Тавантолгойг онилсон З.Энхболдын “нөмөр”-т байдаг гэх “Страто” болон “Хишиг арвин индустриал”-ийн фактууд

ЕТГ-ын дарга асан, ноён З.Энхболд энэ албан тушаалаас буугаад Тавантолгойн ордын талаар ярьж эхэлсэн. Гэвч ноён З.Энхболд Тавантолгойн ордыг үнэн сэтгэлээсээ хамгаалдаг уу, ард нь өөр эрх ашиг нуугддаг уу гэдэг эргэлзээ төрүүлж эхэлсэн.
Хамгийн тү­рүүнд түүний дүү З.Хишиг­тогтохын найз А.Баттүшиг нарын “Страто” компани Тавантолгойн ордтой холбоотой болж таарсан.
Нэг. “Страто” ХХК нь Ачитсайханы Баттүшигийн 100 хувийн эзэмшилд  2015 оны наймдугаар сарын 7-нд байгуулагджээ.
“Страто” ХХК-ийн хувь эзэмшилд 2018 оны зургадугаар сарын 18-нд өөрчлөлт орж Ачитсайханы Баттүшиг 47 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг 53 хувийг эзэмшдэг болжээ.
Улмаар 2018 оны есдүгээр сарын 13-нд дахин өөрчлөлт оруулж Ачитсайханы Баттүшиг 37 хувь, Гончигийн Эрдэнэбилэг 10 хувь, Эрдэнэцэцэгийн Сэржмядаг гурван хувь, БНХАУ-ын  “Шаньдун Шенхан Жиеэ Эдийн засгийн худалдааны ХХК” 50 хувийг нь эзэмших болсон байна.
“Шаньдун Шенхан Жиеэ Эдийн засгийн худалдааны ХХК” нь БНХАУ-ын Шаньдун мужийн Зоу Чэнши хотод “Шаньдун Шиншэн хөрөнгө оруулалтын групп компани”-ийн охин компани болж 2009 онд байгуулагдсан. Анх 168 сая юанийн хөрөнгөтэйгээр бүртгүүлж байжээ.
Тээвэр ложистик, нүүрсний борлуулалт, автомашины худалдаа, түрээс зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Нийт 415 ажилтантай. Том оврын 300 автомашинтай. Жилд 8.5 сая тн бараа бүтээгдэхүүний худалдаа хийж, 2.2тэрбум юанийн борлуулалтын орлоготой ажилладаг. Шаньси, Шэньси, Хэбэй, Шаньдун зэрэг мужуудад ложистикийн төвтэй. Томоохон нүүрсний компани, цахилгаан станцуудтай стратегийн хамтын ажиллагаатай хувийн компани юм.
Тус компанийн хувьцаа эзэмшигч Лин Тао нь өнгөрсөн 2019 онд Монголд арван удаа орж ирсэн. Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй. Мөн тус компанийн төлөөлөгч Сун Дэлин 2018 онд зургаан удаа, 2019 онд дөрвөн удаа Монголд ирсэн. Сүүлд 2019 оны долдугаар сарын 7-ны өдөр хилээр гарсан байна.
 Хоёр. “Страто” компани Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс угаах үйлдвэр барьж, түүндээ Өмнөговь дахь “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авчирч угаадаг. Түүнийгээ БНХАУ-д борлуулж ашиг олдог.
Хамгийн гол нь ингэхдээ хуурамч ТЭЗҮ буюу “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж, цааш нь борлуулах ТЭЗҮ хийгээгүй байна.
Гурав.  “Страто” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг “Нүүрс угааж баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслэн” байгуулж ирсэн байгаа юм. Энэ талаар бид өмнөх дугаарт мэдээлсэн. Ийм байдлаар гэрээ байгуулж, угаасан 2019 оны 5-7 дугаар сарын хооронд 593 вагон, 39265 тн нүүрсийг БНХАУ руу гаргажээ.
Дөрөв. “Страто” компанийн удирдлагууд 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэд хандаж тус сумаас хойш 10 км-т уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшихээр хүсэлт гаргаж, түүнийгээ шийдвэрлүүлжээ.
Ингэхдээ ТЭЗҮ болон төслийн дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох бусад баримт материалыг өгөлгүйгээр ГХГЗЗГ-ын “Улсын төсвийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажлууд болон төсөвт байгуулалгын хэрэгцээд зайлшгүй эзэмшүүлэхээс бусад тохиолдолд батлагдсан төлөвлөгөөнд тодотгол, өөрчлөлт хийхгүй”, “Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй газарт газар эзэмших, ашиглах зөвшөөрөл өгөхгүй” гэсэн заалтыг зөрчиж, хууль бусаар үйлдвэрлэлийн газар авчээ.
 Тав. “Страто” ХХК нь хууль бусаар батлуулсан ТЭЗҮ-гээ ашиглаж, ҮХГ-тай Татварын тогтворжуулалтын гэрээ байгуулж, ААНОАТ, Гаалийн татвар, НӨАТ, АМНАТ-аас чөлөөлөгдсөн.
Зургаа. “Страто” ХХК нь 2019 оны тавдугаар сард  баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийж нүүрс экспортолж эхэлсэн. Гэсэн атал нөөцийн төлбөр төлөлгүй, энэ талаар маргаан үүссэн ч “Страто” ХХК-ийн хуульч С.Баярмаа ҮХЦ-д гомдол гаргасан. Гэтэл Цэцийн шийдвэрийн дагуу АМНАТ тэглэгдэж “Страто” ХХК-д 1.3 их наяд төгрөгийн татвар ногдох орлого хэрэгсэхгүй болсон.
Өдгөө “Страто” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2019 оны дөрөвдүгээр сарын 3, аравдугаар сарын 15-ны өдрийн тус бүр 150 мянган тн нүүрс авах гэрээ нь түр зогсчихсон. Цаашилбал дээрх хууль бус үйл ажиллагаанууд нь хууль хяналтын байгууллагууд, олон нийтийн анхааралд орчихоод байна.
Ноён З.Энхболдын “нөмөр, сүүдэр”-ийг барааддаг гэх бас нэг компани нь “Хишиг арвин индустриал” ХХК юм.
Нэг. Ноён З.Энхболдын “Хишиг арвин индустриал” ХХК холбогддог сэжим нь мөн л түүний төрсөн дүү З.Хишигтогтох, тус компанийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгат юм. Эдгээр хүмүүс “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үйл ажиллагааг удирдаж явуулдаг.
“Хишиг арвин индустриал” ХХК Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгат нь 2016 онд АН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгч болсон. М.Тулгат нь ноён З.Энхболдтой маш ойр. Тухайн үед ноён З.Энхболд АН-ын дарга байв. З.Энхболд, М.Тулгат нар 2013 онд “Алсын хараа бодлогын төв” ТББ-ыг нэр бүхий хүмүүстэй хамт үүсгэн байгуулсан. “Энэ ТББ-ын сүүлийг сөхвөл юм гарч ирнэ” хэмээн эх сурвалж хэлж байгаа юм.
Хоёр. “Хишиг арвин индустриал” ХХК нь 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолтой болон дэд бүтцийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Хишиг арвин индустриал” ХХК, түүний охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” ХХК-иуд 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай ЭТТ-201901201-02-01 дугаартай “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч”-ийн 2 895 210 000 буюу Хоёр их наяд найман зуун ерэн таван тэрбум хоёр зуун арван сая төгрөгийн шууд гэрээ байгуулаад ажиллаж байна.
Гурав. Нэр бүхий банкнаас 2018-2019 онд “Хишиг арвин индустриал” ХХК нь 63.3 тэрбум төгрөг, “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь 11.1 тэрбум төгрөгийн зээлийг автомашин, техник, тоног төхөөрөмж, орон сууц барьцаалсан зээлийн гэрээг байгуулж авсан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сонгон шалгаруулалтад орохдоо банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, зээлгүй гэсэн баримт бүрдүүлж өгчээ.
Ноён З.Энхболдтой нэр холбогдсоор ирсэн энэ хоёр компанийн талаарх “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой мэдээллийг машид товчлоход ийм юм. Бид улам дэлгэрүүлэн хүргэх болно.
Нөгөөтэйгүүр ноён З.Энхболдын Тавантолгойн ордыг “барьж аваад” гүйгээд байгаа нь цаанаа учиртай байж мэдэхээр байна. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх гэж байна гээд бухимдаад байгаа юм. Үүнийг олон нийтэд харлуулан ойлгуулахын тулд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зарах гэж байна гэх болсон.
Гэвч IPO хийчихвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК босгосон хөрөнгөөрөө нүүрс барих үйлдвэр барьж, хөрс хуулалт, олборлолтоо хийх тоног төхөөрөмжтэй болчихно. Эдгээр компанийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хийдэг өндөр дүнтэй гэрээнүүд зогсоно. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилийн орлого талийж өгнө. Эдийн засгийн талаасаа ч, энгийнээр ойлгоход ч ийм л зүйл болж буй ажээ.

Үргэлжлэл бий.
Р.Хангал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан