуурал, ажилгүйдэл, өр шир, амьдралын арчаагүйтэл. Ил харагдаж байгаа нь.Хүчтэй нь хүчгүйгээ, овсгоотой нь овсгоогүйгээ барьж иддэг ширэнгийн хууль нийгэмд нь үйлчилнэ, байгалийн шалгарал явагдана. Тэр шалгарлыг давахаар монголчууд бултаараа үхэлдэн амьдарна, ерөөсөө хоногийн хоол, хоногийн бензин, өвөлдөө бол хоногийн түлш дулаалгынхаа төлөө чөмгөө дундартал хөдөлмөрлөнө, зүтгэнэ, эрүүл мэндээ муутгана, гутрана, ууна, дампуурна, эцэстээ гэмт хэрэг. Хүн ард нь саарал амьдралдаа түүртээд шувтан завгүй. Хэдэн түмээрээ зам дээр түгжрээд л, хараал урсгаад л. Юунд зориулж машин унаж яваагаа ч ойлгохгүй. Завгүй амьдралаас нь мөнгө босно, хуримтлал үүснэ гэж байхгүй, идэж уугаад хэрэглээд дуусна. Маргааш нь хов хоосноос дахин нөгөө тамын амьдралаа эхлүүлнэ. Дахиад л зам дээр түгжирнэ. Үнсэн саарал өнгөтэй өвлийн Улаанбаатарт нүднээ ил харагдаж буй саарал амьдрал. 
Зүтгэнэ, эрүүл мэндээ муутгана, гутрана, ууна, үүнийг чинь л саарал амьдрал гээд байгаа хэрэг. “Хайран, хайран, хөөрхий, хөөрхий” гэх их зохиолчийн үглээ энд багадна. Хэлэх үг ч олдохгүй.
Гэхдээ нэг хачин үзэгдэл байна. Гадаадад өнгөтэй өөдтэй яваа, эрдмийн зэрэг цолтой, мөнгө цаастай, нэрээ дуурсгасан, эсвэл гадаадад олон жил дипломат алба хашсан хэн ч байсан Монголд ирээ л бол саарал нийгэм рүү шингээд алга болчихно. Тэдний гадаадаас дагаж ирсэн омог сүр, бардам зан, оргилуун сэтгэл, боловсрол нь сааралд нийгэмдээ яг уусчихна. Тодорч ялгарч гарч ирдэггүй. Жил, жил хагасын дараа гэхэд уурын тулам, амьдралын нугачаанд бүдрэн алдан яваа сэтгэлийн дарамттай нэг нөхөр, баахан дурсамж, өнгөт гэрэл зураг, цуглуулсан хувцастайгаа үлдэнэ. Нийгмийн цахим сүлжээнд нөгөөхөө сурталчлаад л, ингээд саарал нийгэм дэх хувийн бөөн дурсамж. Гадаадаас өнгөтэй өөдтэй ирсэн хэнийг ч сааралтуулж чаддаг хосгүй нийгэм. 
Энэ хачин үзэгдэл зөвхөн монгол гэхгүй үйлчилнэ. Манай энэ “саарал” руу гадаадынхан саваагүйтэж орж ирчихээд дотор нь шингээд алга болно, нутагтаа харина гэж байхгүй болтлоо уусдаг гээч. Хөгжингүй Европоос түр зуурын томилолтоор ирээд адаг сүүлд нь монголын хүргэн болоод нутагтаа орхисон эхнэр хүүхдээсээ нүүр бууруулаад суучихсан герман, итали, канад, америк олон нөхрийг би мэдэх юм байна. Монголд түр ирж ажилласнаа үүрдийн гэгээн дурсгал болгоод сэтгэлдээ хадгалчихсан австрали, япон, солонгос, англи олон хүнийг би нэрлэж чадна. Тэгэхлээр манай энэ саарал нийгэм маань татан дагуулах далд увьдастай ч юм шиг. Хариултыг олж нэрлэж чадахгүй байна л даа. 
Нийгмийн бүх “саарал”-ыг энд тоочиж барах юм биш. Ганц салбар руу нь шагайя. “Шившгийн” гэх нэрлэхгүй ч хөгийн, ичмээр тоон үзүүлэлтээс эхлэн ярья. “Гавьяат багш”, одон тэмдэгт багш сурган хүмүүжүүлэгчийнхээ тоогоор манай улс дэлхийд толгой цохихоор үзүүлэлттэй, хувь хувьсгалын их дээд сургуулийнхаа тоогоор G7-гийн орнуудтай л анамана үзэлцэхээр тоон үзүүлэлттэй. Гурван сая хүн амд 100 их дээд сургууль (10 жилийн тэртээ 200 руу дөхөж явсан гээч!) байдаг гэхлээр дэлхий чихээ сортойлгоод манайхныг улам их сонирхоно гээч. Учрыг нь олох гээд л шударгаар үзээд байх нь тэр.
Би өөрөө их дээд сургуульд ойр байдаг, багшилдаг, судалдаг хүн учраас саарал боловсрол гэдгийг мэдрээд шаналаад явдаг нэгэн байгаа юм. Зөндөө ч бичсэн дээ. Манай улс оюуны хөмрөггүй болох нээ гэж анхааруулж байгаад л бичсэн. Оюуны дархлаа алга боллоо, оюуны хомсдолд орлоо, оюуны сулралтай боллоо. Эрдэм ном, боловсрол нь хэлбэрт автлаа, агуулгаа гээлээ, бүтээлч сэтгэхээ больж байна, өнгөнд хууртагдлаа, ертөнцийн боловсролоос гээгдлээ, зөрүүлээд мухар сүсэг дэндлээ гэхчлэн миний гонгиносныг алийг тоочих билээ.
Ямар сайндаа дээд боловсролын чансаагаар дэлхийн жаран хэдэн улсыг жагсааж шалгаруулахад манай улс 62-63 дугаар байрт буюу бөгсөнд очиж жагссан байгаа юм. Их дээд сургуулийнхаа тоогоор манай улсаас хоёр дахин бага Австрали гэхэд л ДНБ-ийхээ 20 хувийг дээд боловсролдоо зарцуулдаг, тэр утгаараа толгой цохиж яваа топ улсын нэг ажээ. Америкийн MIT, Стэнфордын их сургууль гээд л эхний байрт гарч ирсэн бол манай их дээд сургуулиудаас эхний 1000-д байдаггүй, 5000дотор ганц хоёр нь байх жишээтэй. Олон жил ийм яваа даа. 
Боловсрол гэдгийг манайхан ихээхэн хялбаршуулан ойлгоод 100-аар тоологдох их дээд сургуультай болсныгоо аугаа их амжилт гэх нь холгүй. Боловсролыг устгахад буу зэвсэг, мөнгө зардал, хүн хүч огтоос хэрэггүй, ерөөсөө чанарыг нь унагахад л хангалттай. Тэгвэл чанарын уналт 28 жил биднийгээ дагалаа. Боловсролын сүйрэл бол үндэсний сүйрэл гэдгийг чангаас чанга анхааруулан хашгирах цаг болсон, оройтлоо. Боловсролын үндэс бол оюуны бүтээл байдаг. Номын худалдаанд багтахгүй их номтой болсныгоо оройн дээд гэж ойлгож байгаа юм биш байгаа? 
2014 оны намар. Бид ХААИС-ийг түшээд дэлхийн шилдэг 100 их сургуулийн онлайн лекц, сургалтыг оруулж заалгахаар ажиллаж үзсэн. Сар гаран болоод бид ХААИС-иас хөөгдсөн. Дэлхийн топ 100 их сургууль нэг том консорциум болчихоод лекц хичээлүүдээ хөгжиж буй орнуудад онлайн, цахимаар зааж, цахимаар шалгаж гэрчилгээг нь олгодог системд шилжээд удаж байна. Хөгжиж буй орнуудаас үй олон цагаач орж ирээд наалдчихна гэдгээс болгоомжилсон, бас оюуны гайхамшгаа хуваалцая гэсэн нь тэр юм. Тийм сургалтыг манайхан хүлээн авдаггүй, хүлээн авах сэтгэлийн тэнхээ алга гэж бид тэр дор нь ойлгосон. Өөрсдийнх нь зааж ирснийг, заадгийг цаад консорциумын топ 100 их сургуулийн лекцүүд шууд унтраачихна чинээ санасангүй. Оюутнууд нь хошуурч гүйлдээд байдаг, гэм нь англи хэлээрээ тэнцэх нь цөөхөн, харин багш нар нь жинхэнэ бослого дэгдээсэн дээ. Нөгөө гавьяатын шар тэмдэгтэй, алдраа цууриатуулж, оюутнаараа шүтүүлсэн монгол профессорууд ёстой нэг боож үхсэн дээ. 
Оюуны чадавхийг борлуулах зах зээл нь хамгийн түрүүн боловсролын салбар байх ёстой атал манай багш нар хувийн дурсамж, улиг болсон сурах бичгээ шахах талбар гэж ойлгоод байдаг юм билээ. “Хуучин хүү”-д гардаг хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчдаг гавж Жамбал, хууль ёс гэж худал үнэн ярьдаг зайсан Намжил хоёрын XXI зууны хойт дүр болсон “гавьяат”-ууд “өтгөс, хуучид хоёр”-ын “үнэн үг”-ийг монголын их дээд сургуулиудад идтүгээж явна.Дээд боловсрол сааралтсаны жишээ сургамжийг хэлж байна. 
Дэлхийд тэргүүлэх боловсролтойд тооцогдох орнуудад боловсрол шал өөр хуулиар хөгжиж байна. Зах зухаас нь таниулъя. Манайхны багшаас сурагч руу, профессороос оюутан руу чиглэсэн боловсролын тогтолцоо үеэ өнгөрөөсөн. Хуучирсан. Одоо заадаг (teaching) арга өөрчлөгдөөд өөрөө өөрийгөө хөгжүүлдэг өөрөө суралцдаг (learning) зарчим руу шилжсэн. Энэ талаар манайд эхлэл нь ч алга. Боловсролын гол зорилго юу юм бэ гэхэд л сурган хүмүүжүүлэх гэх байх. Энэ бол хангалттай чухал биш, эргэцүүлж боддог, эргэцүүлэл хөгжүүлэхэд (thinking) чиглэх ёстой юм. Саарал боловсролыг засч залруулах хамгийн наад захын аргачлал үүнээс эхэлнэ.
Д.Баярхүү
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан