Авто үйлчилгээ эрхлэгчдээс чанар, аюулгүй байдлын баталгаа нэхье


Баримт-1. 
2020 оны зургаадугаар сарын 06-ны өдөр 14.00 цагийн орчим цемент ачиж явсан ачааны машин Хан-Уул дүүргийн нутаг дахь Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны харуулын байр болон ойр хавьд нь зогсож байсан 13 авто машиныг мөргөж, их хэмжээний хохирол учруулсан ноцтой осол гарсан. Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн мэдүүлснээр машиных нь тоормосны үйл ажиллагаа зогссоноос дээрх золгүй хэрэг явдал гарчээ.Баримт-2. 2020 оны долоодугаар сарын 15. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Цагаан даваанд шатахуун тээвэрлэсэн автомашин тоормосгүй болсны улмаас онхолдож, шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан дөрвөн автомашин болон нэг мотоцикл галд өртөн шатаж, ослын улмаас 3 хүн нас барсан юм.Баримт-3. 2019 оны аравдугаар сарын 19. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Ар Гүнтийн даваа орчимд том оврын автобус онхолдож, ослын улмаас долоон хүн амь насаа алдсан. Тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд "Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэж мэдүүлэг өгчээ. 
АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДЫН 60 ХУВЬ НЬ ЭРСДЭЛТЭЙ 
Олон нийтийг цочирдуулсан осол авааруудаас ойрмогхон гарсан зарим жишээг энд дурдлаа. Эрдэнэт хүний амь нас эндсэн ийм ослуудын учир шалтгааныг нарийн шалган тогтоодог байж таарна. Тэгж гэмээнэ дахин ийм золгой хэрэг явдал гарахаас урьдчилан сэргийлж чадна. Ийм бодлоор хууль хяналтынхан болон автын мэргэжлийн байгууллагуудад итгэж найдаад өнгөрч болох ч дээр дурдсан шиг нэгэн ижил шалтгаан, нөхцөлтэй осол авааруудын давтамж ойртоод байна уу гэсэн хар сэр бас төрөх. Тодруулбал, тоормос ажиллагаагүй болсноос ноцтой осол аваар гарсаар байгаа юм биш биз. Ингэж хардах эрх хүн бүхэнд бий. Энэ хардлагыг угүйсгэх, эсвэл батлах мэдээлэл төрийн болон төрийн бус байгууллагуудад хэр байна вэ. Зөвхөн тоормосны тухай энд ярьж байгаа юм биш. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал замын хөдөлгөөний аюулгүй байдлын баталгаа. Энэ баталгаагаа жолооч бүхэн, зорчигч бүр бүрэн хангуулж байх ёстой. Эс тэгвэл эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулна. Эхэнд дурдсан ноцтой ослуудын хувьд хэрвээ машиных нь тоормос бүрэн ажиллагаатай байсан бол ийм золгүй явдал гарахгүй, хүний амь нас эрсдэхгүй л байж. Эдгээр тохиолдолд, хурд хэтрүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх мэт зам тээврийн ослын нийтлэг шалтгаанууд биш ганцхан тоормосны үйл ажиллагаа л нөлөөлжээ. Харамсалтай биш гэж үү. Тоормос нь эвдэрсэн, эвдрэх эрсдэлтэй байгааг мэдээгүй нь нэгдүгээрт жолоочийн, хоёрдугаарт авто тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын буруу болж таарна. Жил бүрийн оношилгоо үзлэгтээ хамрагдаж, тээврийн хэрэгслийн бүрэн байдлаа хангасан бол ийм осол гарахгүй байх байсан. Өлзийтийн шалган бүртгэх товчооны харуулын байрыг мөргөсөн ачааны машины жолооч л гэхэд тээврийн хэрэгслээ хуулийн хугацаанд хяналтын үзлэг, оношилгоонд хамруулаагүй байжээ. Энэ бол тухайн жолоочийн буруу. Цаашилбал, уг бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан ААНБ нь ч буруутай. Нөгөө талаар тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хангалтгүй хийснээс эвдрэл гэмтэл үүсч, улмаар осол аваар гарахад хүрсэн байвал тухайн авто үйлчилгээ эрхлэгч хувь хүн, байгууллага буруутаж таарна. Бидний жишээ баримт болгон авсан гурван ослын хувьд аваад ямар нэгэн аж байгууллагын тээврийн хэрэгслүүд байж. Тиймээс ачаа бараа зөөдөг, аюултай ачаа тээвэрлэдэг хүнд даацын автомашин, хүн тээврийн том, жижиг оврын автобустай тухайн аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслүүдийнхээ бүрэн бүтэн эсэхийг байнга шалгаж байдаг автын инженер, механикуудтай байх ёстой. Ийм энгийн шаардлага, дүрэм журам, норм стандартыг мөрдөөгүйгээс ноцтой осол аваарууд гарсан юм биш байгаа. Товчхондоо бол энэхүү бичвэрээр гаргах гэсэн гол санаа, гол хардалт бол авто тээврийн ослуудын нэг гол шалтгаан нь бүрэн бус техник, өөрөөр хэлбэл авто үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн бус, хариуцлагагүй хандлага ийм золгуй байдлыг нөхцөлдүүлж байна уу гэдэг асуулт юм. Үнэхээр зам дээр гээгдсэн амины цаана засварчдын буруу байдаг юм биш биз!
Албаны эх сурвалжийн яриа үүнд хариулт болно. Авто тээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тээврийн хэрэгслийн тоо өсөхтэй зэрэгцэн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэх, сэлбэг материалаар хангах үйлчилгээ эрхлэгчид олноор бий болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 3500 гаруй авто үйлчилгээний байгууллага үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн албан бус тоо байна. Ийм төрлийн авто үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа бол 30 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хэлбэртэй байна. Энэ олон хувь хүн, авто үйлчилгээний байгууллагууд чанаргүй үйлчилгээ үзүүлэх, шаардлага хангахгүй сэлбэг хэрэгслээр үйлчлэх зэрэг зөрчил дутагдал олон байгаа нь нууц биш.
 
 
 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар Улаанбаатар хотод 368 цэгт үйлчилгээ үзүүлж буй засварын газар хяналт, шалгалтад хамрагдаж үүнээс 57 нь их, 66 нь дунд эрсдэлтэй гэж дүгнэгдсэн байна” хэмээн онцолжээ.  
 
Ийм эрсдэлтэй авто үйлчилгээ эрхлэгчид олширсоор байгаа нөхцөл байдлаас үүдэн энэ төрлийн үйлчилгээний салбарт төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг ч тэрбээр дурджээ. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан зам тээврийн осол, аюул учрах эрсдэлтэй гэдгийг албаны хүн анхааруулсан байна. Авто үйлчилгээ эрхлэгчдийн 60 хувь нь өндөр эрсдэлтэй буюу мэргэжлийн бус, чанаргүй үйлчилгээ үзүүлж байгаа нь зам тээврийн ослын нэг шалтгаан яах аргагүй мөн.
 
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААГ АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САНГААС 
Зам, тээврийн сайдын тушаалаар 2016 оны дөрөвдүгээр сард Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам, Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журам батлагдсан. Энэ бол авто үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон маш чухал хууль эрх зүйн актууд. “Амьжиргааны гудамжныхан” гэгддэг сайн дурын, мэргэжлийн бус “халтуурчид"-аар авто машинаа засуулаад, буух мөргүй, буцах эзэнгүй үлддэг, мөн тэдний аманд өрсөн үнийг төлж, ямар ч баталгаагүй үйлчилгээ авдаг энэ байдал дээрх хоёр журмаар цэгцэрч, цэглэгдэх ёстой. Тэр хэрээр бидний хөндөж буй өнцөг болох тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалж гарах осолаваарбуурахучиртай. Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журамд зааснаар Авто үйлчилгээний мэдээллийн сан байгуулагдсан. Энэхүү нэгдсэн санд тохирлын үнэлгээ хийх, ангилал тогтоох, засвар үйлчилгээний болон ашиглалтын бусад мэдээлэл төвлөрөхөөр журамлагджээ. Тухайлбал, тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд холбогдсон зам тээврийн осол, гал түймэр, байгалийн гамшиг, техникийн хяналтын үзлэг, даатгал болон марк, зориулалт өөрчилсөн мэдээлэл энэхүү санд бүртгэгдэн хадгалагддаг байна. Тиймээс жолооч нар энэхүү Авто үйлчилгээний мэдээллийн санд холбогдсоноор авто машин худалдан авахдаа тухайн машин нь өмнө нь аль засварын газар ямар үйлчилгээ хийлгэж байсныг бүрэн мэдэх боломжтой юм. Бүр нарийвчилбал, тухайн тээврийн хэрэгслийн хэр зэрэг засвар, үйлчилгээ хийлгэж байсан цаашлаад ямар засварын газраар хэн гэдэг засварчнаар ямар засвар, үйлчилгээ хийлгэж байсан, аваар, осолд орж байсан уу үгүй юү, мөн аваар осолд ороод даатгалаас ямар хэмжээний нөхөн төлбөр авч байсан болон байгалийн ямар нэгэн гамшигт өртөж байсан зэрэг мэдээллийг Авто үйлчилгээний мэдээллийн сан буюу www.autobox.mn цахим хуудсаар ороод л авах боломжтой. Ингэснээр иргэд авто машин худалдаж авахдаа тухайн тээврийн хэрэгслийнхээ талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авахаас эхлээд олон талын ач холбогдолтой.
 
Энэхүү Авто үйлчилгээний нэгдсэн сан байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд 329 авто үйлчилгээ эрхлэгчийн мэдээлэл бүртгэгдэж, тэдгээр газраар засвар үйлчилгээ хийлгэсэн тээврийн хэрэгслийн 4109 түүх бүртгэгдсэн байна. Уг мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өдөр тутмын засвар үйлчилгээний мэдээ мэдээллээ оруулж байгаа аж. Албан ёсоор 1500 гаруй, албан бусаар 3500 гаруй авто үйлчилгээ үзүүлэгч иргэн, аж ахуйн нэгж бий гэдэгтэй харьцуулбал Авто үйлчилгээний мэдээллийн санд хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо тун хангалтгүй байгаа ажээ. Энэ хангалтгүйн цаана, хууль, журмын цоорхойгоор хувиараа, баталгаагүй, чанаргүй авто үйлчилгээ эрхлэгчид хэдэн зуугаараа үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. 
 
 
 
Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засвар хийх журмын дагуу аливаа авто үйлчилгээний байгууллага хийсэн засвар, үйлчилгээндээ зургаан сараас доошгүй хугацаагаар баталгаа гаргаж өгөх үүрэгтэй. Энэ бол нэг талаас тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, нөгөө талаас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хийгдэж байгаа ажлууд гаж ойлгож болох юм.
 
 
 
Гэтэл энэ баталгааг Авто үйлчилгаэний мэдээллийн санд бүртгэгдээгүй аж ахуйн нэгж, иргэдээс нэхэх боломжгүй. Тиймээс техник, технологи хурдацтай хөгжиж авто машины хийц улам нарийсаж, жолооч болон засварчнаас өндөр ур чадвар шаардах болсон энэ үед авто үйлчилгээ, засварыг мэргэжлийн байгууллага, нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид гүйцэтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болж буй. Өөрөөр хэлбэл хууль, журамд захирагддаггүй “амьжиргааны гудамж”-ныхныг цэгцэлж, албан ёсны, мэргэжлийн авто үйлчилгээ эрхлэгчдээс аюулгүй байдал, чанарын баталгаа нэхэх цаг болжээ.
 
 
Г.ХангардиЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу