Сэрэмжтэй, хямгач хэрэглээг чухалчилъя


Даян дэлхийг айдаст автуулж, бараг бүх орныг хамран 13 сая гаруй хүнд халдварлаж, 600 мянга орчим хүний амь насыг аваад байгаа “COVID-19” хэмээх шинэ төрлийн тахал улс орнуудын дэг журам, ёс заншил, уламжлал хэвшлийг нь өөрчлөн шинэчлэхэд хүргэж, тэдгээрийн тусгаар төрх, биеэ даах төлөвийг харуулж, хүн ардынх нь зан чанар, сэтгэлгээний онцлог, сахилга, хариуцлагыг ч илчилсээр байна.
Бас эрхэм иргэн Та хэн байх нь хамаагүй /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, эрхэм гишүүн, тэрбумтан, алдар гавьяатан, энгийн ажилчин, өндөр настан, хүүхэд, залуучууд/ уг тахал халдварлавал ямар ч ялгаагүй цөм л хохирогчид болдгийг ч бас ойлгууллаа.
Харин энэ аюулт тахлын улмаас хорвоо дэлхий, улс орнуудын эдийн засаг, нийгэм цаашид хэрхэн яаж өөрчлөгдөх, шинэчлэгдэх нь л тодорхойгүй...
Юутай ч улс орнууд хилээ хааж, дотооддоо хатуу хорио-цээр тоггоосноор томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татах, хүнсний бараа бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаа хаагдах, удаашрах байдалтай болоод байна. Энэ бүхэн нь даяарчлалын сөрөг үйл явц учир улс орон бүр эдийн засгаа тэтгэх, дотоод үйлдвэрлэл, нөөц, бололцоогоо илрүүлэн дайчлахад хүргэж байна. Тухайлбал, БНХАУ гадаадын 20 гаруй орноос хүнсний бараа, бүтээгдэхүүн импортлохоо зогсоосны дотор Европоос загас, АНУ-аас шувууны мах оруулахыг бүрэн хоригложээ.
 
 
Арлын 5.7 сая хүн амтай Сингапур тариалах газар нэн хомсдолтойгоос газар тариалангийн гол бүтээгдэхүүн будаа, гурилаа импортоос голлон хангадаг байсан нь багагүй хүндрэлд учруулж, Засийн газар нь нутгийнхаа фермүүдийн санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, “Илүү ихээр, түргэн ургуулах, хүнсээ хямгач хэрэглэх” зорилт дэвшүүлэн олон давхар байщин, машинуудын зогсоолын дээвэр дээр хүртэл тариалалт хийж эхэлжээ. Энэчлэнгээр улс орон, хүн бүхэнд энэ аюулт тахал элдвийг, ихийг бодогдуулж, ажил амьдралд өөрчлөлт шинэчлэл, арвич хямгач байдлыг шаардаж, идэж уух, өмсөх зүүхдээ ч зохих хязгаарлалт тогтоохыг сануулж байна.
 
 
 
Манай улсын хувьд дотооддоо халдвар алдаагүй ч Цагаан сараа золголт, бэлэг сэлтгүй, Монгол наадмаа үзэгчгүйгээр хотоос зайдуу, түүхэн нутагт зохион байгуулсан нь зон олны сэтгэлд нийцтэй, шинэлэг сайхан боллоо. Иргэд ариун цэвэр сахих нь хаа сайгүй мэдэгдэм сайжрав. Хүмүүс гудамж талбай, автобусны буудал зогсоолд шүлс, нус цэрээ хаях, тамхи татах нь үлэмж багасаж, гараа тогтмол угааж, ариутгадаг боллоо. Амны хаалтыг ер нь хот, хөдөөгүй зүүж хэвшиж, хүмүүс уулзахдаа хоорондын зайг баримтлан, өрнө зүгийнхний ёсоор гар барих, дорныхоо ёс уламжлалаар хоёр алгаа хавсран бөхийн мэндчилдэг болж байна.
 
 
Монголчууд бид азтай, тэнгэрлэг учир дотоодод цар тахал тархахгүй байгаа юм огт биш. Гол нь Засгийн газрын чигч бодлого, тууштай ажиллагаа, хил хамгаалалтынхан, халдварын голомтод аюулт өвчинтэй, өвчтөнүүдтэй нүүр тулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ачит эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ухамсартай, хариуцлагатай, тэвчээртэй, мэргэжлийн ур чадвартай холбоотой. Товчхондоо тэд Монгол эх орноо, Монголоо, Монголчууд биднийгээ хамгаалж чадаж байна. Эрүүл энхийн сахиусан тэнгэр эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан та нартаа баярлалаа. Та бүхний энэ гавьяат үйлс, үнэнч сэтгэл, зүтгэл, мэргэжлийн ур чадвар чинь төр засагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарагдаж байгаа нь үнэхээр бахархалтай.  
Гэтэл богино хугацаанд иргэдийнхээ 140 мянга шахмыг энэ тахлаар алдаад, хоногт 60 орчим мянган халдвар шинээр бүртгэгдэж байгаа АНУ-аас Монголчуудын агаараар илгээсэн ачаа бараа 14 хоногт Улаанбаатарт ирдэг байна. Ийм замаар ирсэн бараа, хүнсний бүтээгдэхүүнээс халдвар тархахгүй гэх баталгаа байна уу. Тийм учраас айл өрх, хүн бүр зөвхөн төр, засагт найдахгүйгээр өөр өөрсдийн эрүүл мэнд, амьд явах баталгаа болсон хоол хүнснийхээ чанар стандарт, ариун цэвэр, үйлдвэрлэл-хэрэглээний хугацаа зэрэгт аюулын энэ тахлын үед онцгои анхаарч, аль болох сонор сэрэмжтэй байх ёстой.
Цар тахлын улмаас улсын төсөв, эдийн засаг хүндэрсэн, цаашид улам хүндэрч болзошгүй нөхцөлд иргэд хүмүүс нэн сэрэмжтэйгээр дэглэм барьж хоол хүнсээ “буух эзэн, буцах хаягтай” найдвартай үйлдвэр, бааз, дэлгүүр, гуанз, нэгжээс худалдан авч, түүнээ аль болох хямгачаар, арвилан хэмнэлттэй хэрэглэж занших нь нэн чухал болж байна.
 
 
 
Т.ДАШДЭЛЭГ/Хүнсний инженер-технологич/
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу