Хоёр байшингийн дунд “төөрсөн” дуулиант хэргүүд

Хэдэн он дамжин шалгасан дуулиант хэргүүд бэлэн болж баримт нотолгоотойгоо прокурор, шүүхэд очдог. Гэтэл энэ хоёр байгууллагын дунд “төөрөөд” сураг алдарчихдаг нь цөөнгүй байдгийг хуулийнхан ч хэлдэг. Энэ дунд улс орны эрх ашиг, ард түмний хувь заяа давхар яригдах хэмжээний “том” хэргүүд ч бий. Гэтэл хуулийн цоорхой, хуйвалдаанаар ял завшиж байгаад олон нийт эгдүүцэж буй юм.  2019 онд л гэхэд АТГ-аас 156 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу хүргүүлсэн ч оны төгсгөлд 68-ыг нь эцэслэжээ. Өөрөөр хэлбэл, 88 хэрэг буюу талаас илүүг нь шийдвэрлээгүй байна гэсэн үг.

Ер нь АТГ-ын мөрдөгч­дийн бүтэн 5-10 жилийн нойр, хоолоо хугасласан хөдөлмөр прокурор, шүүхийн шатанд очоод замхарсан нь ч цөөн биш. Шалгагдаж байгаа хүмүүс нь шүүхэд гомдол гаргаж хугацаа хождог “мода” ч дэлгэрлээ. Зарим нэг хэрэгт шүүх, прокурор нь хоорондоо цаас шидэлцэж урагшлахгүй, ухрахгүй цаг нөгчөөсөөр цагаадаж сүүлдээ хохирлыг төр барагдуулдаг болж хувирав. Ту­хайл­бал, “Эрдэнэт” үйлд­вэрийг барьцаанд тавьж, Африкийн Стан­дарт банкнаас 170 сая ам.дол­ларын зээл авсан “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүүгийн хэрэг арван жил яригдсаны эцэст хэрэгсэхгүй болсон. Зээл авсан үйл явц 2009 онд өрнөж, 2013 онд  мэдээлэл ил болсноор хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага 5-6 жил шалгаад эцэслэж чадалгүй хуулийн цоорхойгоор цагаатгалаа. Өөрөөр хэлбэл, Стандарт” банкны өрийг Засгийн газар төлж, Ш.Батхүү ялалт байгууллаа. Мөн 17 тэрбум төгрөгт холбогдож 4-5 жил шалгагдсан ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн,  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг ч оны өмнөхөн хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан.
Тэгвэл олон нийт, улс орны эрх ашгийг хөндсөн дуулиант хэргүүд шүүх, прокурорын хаана нь төөрч, гацаад байна вэ.

С.БАЯРЫН ХЭРГИЙГ ШҮҮХ ХЭЗЭЭ УНШИЖ ДУУСАХ ВЭ?  
Ерөнхий сайд асан С.Баярыг 2015 онд АТГ шал­гаж эхэлж байв. Экс Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байцаалт авч, цагдан хориод байсан юм. Тэгвэл хэдэн он дамжин шалгагдаж байгаа экс Ерөнхий сайд С.Баярын хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан.
Шүүхэд шилжүүлээд 2-3 сар болж байгаа ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэг үйлдэл хийсэнгүй. С.Баярын хэргийг тааваараа уншиж байгаа бололтой.

Ч.САЙХАНБИЛЭГ, САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРЭГ ГАЦАВ УУ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй хол­боо­тойгоор албан тушаалаа урвуулсан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Тэг­вэл төрийн өндөр албан тушаалт­нуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Мөн хуулийнхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  интерполоор эрэн сурвалжилж эхлээд сар гаруй болж байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж гадагшаа явсан экс Ерөнхий сайд Монголд ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулж, сураггүй бол­сон ч АТГ-ынхан  байршлыг нь тогтоосон. Харин оны өмнө буцаж ирэх үүргээ биелүүлээгүй учраас албадан авчрах дээрээ тулаад байгаа гэнэ.

ШҮҮГЧ НАРЫН ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР ОЧООД ДӨРВӨН САР БОЛЛОО
Ерөнхийлөгчийн зар­ли­гаар нэр бүхий 17 шүүг­чийн бүрэн эрхийг өнгөрсөн зургаадугаар сард түдгэл­зүүлсэн. Тэдний зургааг нь Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бол бусдыг нь өөр төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж буйг АТГ мэдээлж байв.
АТГ Салхитын мөнгөний ордтой холбоотой хээл хахууль авсан үндэслэлээр зургаан шүүгчийг мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн есдүгээр сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүл­сэн ч өнөөг хүртэл сураг алга.

АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДАХИН МӨРДӨНӨ
Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байсан Ш.Батсайханыг АТГ 2017 онд шалгаж эхэлсэн. Тэрээр 1160 ширхэг тээврийн хэрэгсэлд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон байдаг. Ш.Батсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорт буцаажээ. 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх юм.

ЖДҮ-ИЙН ХЭРЭГ ХЭРХЭХ ВЭ?
Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох ЖДҮ-ийн хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд гурван сар өнгөрөв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хурлын үеэр яллагдагч нар нь  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлт гаргасан. Улмаар хүсэлтийг нь шүүх хүлээн авч хэргийг прокурорт буцаасан. Тэгвэл шүүхийн шийдвэрийг нийслэлийн прокурорын газраас эсэр­гүүцэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ. Ин­гэс­нээр Б.Батзориг нарын хэргийг шүүхийн хялбаршуулсан журмаар бус ердийн байдлаар шийд­вэрлэх юм.  Гэвч одоогоор хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл алга.

Б.ХУРЦЫГ ДАХИН ШҮҮХ ШИЙДВЭР ДӨРВӨН САРЫН ӨМНӨ ГАРАВ 
ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр өнгөрсөн оны хавраас шалгаж эхэлсэн.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа тэднийг эрүүдэн шүүсэн хэмээн  буруутгаж  өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Шүүх хурал зургаан өдөр үргэлжилсэн ч шийдвэр гаргаж чадаагүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хэрэгт прокурор эсэргүүцэл бичээд дөрвөн сар болж байгаа ч өнөөг хүртэл хурлын тов гараагүй байна. Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн шүүх  “Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчин­гүй болгож, дахин хэлэлцүүлэгт буцаах” шийдвэрийг гаргасан байна.

М.ЭНХСАЙХАНЫ ХЭРГИЙГ ОНЫ ӨМНӨ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өнгөрсөн зургадугаар сард АТГ-аас баривчилж, 461-р хорих ангид  саатуулж байв.  Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм.
АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татаж улмаар мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнөхөн прокурорт шилжүүлжээ.

ОЙМСОНДОО ДОЛЛАР НУУСАН БАЙЦААГЧДЫН ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮНЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын дарга асан Н.Баярсайханы албан өрөөнд АТГ-аас гэнэтийн шалгалт хийхэд их хэмжээний мөнгө гарсан бичлэг олон нийтэд ил болсон. Бичлэгт гарсанчлан тэрээр боодол ам.долларыг оймсондоо нуусныг мөр­дөгч нар илрүүлсэн. Тэгвэл тэрбумаар хэмжигдэх авли­гын хэргээр шалгагдаж бай­сан мэргэжлийн хя­нал­тын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг  Чингэлтэй дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингэхдээ заримд нь торгууль ногдуулсан.

Гэвч шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсанаар есдүгээр сард дахин шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болжээ.
Энэ мэтээр олон хэрэг гацаж, зарим нь дарагдаж байж ч мэдэх. Тэрдунд улс төрийн нөлөөтэй, дээ­рээс “захиалгатай” гэх хэргүүд ч мэр сэр бий. Ту­хайл­бал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх хуулийн байгуул­лагын мэдээлэл ирэх оны сон­гуулийг угтсан “мэх” гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Мөн оны төгсгөлд Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэ­лийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад баригдсан юм.

C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу