Дампуурахдаа тулсан ХЗХ-г хаацайлсны шалтгаан юу вэ, С.Даваасүрэн дарга аа


Санхүүгийн зах зээлийн хар толбоор хадгаламж зээлийн хоршоод дампуурч, олон мянган иргэн хохирсон түүхийг нэрлэж болно. 2000 оны эхээр 20 гаруй Хадгаламж зээлийн хоршоо дампуурч, 8300 иргэнд 72 тэрбум төгрөгний хохирол учруулсан. Тэгвэл энэ түүх дахин давтагдах уу. Дахин 1000 гаруй иргэн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирох уу. Ийн муу ёрлосны учир нь “Монкорд” гэх хадгаламж зээлийн хоршоо дампуурч болзошгүй байдалд хүрснийг Санхүүгийн зах зээлийн зөвлөлөөс анхааруулжээ.
 
 
Тус зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод “Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны доголдлын тухай” албан бичиг илгээжээ. Хууль зөрчсөн, ажил үүрэгтээ хойрго хандсан, цаг хугацаандаа шийдэгдээгүй гэх 14 асуудлыг багтаасан бичгийн 10 дугаарт:
 
“Монкорд” хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 30.5.2-т заасан “хадгаламж зээлийн хоршооны санхүү, төлбөрийн чадвар муудсан, өөрийн хөрөнгөгүй болсон”, нөхцөл бүрдсэн байна. Санхүүгийн зохицуулах хороо “Монкорд” хадгаламж зээлийн хоршоо-г 2017 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд илэрсэн зөрчлийг нуун дарагдуулахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж оролдсон. Энэ талаар хорооны гишүүдэд мэдэгдээгүй байсан бөгөөд хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн өр төлбөрийг барагдуулах талаар огт ажиллахгүй байна. Зөвхөн “Монкорд”-оос гадна бусад хадгаламж зээлийн хоршоодын нөхцөл байдал сайнгүй байх магадлалтай байгаа тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” хэмээн бичжээ.
 
Энэ мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэнгийн гарын үсэг, тамга тэмдэгтэй “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны дарга Л.Ариунаад хаягласан мэдэгдэл батална. Тус мэдэгдэлд “...Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал дахин давтагдаж, төлбөрийн чадварын эрсдэлд орсон байна” хэмээн тодотгож, хоршооны үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөгөө яаралтай ирүүлэхийг шаардсан байна. Нэг үгээр хэлбэл 1500 гаруй гишүүний эд хөрөнгө дээсэн дөрөөн дээр байгааг Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн зах зээлийн холбоо мэдэж, мэдэгджээ.
 
Хамгийн ноцтой нь Санхүүгийн зах зээлийн холбооны бичгэн дээрх “...илэрсэн зөрчлийг нуун дарагдуулахын зэрэгцээ тусгай зөвшөөрлийг нь сунгах гэж оролдсон” гэх үгс. Тэгвэл хэн дампуурахдаа тулаад бус хадгаламж зээлийг хоршоог хаацайлж, иргэдийг эрсдэл рүү түлхэв. Энд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн шууд холбоотой байх магадлалтай. “Монкорд” хадгаламж зээлийн хоршоог санхүүгийн эрсдэлд орсныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон цөөн хэдэн удирдлага мэдэж, бусдаас нууцалсан гэх. Бүр бүтэн жил дарж, хадгаламж эзэмшигч иргэдийг хохироож байна гэх мэдээлэл ч байна.
 
Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны доголдол, цаашлаад хадгаламж зээлийн хоршоодын хүндрэл зөвхөн мэргэжлийн холбоод дээр яригдсан асуудал биш аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд, Б.Ундармаа нараас бүрдсэн ажлын хэсэг хяналт шалгалт хийж, санал дүгнэлтээ гаргажээ. Өөрөөр хэлбэл асуудал УИХ-ын хэмжээнд хүртэл яригдсан гэсэн үг.
 
Өдгөө ч энэ асуудал үргэлжилж, Санхүүгийн зохицуулах хорооноос “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд шалгалт хийж байгаа гэх мэдээллийг тус байгууллагаас өгсөн. Энгийнээр бодсон ч дахин дахин шалгалт оруулж, мэргэжлийн холбоод анхааруулга өгөөд байхыг бодоход “Монкорд”-ын байдал тун эвгүй байх нь. Гэхдээ яагаад энэ бүхний тухай үнэн бодит мэдээллийг ил тод өгч, хадгаламж эзэмшигч иргэдийг эрсдлээс хамгаалахгүй байна вэ? Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Тэгвэл одоо л үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах цаг. Төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа Санхүүгийн зохицуулах хороо, түүний удирдлага С.Даваасүрэн нэг байгууллагын алдааг хаацайлах ёсгүй. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлаас болж, олон мянган иргэл хохирсон гашуун сургамж бэлээхэн бийг сануулах нь илүүц биз ээ.
 
 
М.Болд
http://www.shuud.mn/a/504349
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан