Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б нь амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 3-ны өдөр гарсан билээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Сүхбаатар аймагт сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүнд ямар нэгэн санаатай үйлдэл байхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өглөө Сүхбаатар аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх явцад сум алдаж, нэг алба хаагч шархадсан. Энэ бол цэвэр санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг. Цагдаагийн байгууллага шархадсан алба хаагчийг нисдэг тэргээр Цэргийн төв эмнэлэгт хүргэж, эмчлүүлсэн боловч буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан. Цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийж тогтооно. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн байгаа. Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох нь тодорхой. Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байна” гэсэн мэдээлэл өгч байв.
Дээрх асуудалд ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон албаны шалгалт явуулж, дүнг гуравдугаар сарын 6-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Тус хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг алба хаагчдадаа тавих өдөр тутмын хяналтаа сулруулсан, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнээд, албан тушаал бууруулжээ.
Мөн галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны заавар, журмыг зөрчсөн тус цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Батсуурийг албанаас дутагдлаар халж, холбогдох хэргийг нь АТГ-т хуулийн дагуу шалгуулахаар шийдвэрлэжээ. Мөн хуралдаанаас алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалган зааварчлах, мэргэжлийн удирдлагаар хангах, галт зэвсгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зэрэг үндэслэлээр нийт арван албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулж, хариуцлага тооцсон байна.
Үндэсний шуудан