Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна

Монгол Улсын эдийн засгийн бүтэц их цомхон. 1990 оноос хойш хөдөө аж ахуй манлайлж, уул уурхай удаална. 2000 оноос хойш байр нь солигдсон бүтцээр үргэлжилнэ. Товчхондоо, хөдөө аж ахуй, уул уурхай. Уул уурхай, хөдөө аж ахуй. Ингэхээр Монголын эдийн засаг уул уурхай гэсэн ганц “хөлтэй”, хөдөө аж ахуй гэсэн “таягтай”. Энэ доголон бүтцэд эмчилгээ, ирээдүй бий юу?
Арван жилийн өмнө ба одоо
Монгол Улсын эдийн засаг сүүлийн арван жилд маш их өөрчлөгдсөн. Ингэхдээ гурван том өөрчлөлт гарчээ. Нэгдүгээрт, уул уурхайн эзлэх хувь нэмэгдсэн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээлтэй уялдаатай болсон. Урьд нь гаднын зах зээлд гарах, доллар босгохыг мэдэхгүй байсан. Одоо бол Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, доллар босгох нь иргэд банкаар үйлчлүүлэхтэй л ижил болжээ. Гуравдугаарт, үйлчилгээний салбарын өсөлт хурдацтай нэмэгдсэн. Үйлчилгээний салбарт төдийлөн өсөлт харагдаггүй байсан бол сүүлийн 10 жилд үйлчилгээний салбар уул уурхай дараа орж ирсэн. Энд худалдаа, банк, санхүү гэх мэт бүх салбар багтана. Тодруулбал, арван жилийн өмнө Монгол Улсын ДНБ 4.5 тэрбум ам.доллар байсан. Үүний 20 гаруй хувийг уул уурхай, 20 орчим хувийг хөдөө аж ахуй эзэлж байсан юм. Эдгээрийн дараа буюу гуравдугаарт худалдааны салбар эрэмбэлэгдсэн ч ДНБ-д 10 хүрэхгүй хувийг эзэлж байв. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын ДНБ гурав дахин өсөж, 13 тэрбум ам.долларт хүрээд байна. Ингэхээр нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар. Мэдээж арван жилийн өмнөх байдлаар ДНБ-д эзлэх хувиараа уул уурхай тэргүүлж байгаа. Ингэхдээ уул уурхайн эзэлж байсан 20 хувь 30-д хүрсэн. Харин ДНБ-д эзлэх хувиараа худалдааны салбар урагшилж, хөдөө аж ахуйн өмнө бичигджээ. Өөрөөр хэлбэл, энэ оны байдлаар ДНБ-д худалдааны салбарын эзлэх хувь арван жилийн өмнөх уул уурхайн “жинд” хүрсэн байгаа юм. Үүний дараагаар Монгол Улсын ДНБ-д үл хөдлөх, үйлчилгээний салбар (худалдаа, санхүү), тээвэр, боловсрол, харилцаа холбооны салбар жагсах болжээ. Үүнийг “Монгол Улсын эдийн засагт шинэ бүтэц бий болох эхлэл” гэж болно.
Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна
Эдийн засагч Ч.Хашчулуун: Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, шинэ салбарууд ар араасаа эгнэн орж ирж байна. Эдгээрийг соргогоор харж, дэмжих хэрэгтэй.
Өсөлтөд манлайлагч
Одоогоор хамгийн жинтэй орж ирж байгаа нь өмнө жишээ татсанчлан худалдаа үйлчилгээний салбар юм. Худалдаа, үйлчилгээний салбар нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 38.8 хувийг бүрдүүлж байна. Тоогоор хэлбэл, Монгол Улсад бизнесийн регистрийн бүртгэлтэй 80 орчим мянган аж ахуйн нэгж байхад 35 гаруй мянга нь худалдаа, үйлчилгээний чиглэл гэдэг ангилалтай. Ингэснээр энэ салбарт нийтдээ 204.5 мянган хүн ажиллаж байгаа. Ажиллах хүчний судалгаагаар Монгол Улсад 15- аас дээш хөдөлмөрийн насны 2.2 сая хүн байгаа. Үүний 1.3 сая нь ажиллаж байгаа гэдэг тоо гарсан. Тэгэхээр энэ салбарт ажиллагсад Монгол Улсын хөдөлмөрийн насныхны 10 хувь, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 20 орчим хувьд хүрэх юм.
Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна
Эдийн засагч Б.Алтанцэцэг: Худалдааны салбар бол Монголын том салбар. Тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн том талбар юм. Мөн үйлчилгээний салбарын хөгжил нь иргэдийн амьдрал хэр их амар, хялбар болж байна вэ гэдгээр тодорхойлогддог. Жишээлбэл, хүргэлтийн үйлчилгээ байна. Хүмүүсийн цаг завгүй байдалд тохирсон. Энэ бол одоогийн эдийн засаг дахь хурдацтай өсөлттэй байгаа салбар юм.
Худалдааны салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй ч, үйлчилгээг “үйлдвэрлэдэг”. Тэр утгаараа өнөөдөр Монголд үйлчилгээний салбарын тэсрэлт болж байна гэдэг нэршил хүртэл гарахад хүрээд байна. Энэ нь “E-mart”, “CU”, “Circle К”, “KFC”, “Burger king” болон “Номин”, “Сансар”, “Боса”, “Миний дэлгүүр”, “Макс” “Оргил” гэх мэт дотоодын сүлжээ үйлчилгээний газруудаар баталгаажина. Зөвхөн “Номин” гэхэд жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт 3 их дэлгүүр, 13 бөөний төв, 9 хайпермаркет, 14 супермаркет, 11 конвенинс дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сард 1.3 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг гэсэн тооцоо гаргажээ. Тэгвэл “Cirkle K” дэлгүүрийн хувьд 2019 онд 60 салбартай болохоор төлөвлөсөн гэдгээ мэдэгдэж байв. Энэ хэрээр худалдааны дэмжлэгтэй үйлдвэрлэл нэмэгдэх нь мэдээж.
Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна
“Sky hypermarket” ХХК-ийн захирал Б.Самади: Хөрөнгө оруулалтаа аваад үйл ажиллагаагаа эхлэхэд дэлгүүрт нийлүүлэх мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнээ авах дотоодын нийлүүлэгч хомс байсан. Хотын ойр орчмоор яваад нийлүүлэгчидтэй уулзахад шаардлага хангахгүй байсан. Үйлдвэрлэл талаасаа тэр. Тэгээд Солонгосоос мэргэжилтэн авч ирж, нийлүүлэгчээр сонгосон компаниудынхаа хүмүүсийг сургасан. Хэрхэн ургацаа авах, бүтээгдэхүүнээ хэрхэн бэлдэх гэх мэт. Ингэсний дараа нийлүүлэлт сайжирсан. Энэ мэт жишгээр л хөрөнгө оруулалт татаж, дотоодын компаниудтайгаа харилцаж эхэлсэн. Одоо гурван салбараа нээсэн байхад нийлүүлэгчид маань хангалттай байгаа.
Худалдааны салбар үйлдвэрлэл бий болгохгүй ч, үйлдвэрлэлийг хамгийн их нэмэгдүүлдэг. Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт бусад салбараа дагаж өсдөг онцлогтой. Тэгэхээр өсөлтийг нь бусад салбарын өсөлтөөс салгах аргагүй. Мөн цаашдын өсөлтийг нь ч өөдрөгөөр харахад буруудахгүй юм.
Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ц.Цолмон: Иргэдийн сонголт олон болно. Энэ хэрээр худалдан авагчид хооронд нь харьцуулна. Чөлөөлт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэл гүнзгийрэхийн хэрээр дахиад л сүлжээ дэлгүүрүүд нээгдэнэ. Өнөөгийн байгаа өрсөлдөөн улам ширүүснэ.
Өсөлтөд өрсөлдөгчид
Өнөөгийн ДНБ-д эзлэх хувиар салбаруудыг харвал өсөлтөд манлайлагч нь худалдаа, үйлчилгээний салбар бол өсөлтөд өрсөлдөгч хэд хэдэн салбар байгаа юм. Үүнд, тээвэр, харилцаа холбоо, үл хөдлөхийн салбар багтана. Нэмээд үйлчилгээний салбараас салбарлан санхүүгийн үйлчилгээ. Санхүүгийн үйлчилгээнээс үүдэн технологийн салбар дараагийн 10 жилд уул уурхайн байранд ирнэ гэдэг төлөв ч байгаа юм. Ингээд дараагийн өсөлтөд өрсөлдөгч буюу уул уурхайг орлох салбар юу байхыг доорх хүмүүсийн тодорхойлолтоор хүргэе.
ДАРААГИЙН ТОМ ҮСРЭЛТ, ТЕХНОЛОГИ, КОНТЕНТИЙН САЛБАРТ ГАРНА
Эдийн засагч Ч.Хашчулуун: Уул уурхайг орлох дараагийн салбар бол технологийн хувьсгал байна гэж боддог. Яагаад гэвэл хэдий боловсролын системийг шүүмжилдэг ч манайх улсаараа бичиг үсэг тайлагдалт маш өндөр. Өөрөөр хэлбэл, бичиг үсэг тайлагдалт 90-ээс дээш хувьтай байна. Үүнээс гадна ямар нэгэн гадаадын хэл үзэх эрх нь нээлттэй сайн тал бий. Мөн монголчуудын онцлог гэж хэлж болохоор нэг зүйл нь тоон шинжлэх ухаан, математикдаа массаараа сайн. Энэ хоёр онцлогийг түшиглэхээр технологийн салбар хөгжих боломж байгаа. Технологи хөгжихөөр өргөн уудам нутагтай Монгол Улсад нэн тохиромжтой болж байгаа юм. Энэ салбараа дотооддоо сайн хөгжүүлбэл, дараа нь гаднын зах зээлд гаргаж болно. Яг энэ жишгээр Лэндмн гараагаа эхэлж байна. Өнөөгийн дотоодын төлвийг харвал энэ салбар дараагийн Монголын “уул уурхай” бололтой. Энэ салбараар эдийн засаг нь сайжирсан улсууд олон бий. Жишээлбэл Финлянд улс ганцхан Nokia гар утас гаргаад л дэлхийн өндөр технологитой улсын эгнээнд орж ирсэн. Монгол Улс өдий хүртэл инженерүүдийг хөгжүүлэх арга хэмжээ авсан. Налайхад Оюутолгой компанитай хамтраад уул уурхайн том сургууль нээсэн. МУИС, ШУТИС-д технологийн анги нээсэн. “1000 инженер” төсөл хэрэгжүүлээд Япон гэх мэт гаднын улсад инженерүүдийг сургаж байгаа. Үүний үр дүн өнөөдөр биш гэхэд таван жилийн дараа гарч эхэлнэ. Ингэхээр дараагийн гурав, дөрвөн жилийн том үсрэлт, технологи, контентийн салбарт гарах байх.
ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖОО ХАРАХААР ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЦ АМАРХАН ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ
Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна
 
Ерөнхий сайдын зөвлөх асан Н.Энхбаяр:  Улсын экспортын 90 хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Гадаад зах зээлийн боломжоо харахаар Монголын эдийн засгийн бүтэц тийм амархан өөрчлөгдөх боломжгүй. Бүтцийн өөрчлөлтийг хийхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө, цаг хугацааг зарах хэрэгтэй болно. Ингэхээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг шинэ салбарууд татахгүй байгаа юм. Тэгэхээр ойрын таван жилд уул уурхай давамгайлсан хэвээр байх нь тодорхой. Гол нь бид уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг хааш нь чиглүүлэх вэ гэдэг л чухал. Гаднын судлаачид хэлэхдээ, шинээр хөрөнгө оруулалт татахаасаа илүү байгаа хөрөнгө оруулагчидтай зөв харьцаж, тааламжтай нөхцөл бүрдүүлвэл, тэд бидний хүссэн дараагийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэдэг. Хоёрдугаарт бид том бүтцийн өөрчлөлт хийхээсээ өмнө эдийн засгийн үр ашиг, хүртээмж дээрээ анхаарах хэрэгтэй. Одоо бид боловсруулалт байхгүй, түүхийгээр нь бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа. Тиймээс боловсруулах хэрэгтэй. Ингэвэл энэ нь эдийн засгийн дараагийн бүтцийн өөрчлөлтийг бий болгоно. Магадгүй өнөөдөр сайн харж чадвал, технологийн салбар Монголын эдийн засгийн бүтцэд манлайлж болно. Улсын төсвийн хуваарилалт дээр бид шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр бид технологийн шинэчлэлээр төсвийн зардлаа үр ашигтай болгох боломж байна. Харамсалтай нь үүнийгээ одоо аль ч шатандаа сайн ярьж чадахгүй байгаа учраас өнгөрсөн жилийн суурин дээр төсвөө өсгөх замаар ажиллаж байна. Жишээлбэл, байгаль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг ярихад өнөөдөр 1000 цагдаа байсан бол 1100 болох ёстой. Өнөөдөр 100 сая төгрөг зарцуулж байсан бол маргааш 150 сая төгрөг болох жишээтэй. Боловсрол дээр ч гэсэн асуудлыг технологид даатгаж болохоор байгаа. Орон нутгийн сургуулиудад шинжлэх ухааны хичээл заахад онлайн сургалтаар хүргэх боломжтой. Заавал багшийн хүрэлцээгүй гээд дээд сургуульдаа багш бэлтгээд байдаг. Гэтэл багш нь орон нутагтаа хүрээд тогтвортой ажиллах уу гэдэг нь тодорхойгүй. Байгаль хамгаалах дээр бас адилхан. Жил бүр БОАЖЯ-наас байгаль хамгаалагчийн тоо хүрэлцэхгүй байна. Орон тоо, төсөв нэмж өгөөч гэдэг. Гэтэл тэнд заавал хүн очоод хараад сууж байх албагүй. Ажиглалтын камер, алсаас дроноор тандах, сэжигтэй газар нь илүү хяналт тавих гэх мэт асуудлыг мэдээллийн технологиор шийдэх боломж байна. Гэтэл эднийг мэдээллийн технологиор илүү хялбар шийдэхгүй зардал тэлсэн арга замаар хийгээд байгаа болохоор эдийн засгийн бүтэц тэлэхгүй байна. Технологийг ингэж дотоодод ашиглаж хөгжлүүлэх хэрэгтэй. Энэ нь цаашлаад Монголын технологи дэлхийд танигдаж, хөрөнгө оруулалт татах, оюуны бүтээлээ экспортлох боломжийг нээх юм.
ВАЛЮТ ОЛДОГ САЛБАРАА ТҮРҮҮЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ
Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл: Дэлхийд 200 гаруй улс бий. Үүнээс 50 гаруй улс нь өндөр хөгжилтэй. Эдний туршлагыг харахад номер нэгт экспортоо хөгжүүлсэн байдаг юм билээ. Гаднаас орлого ол. Тэгээд тэр мөнгөө дотооддоо зарцуул гэдэг. Ингээд харахаар салбаруудыг ямар дарааллаар хөгжүүлэх вэ гэдэгт эрэмбэ тогтоно. Манайд уул уурхай хамгийн боломжтой салбар. Цөөхөн хүн амтай. Хүн амынх нь боловсрол, хүртээмж өндөр биш. Тэгэхээр шууд Тоёота үйлдвэрлэж чадахгүй юм чинь зэс нүүрсээ зарахаас өөр аргагүй. Харин дараагийн эдийн засагт жин дарах салбар нь хөдөө аж ахуй, махны экспорт байж болно. Тэгээд дараагийнх нь аялал жуулчлал байна. Өөрөөр хэлбэл, дандаа валют олдог салбар нь түрүүлж хөгжих ёстой. Валют их олдсон цагт хүссэн салбараа хөгжүүлж болно.

Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан