Өөрчлөлтийг өнөөдрөөс


Өнөөдөр бидний амьдралын нэгэн шинэ хуудас сөхөгдөж бид одоо цагийг бүтээж ирээдүйн төлөө тэмүүлнэ. Гэвч өнөөдрийг өнгөрсөн цаг хугацаа бүтээнэ. Шинэ хуудсыг сөхөхөд өнгөрсөн хуудсуудыг сөхөж үнэнийг олж харах боломж нээгдэнэ. Өнөөгийн нийгмийн үнэн бодит зураглал нүдний өмнө тодроно. Сэтгэл эмзэглэж эхлэнэ... Бодит байдалд бүх зүйл хоосон, худал дүр эсгэлт, өнгөлөн далдлалтын дор өнөөгийн бидний амьдралын үнэн дүр төрх тодроно. Хий хоосон хэлбэрдэлт хэрээс хэтэрч нийгмийг бүхэлд нь ноёрхоно. Үнэн шудрага байдал үнэ цэнээ нэгэнт алдсаныг нийгмийн амьдрал нь гэрчилнэ. Ард түмний итгэлийг уландаа гишгэгчид бардам ихэмсэг дүр төрхийг тодруулан халаасаа түнтийлгэн алхана. Тэдний алхах зам нь төрийн бодлогыг төөрүүлнэ. Ганзагын наймаанд явж мөнгөний амтыг мэдэрч явахдаа ганц номын дуу бүтэн сонсолгүй эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө улайран хөөцөлдөж, тансаглал гэдэг хий хоосон хэлбэрдэлтийг Монголд мода болгон, ажлаа бүтээхийн тулд агуу мундаг хүний дүрийг сэтгэн алтан гинж, аймаар том жийп машин, 9911-тэй дугаар, түнтгэр түрийвч төрийн нэрээр халхавчлан хээл хахуулиар өндөрлөгт мацаж гарсан, хэнэггүй бардамнасан төрийн түшээдээс салах цаг ирсэн мэт. Улс орныг зөв тэгш удирдахын тулд ухаанаа уралдуулан, бодлоо цэгцлэн суух ухаант мэргэдийн сургаалыг эрт дээр үеэс дээдэлсээр ирсэн. Улс орныг удирдана гэдэг хэн дуртай нэгний тоглодог тоглоом биш юм. Эрх мэдэлд шунасан этгээдийн эзэгнэдэг суудал болтлоо утга учраа алдсаар байна. Энэ улсын ирээдүй залуус бидний хичээл зүтгэлээр хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт би итгэдэг. Биеэ засаад гэрээ зас гэдэг үгийг өдөр бүр санаж улс орондоо хэрэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдсэн мянга мянган залуусын зүрх сэтгэлд эх орон нь бий. Монголын нийгэм тэр чигтээ хар бараан өнгөөр будагдсан мэт бид үргэлж энэ нийгмийн болж бүтэхгүй талыг харж, өдөр бүр ярианы сэдэв нэмэгдсээр л...
 
Шийдлийн төлөө биш шинэчлэлийн төлөө биш өнгөрсөн болохгүй бүхнийг өнөөдөр ярьсаар өдөр хоног үр бүтээлгүй өнгөрсөөр л байна. Бид залуучууд, бид Монголын ирээдүй. Өөрчлөлт шинэчлэлийг өөртөө бүтээж, бид дэлхийн иргэн болохын төлөө боловсролыг, чадварыг эзэмшин, мөнхүү эх орныхоо үнэт зүйлийн төлөө тэмцэж чаддаг зоригтой, зорилготой, эрхэмлэх үнэт зүйлтэй шинэ цагийн залуус. Шинэ Монголын иргэдэд боломж бүхэн байна. Улс орны хөгжил бодлогын түвшинд хэрэгждэг. Тиймээс ч төрийн бодлогыг атган суугаа төрийн түшээдийн талаарх бодол хөврөнө. Гэвч! Өнөөгийн нийгэм ямар байгааг бид бүхэн харж байна. Тэнд чухам юу өрнөж байгааг бүгд мэдэж эхэллээ.
 
Төрийн бодлогот суралцсан өндөр боловсролтой залуусын төлөөлөл, эх орноо ард түмнээ гэсэн сэтгэлтэй, саруул сэцэн ухаантай, хүмүүжилтэй төрийн түшээдийг сонгохын тулд бид яг одоо ухаарах сэхээрэх цаг мөн иржээ. Бидэнд хугацаа алга. Энэ эх орны минь хөх тэнгэрийг үнсэн саарал болтол, хүн ард нь толгойгоо өргөх тэнхэлгүй болтол нь ядраан доройтуулжээ. Дээрээ толгойгоо олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг үнэн үгийг санацгаая. Хэдий болтол энэ хэдэн зүрх сэтгэлгүй, хүн чанаргүй, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм боловсролгүй, ёс зүйгүй, хар муйхар аргаар төрийн суудалд мацсан, шунал нь үл барагдах хэдэн нөхдийг одоо ухаарна гэж бид хүлээх ёстой вэ. Бүгд хүлцэнгүй доройгоор байх л ёстой үзэгдэл мэт хэдий болтол өөгшүүлж, муу бүхнийг нь хүлцэн тэвчих ёстой вэ. Нийгэм даяар ноёлсон энэ худал хуурмаг, өнгөлөн далдлалт, дүр эсгэлтээс хэзээ бид гарч чадах вэ?
 
Улс орноо зарж, худалдаж хөлжсөн нэгний тансаг хаус, 570 машин бидний Монголын ирээдүйн залуусын мөрөөдлийн өнгө төрхийг тодорхойлж байна гэхэд үнэн сэтгэлээсээ харамсан эмзэглэнэ. Бидний сэтгэхүйд бүх зүйлийн тайлал нуугдаж байж ч мэднэ. Сэтгэлгээний ядуурлаасаа гарсны дараа бид шинэчлэлийг хийх гэрэл гэгээг олж харна. Залуус бидний сэтгэлд чин хүсэл тэмүүлэл байвал бидний урагшлах зам нэг зүгт гэрэлтэх болно. Миний эх орны баялаг үнэт зүйл бол боловсролтой, эх орныхоо төлөө үнэн цохилох зүрхтэй шинэ үеийн залуус гэж би итгэдэг. Сэтгэхүй нь харанхуйд төөрөлдсөн нэгний тансаглалд нүдээ ухаж өгөөд, харанхуй нүхэнд хамт шигдэж, баялгаа ухагч барлаг болж, үнэт зүйлээ өр төлөөсөнд нь өгч, үнэ цэнэгүй албан тушаалын боол болсон залуусыг харахад сэтгэл эмзэглэнэ.
 
Тэдэнд буцах зам бараг үгүй. Учир нь энэ хүнд хүчир нийгэмд бусдын эрх ашгийн төлөө өөрийн сэтгэлзүйн эрх чөлөөгөө золино. Юуны тулд гэвээс ар гэр амьдрал ахуйгаа бусдаас дор явуулахгүй гэсэн өнөөх л Монголын нийгмийн хий хоосон хэлбэрдэлтийн нөлөөлөл дор амьдарч байгаа учир. Эс бөгөөс үнэн шудрагаар ганц ажилд ч ороход бэрх болсон гэдэг шалтгаанаар эрх мэдэлтнүүдийн бүх л болзлыг зөвшөөрөхөөс өөр зам үгүй. Ид хийж бүтээж, сэтгэх насандаа бүтэлгүй хуйвалдааны гэрч болж гутрах ч боломжгүй, худал инээж, хүний атганд орох нь залуус бидний мөрөөдлийн хэмжүүр гэж үү. Өөрийн үзэл бодлын дархлаагаа хадгалж үлдэж, өөрөө өөрийнхөө баялгийг бүтээж, үнэ цэнэтэй оюунлаг Монгол залуус нэгдэж л эх орноо жинхэнэ хөгжил дэвшилд хөтлөж чадна гэдэгт би итгэдэг.
 
Яагаад бид ардчиллын туг мандсан эх орондоо амаа үдүүлсэн шиг таг дуугүй сууж, улсаа хувааж идээд ханахгүй, ард түмнийхээ сэтгэлзүйг ангалд унаган тохуурхагчдыг өмөөрч хамгаалж суух ёстой вэ. Энэ хэдэн хэзээ ч үл бүтэх нөхдөөс өөр төрөө дөмөгхөн удирдаад явчих чадалтай аавын хүү, ээжийн охин энэ эх оронд минь байхгүй гэж үү. Халаглал дээд цэгтээ хүрчээ, хачин увайгүй нөхдүүдийг хайр найргүй түлхэн унагаах цаг иржээ. Байх ёстой газраа байж, хийж чадах зүйлээ хийх нь хүний ухамсарт үйл юм. Мөнгөний төлөө хөөцөлдөгчид эрх мэдлийн шатаар мацдаг. Засаг төрийн ажил бол тэдний эрх мэдэл мөнгөнд хүрэх өнгөлөн далдлалт төдий халхавч. Улс орны хөгжлийг хэлэлцэх газарт урт хэлтэй, улаан нүдтэй хэдэн нөхөд өврөө түнтийлгэж суудаг нь нэгэнт бүхний нүдэн дээр тодорхой боллоо.
 
Ард түмэн ЖДҮ эрхлэгчидийг дэмжих нэрийн дор жинхэнэ луйвар явагддагийг мэдэж авсан. Энэ бол эхлэл. Бидний мэдээгүй өчнөөн луйвар энэ хэдэн нөхдийн дунд үлдсэн. Цаашид бид хэрхэх талаар бодох цаг хугацаа маш бага байна. Бодох биш хийж бүтээх ганц л зам урд харагдаж байна. Шинэчлэлийг хийх шинэ залуу үеийн төлөөлөл, эрдэмтэд, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэд, бид бүгд нэгдэх цаг ирсэн байна. Үзэл бодлын дархлаагаа тогтоож, үнэт зүйлээ сэтгэлдээ тунхаглацгаая. Брэндээр гоёхын төлөөх биш би-гээ олж танихын төлөө, мөрөөдлийнхөө төлөө, Монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй шинэ Монголын шилдэг иргэн байхыг залуус та бүхэндээ уриалж байна.
 
Өөрчлөлт гэдэг үгийг өнөөдрөөс л эхлэмээр санагдана. Дуугүй байж болох ч дуугүй суух аргагүй болж эхэллээ. Нийгмийн гэрэл гэгээг нийтээрээ асаах цаг ирсэн гэж би бодно.

https://www.facebook.com/otgon.gereltod.3/posts/2213096392288617
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан