Манай улсад залуус банкнаас зээл авахын тулд л нийгмийн даатгалын шимтгэлийг төлж буй гэхэд буруутахгүй. Учир нь нийгмийн хамгийн эрэлт хэрэгцээтэй орон сууцны асуудал жил ирэх тусам сөхөгддөг.
Нийгмийн даатгалын шимтгэлийг доод тал нь 600 мянган төгрөгөөр төлдөг байж гэмээн хамтран зээлдэгч болж, хосууд байранд орох зээлийн нөхцлийг давах болдог. Манай улсын тэтгэврийн тогтолцоо ирээдүйн батлагаа болж чаддагүй гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Өнөөдөр өндөр цалин аваад түүнээс шимтгэлээ төлөөд харин ирээдүйд хамгийн ядуу хөгшин болж хувирч байгаа юм. Үүнийг ч эдийн засагчид ярих болсон ч эрх мэдэлтнүүд иргэдэд мөсөн чихэр долоолгосоор.
Голомт банкны ахлах эдийн засагч Г.Ганзориг "Бид бусад улсуудаас тэтгэврийн тогтолцоогоороо 130 жил хоцорлоо.
Та бүхэн манай хөдөлгөөнд нэгдье гэвэл бидэнтэй нэгдэн, бусдад таниулаарай. Манай дундаж тэтгэвэр Англичуудынхаас мөнгөн дүнгээр нь харьцуулан харвал 20 дахин, худалдан авах чадвараар нь үнэлбэл 10 дахин бага байна. Бид тэтгэврийн системээ Англи, Нидерландынх шиг буюу гурван тулгууртай болгох хэрэгтэй. Бид тэтгэврээ хүүхдүүдэдээ өвлүүлдэг байх эрхтэй. Гэтэл манай улсад тэтгэврийн зээл нь л өвлөгддөг" гэлээ.
Үр, хүүхдэд тэтгэврийн зээл өвлөгдөхөөс гадна өөрийнхөө хөдөлмөрөө үнэлүүлж авсан цалингаасаа шимтгэл төлөөд тэрийгээ хэрэгтэй үед нь хэдхэн сараар нь урьдчилж авахдаа мөн арилжааны банкуудад тэн хагасыг нь тавиад туучихдаг улс манайхаас өөр хаана ч байхгүй.
Хоёр сая төгрөгийн цалинтай, хангалуун амьдарч байсан залуу, тэтгэвэрт гарахдаа 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч, эмзэг бүлэгт хамаарагдаж байна. Гэтэл 1995-2015 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэдэд улстөрчид өршөөл үзүүлсэн. Улс төрчдийн шоудалтаас болж өдгөө нийгмийн даатгалын ихэнх хувийг бүрдүүлдэг тэтгэврийн даатгалын сан 500 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орчихсон байгаа. Үүнийхээ ачааг ард иргэдэд үүрүүлэх гэж буцаан татсан хуулийн заалтаас тод харагдсан. Татвар төлөгчид бол ард түмэн. Тэдний халааснаас гарч байгаа мөнгө болгон өөрсдийнх нь бор зүрхээрээ ажиллаж олсон хэд нь. Гэтэл үүнээс нь төр зөвшөөрөл авалгүй гар дүрэх асуудал хэрээс хэтэрсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлэхээр УИХ-хэлэлцсэн. Үүнийг нь иргэд эсэргүүцэж байж болиулсан.
Тэтгэврийн системээ шинэчлэхгүй бол төгрөгийн ханш суларсаар, ядуурал өндөр түвшинд хэвээр үлдэнэ гэдгийг эдийн засагч нар онцлов. Мөн тэтгэврийн реформ хийхгүй бол шударга хуваарилалт хийгдэхгүй гэдгийг санууллаа.
"Мандал даатгал"-ын ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг "Бид бусад улсуудын шилдэг туршлагыг ч судаллаа. Өмнө нь социалист системтэй байсан улсууд бүгд тэтгэврийн тогтолцоогоо өөрчилжээ. Монгол л эв санааны үндсэн дээр гэсэн хуучин арга замаа дагасаар байна. Иргэд шахаж шаардахгүй байгаа учраас улс төрчид хөдлөхгүй, арга хэмжээ авахгүй байна. Харин оронд нь бэлэн мөнгө тараан, зам тавих, сургууль барих амлалт л өгдөг. Тэдний амлалтад битгий хууртаарай. Бэлэн мөнгө тараавал битгий аваарай. Ажил хийж буй хүмүүс сар бүр орлогынхоо 20 хувийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ бол бага мөнгө биш. Бид сүүлийн 2 жилийн турш хуулийн төсөл боловсруулж байна. Удахгүй дуусна хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Сонгуулийн дуу ойртож буй сонсогчид бид улс төрчдөөс өөрсддөө ашигтай шийдвэрийг нэхэж, одоо л тэтгэвэртээ санаа амар гарч чадна. Тэрнээс богино настай популист амлалтад хууртаж үл болно гэдгийг ухаарах цаг хэдийнээ иржээ. Эс бөгөөс нэг л өглөө бидний халааснаас бүгдийг нь шавхах хууль ч батлагдахгүй гэсэн баталгаа алга.