Махны үнэ Ч.Улаан сайдад хамаагүй гэв үү?

Өнгөрсөн наймдугаар сард болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд үүрэг өгсөн байдаг. Ингэхдээ  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай.

Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй гэсэн янз бүрийн тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.  Тухайн үедээ л  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгэнд иргэд итгэж, найдаж байлаа.  Үнэхээр махны үнэ нэмэгдэхгүй нь, нэмэгдвэл салбарын сайддаа хатуу арга хэмжээ авч ажиллах нь гэж итгэж байв. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ч.Улаан сайдад хэлсэн энэ үг, даалгавар ямар ч үнэ цэнэгүй, цуурай төдий байжээ.

Үүнээс хойш ердөө таван сарын дараа махны үнэ “тэнгэрт хадлаа”. Салбарын сайд нь өнөөдөр өөрийгөө энэ асуудалд хамаагүй хэмээн яриад сууж байна.  Тодруулбал, өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр гишүүд түүнээс “Махны үнийг тогтвортой байлгахад ямар бодлого баримталж байна вэ” хэмээн асуухад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үнийн түвшинд судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай холбоотой ажиллаж байна. Вирустай холбоотойгоор зарим нэг бүтээгдэхүүн дээр нөөцлөх асуудал гарч, савлагаа үүсч байна. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Тасалдал гарах эрсдэл байхгүй. Махны нөөцийг боломжоор нь бүрдүүлнэ. Харин махны үнэд яам хяналт тавьж чадахгүй. 

Хангамж үйлдвэрлэлийг л хариуцдаг. Мэдээж, хэрэглэгчийн төлөө газар, ШӨХТГ хяналт тавих ёстой” хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулж сууна.  Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар нэгэн тайлбар хүлээж авахгүй, эртхэн зохицуулалтаа хийгээрэй хэмээн маш товч тодорхой үүрэг өгсөн дөө.   Ч.Улаан сайд ойлгосон л баймаар юм.

Тэгвэл өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөгийн үнэтэй байна.  Энэ нь  2019 оны мөн үеэс 2000 төгрөг, 2018 оны мөн үетэй харьцуулбал махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдээд байна гэдгийг худалдаачид хэлж байлаа.  Түүнчлэн үхрийн мах долоо хоногийн өмнө 9500 төгрөг байсан бол өчигдөр 11 мянган төгрөг болжээ. Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд ч хүндхэн тусч байгаа нь мэдээж. Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Ерөнхий сайд нь үүрэг өгчихсөн, бүр хар толгойгоороо хариуцна гэдгийг тодотгочихсон байхад үнэ өсчихлөө.  Гэтэл Ч.Улаан сайд нь надад хамаагүй хэмээн үл ойшоосон байдалтай мэдээлэл өгч байгаа нь энэ Засгийн газрын сайд нар хэрхэн ажиллаж байгаагийн нэг илрэл болж байна.

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан