УИХ-ын сонгуульд нам эвслүүд 5.9 тэрбумыг зарцуулна

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа тулсан учраас холбогдох газрууд хуваарийн дагуу ажиллаж байна. Тухайлбал, СЕХ-ноос хамгийн сүүлд сонгууль зохион байгуулах төлөвлөгөөг баталсан бөгөөд үүний дагуу шат дараалсан ажил өрнөж байгаа юм. Уг хуваарьт тусгаснаар улс төрийн нам, эвслүүдийн сонгуульд зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө батлах учиртай. Энэ талаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нарийвчлан тусгасан байдаг. Үүний дагуу төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцэслэн тогтоолоо. Нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын хүрээнд баталсан аргачлалын дагуу тооцоолон хийсэн байна. Ингэхдээ холбогдох төрийн байгууллагуудаас хуульд заасан мэдээллийг гаргуулан авч ажилласан аж. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авчээ.
Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.2 дугаар зүйлд заасны дагуу тухайн газар нутгийн байршил, өрхийн тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, сонгогчдын тоо зэргийг харгалздаг бөгөөд Үндэсний аудитын газраас тойрог тус бүрт сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргаад байна. Уг зардлыг бодитойгоор гаргах зорилгоор зардал тооцох хэвлэл, сонин, сэтгуүл, шатахуун, радио, телевиз, цахим үйлчилгээ зэрэг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурваас доошгүй этгээдээс үнийн судалгаа авч, дунджаар нь тооцсон байна. Мөн бизнесийн байгууллагуудаас ч холбогдох чиглэлийн үнийг гаргаж дунджаар тооцсон ажээ.
Уг тооцооллоор 2016 оны сонгуулийн зардалтай ойролцоо дүн гарчээ. Тухайлбал, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жилд нам, эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан бол 2020 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбумаар тогтоожээ.
Энэ нь инфляцын өөрчлөлттэй холбоотой гэдгийг Үндэсний аудитын газраас онцолж буй. Тус газрын мэдээлснээр 2016 оны ээлжит сонгуулийн дүнгээр нэг нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ 322 сая төгрөг байсан бол 2020 онд 410 сая болон өөрчлөгдөхөөр байгаа юм. Мөн улс төрийн намуудаас ч энэ талаарх саналыг авсан байна. Энэ жилийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 2016 оныхтой харьцуулахад хэд хэдэн онцлогтой. Учир нь Сонгуулийн хуулийг тус тусад нь болгон салгаснаас гадна тойрог, мандатын тоог ч мөн шинэчлэн тогтоосон. Тухайлбал, өнгөрсөн 2016 оны сонгуульд нийслэлийн мандатын тоог нэмсэн бол энэ удаад цөөлсөн. Ингэснээр Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь аймаг нэг мандаттай байсныг тус бүр хоёр болгосон. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр зургаан мандаттай байсныг тав болгосон төдийгүй Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүр дөрвөн мандаттай байсныг гурав болгосон. Ингэснээр өмнө нь 76 тойрогтой байсан бол энэ удаагийн ээлжит сонгууль аймаг 20, нийслэл есөн тойрог нийт 29 /олон мандаттай/ тойрогтой болсон.
Тиймээс сонгуулийн нийт зардлыг тооцоолох суурь үзүүлэлт болох тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо, өрхийн тоо зэрэгт өөрчлөлт оруулаад байгаа юм. Энэ нь зардлын хэмжээнд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаарх шинэ заалтыг хуульд оруулсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2.7-д энэ талаар нарийвчлан тусгасан учраас нам, эвсэл болон нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо дээрх заалтыг харгалзан, нэмж тооцжээ. Дээрх суурь үзүүлэлтээс гадна сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтооход хүн ам болон сонгогчийн тоо өссөн нь голлон нөлөөлдөг байна.
Энэ талаар Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор С.Энхбаатар “Зардлын дээд хэмжээг тогтоохдоо Сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгаатай холбоотой бүх зардлыг гарах ёстой. Ажиллах хүч, ухуулах байр, сурталчилгаа зэргийг тооцож үзсэн. Нэг нэр дэвшигч сурталчилгаагаа явуулахад 40 орчим мянган сонгогчид сонгуулийн сурталчилгаагаа явуулах шаардлагатай болдог. Өрхийн болон сонгогчийн тоо өөрчлөгдсөн нь сонгуулийн зардалд нөлөөлж байна. Мөн цахим орчинтой холбоотой зардлуудыг тооцож гаргасан” хэмээн онцолсон. Энэ оны зургаадугаар сарын 24- нд болох УИХ-ын ээлжит сонгуульд нэг нэр дэвшигчээс гаргах зардлын дүнг Үндэсний аудитын газар хэрхэн тогтоосныг танилцуулъя.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан