Энэ улс оронд чинь эзэн байна уу

Хаашаа л харна ирэх дөрвөн жилд эрх барихын төлөөх сонгуулийн хэрүүл. Энэ хооронд ажиллаж байгаа төрийн байгууллага ховорхон болж. Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх онгоц хөлөглөн нэр дэвшигчдээ дэмжээд явах юм. Ардын баатар аятай л ”Ард түмэн намайг хамгаална” гэчихсэн хэдэн хамгаалагчаа хөөж тууж харагдсан. Таныг ард түмэн хамгаалахгүй ээ, Ерөнхий сайд аа. Та ард иргэддээ үйлчлэх ёстой хүн шүү дээ. Хамгаалаад явах чадал ч иргэдэд алга. Сонгуулийн дуулианд дарагдан өдрөөс өдөрт өсч буй ам.долларын ханшийг хар. Монгол төгрөгийн ханш энэ байдлаар суларсаар хаа хүрэх бол. Манай Ерөнхий сайд энэ бүхнийг үл тоон, гоё гоё юм яриад гаргасан журмаа үл тоон түмэн олныг цуглуулан, шавуулж, тэвэрч наалинхайтаад сонгуулийн сурталчилгаа хийгээд явах юм. Энд тэнд инээмсэглэсэн зураг нь тавигдаж, өөрийн намын нэр дэвшигч эмэгтэйн зүүсэн маскыг янзалж өгч эрхлүүлсэн зургаа сошиалд тавиад явах ямар их зав бэ.
Ард түмэн намайг хамгаална гэж сүржигнэх зуур энэ улсын аж ахуйн ажил хөсөр хаягдлаа. Зуны сар сонгуультай зэрэгцэн дуусч наадам, амралт гэсээр намартай золгоно. Бүх жижиг бизнес зогссон байхад түрээс нь хэвээрээ байна. Коронаг дотогш алдчихаагүй нь сайн ч энэ нь ард иргэдээ айдсаар хүлж хориг тавьж илүү алхуулахгүй болгосон. Энэ урт хоригийн цаана эдийн засаг тэр хэмжээгээр хохирч байгаа. Гэнэт нэг өдөр цочир мэдэгдэл хийж иргэдээ эрхлүүлнэ гэж амлаад юу болов. Баахан амлалт, сонгуульд зориулсан бэлэн мөнгө тараалт нь монголчуудын амьдралыг цаашид сайн сайхан болгох уу.
Ажил хийж буй хүн бүрт өгөх өнөөх 200 мянган төгрөг чинь хаачив. Одоо цаашид юу хийх юм. Сонгууль хүртэл аргалаад өнгөрдөг юм байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ яаж амьдрах билээ. Дөрвөн жилийн өмнө мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэж амлаад хичнээн төрлийн татвар нэмлээ. Хүмүүс байдгийгаа бараад дууслаа. Сонгуулийн маргааш нэг өдөр бий шүү дээ.
Коронагаагаар айлгаж байгаад өрсөлдөгч намынхан, шинэ нэр дэвшигчдэд гишгэх газаргүй болтол хаалт хориг тавьж байгаа. Иргэдтэй уулзаж өөрийгөө таниулах боломж өгөхгүйн дээр тараах материалаа өгөх гэж хаалга тогшихыг хориглолоо. Эрх баригчид тэгш бус гараанаас сонгуульд оролцож байна. Өөрсдийнхөө тайлан гэж хэдэн боть номноос зузаан сэтгүүлээ далд сурталчилгаа хэлбэрээр хаалга тогшин өгсөн. Ноолуур зарж энэ оны 4 дүгээр сар буюу сонгууль болохоос хоёр сарын өмнө малчид ноолуураа зарж орлого олдог үед нь Хөдөө аж ахуйн сайд нь 105 мянган төгрөгөөр зах зээлийн бус ханшаар ноолуур худалдаж авах шийдвэр гаргаж, өөрийн нэр дэвших санаатай байсан тойргоосоо хамгийн олон хүнтэй сумдыг ялган авлаа. Угтаа зах зээлийн ханш нь 80-85 мянгын үнэтэй байхад ингэж өндөр үнээр худалдаж авна гээд сүүлдээ хүлээлт үүсгэж малчид ноолуураа зарах эсэхээ мэдэхээ больсон. Одоо ноолуур та бүхний “буянаар” 30 орчим мянга байна.
Эрх баригч намын буруу бодлогоос, нэг сайдын тэнэглэлээс болж мал аж ахуй эрхэлдэг малчин түмэн хохирлоо. Ид ноолуураа малчдаас худалдан авдаг үед нь зохиомол үнэ бий болгосноор ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ч эдийн засгийн маш их хохирол учрууллаа. Энэ утгагүй шийдвэр нь хэрэгжих боломжгүй болохоор уучлал гуйсан төдий болоод энэ шийдвэрээсээ буцсан. Малчдыг ингэж ид орлого олдог үед нь хуйгаар нь хохироочихоод юман чинээ тоосонгүй ээ, энэ засаг. Ерөнхий сайд аа, сонгуулиа хоёрдугаарт тавьж, улс орноо нэгдүгээрт тавихгүй юм уу. Хэдэн яамд чинь эзгүй байна. Салбарын сайд нар нь нэр дэвшээд хөдөө гадаагүй сонгуулийн сурталчилгаа хийгээд явчихлаа. Зарим нь Ерөнхий сайдаа дагаад явж байгаа харагдах юм. Төрийн ордон нам гүм. УИХ-ын дарга нь цэнхэр өнгийн цэрэг хувцас өмсчихсөн Баянхонгорт хөөрөг зөрүүлээд патиараа татуулж инээмсэглээд явах юм. Ажил хийж байгаа хүн алга. Хувь компани, жижиг, дунд бизнес эрхлэгчид банкны хүү, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй дампуурч эхэллээ. Дор хаяж, аймаг, дүүргийн Засаг дарга нар нь ажлаа хийхгүй алга боллоо. Энэ улсад хэн жаргалтай вэ, уралдаант шалгаруулалт болвол манай төр засгийн удирдлагууд л хамгийн эхний эгнээнд жагсах байх. Эрхбиш Ерөнхийлөгч буурь сахиж суугаа биз.
Хотод ганц хийж байгаа нь мод тайрч байж, иргэдийн эсэргүүцлийг ч авч хэлэлцэлгүй барьж байгаа усан оргилуур. Усыг нь сав саваар зөөх юм дуулдсан. Улс орон, ард иргэддээ хэрэгтэй юм хийж байгаа юм байна уу. Өдийд барилгын ажил, замын ажлууд жигдрээд яралзаж байх ёстойсон. Цемент нь яасан нь мэдэгдэхгүй хомсдоод барилгынхан ажлаа зогсоолоо. Махны үнэ тэнгэрт хадлаа. Шонхор зах дээр үхрийн мах кг нь 17 мянган төгрөг болчихоод байна. Сүүлийн нэг сарын дотор үнэ нь огцом өслөө. Сонгуультай холбоотой үнийг нь барих гэж оролдон нөөцийн мах их хэмжээгээр гаргасан ч чанар муу, тэр чигээрээ яс байгааг иргэд шүүмжилж байна. Сонгуулийн дараа яаж амьдрах улс вэ. Сонгуульд зориулсан алдагдалтай төсвийн үр дүнг сонгуулийн дараа иргэд илүү ойлгоно. Өмнөх дөрвөн жилд хууртсан ч дахиад хуурахаар сайхан зүйл ярьсаар л явна лээ. Манай эдийн засагт дэлхий муу дүн тавиад байхад эрх баригчид бодит үнэнийг нуусаар л. Өнөө маргаашийг аргацаан коронагаар айлган ямар илбэ жилбэ, арга залиар ч юм, хувийнх нь рейтинг намаасаа өндөр яваа Ерөнхий сайд та сонгууль дуусна гэдгийг мэдэж байгаа биз дээ. Дарханы замыг хэзээ барьж дуусгана гэлээ дээ.
Тэнд чинь коронагаар үхэхээс дутахааргүй олон хүн амь эрсдэж байна. Өчигдөрхөн нэр дэвшихээр явж байсан хоёр залуу там болсон замд амиа алдлаа. Гурван хүний амь дээсэн дөрөөн дээр байна. Хоног өнжихгүй энэ зам дээр хүмүүс алтан амиа алдсаар байх уу. Эрх баригчид та бүхний аз жаргалын тухай хэмжүүр юу юм бэ. Мөрийн хөтөлбөр, уриа лоозондоо байнга энэ тухай өгүүлэх атлаа ард иргэдээ аз жаргалгүй амьдруулж байгаа чинь даапаалж байгаа хэрэг үү. 

Д.Мөнгөндалай
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу