Засгийн газрын шинэ жилийн бэлэг

Дэлхийн зах зээл, ханшийн өсөлтөөс шалтгаалан жилийн дотор 2000 төгрөг болж өссөн шатахууны үнэ өчигдрөөс буюу энэ сарын 7-ноос 100 төгрөгийн хямдралтайгаар хэрэглэгчдэд хүрч эхэллээ. Засгийн газраас шатахууны үнийг шат дараатайгаар буулгахаар шийдвэрлэснээ дуулгасан бөгөөд  энэ нь шинэ жилийн өмнөх сюрприз болж байна.
Сэм, сэм бага багаар шатахууны үнэ өссөнд хэрэглэгчид бухимдалтай байсан.  Учир нь шатахууны үнийн өсөлт бүх л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг сөрөг талтай.
Шатахууны үнэ 100 төгрөгөөр хямдарсан нь нефтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд 30 хувиар буурсантай холбоотой гэдгийг албаны хүн онцолжээ.  Ямар ч байсан арванхоёрдугаар сардаа монголчууд хямдралтай шатахуун хэрэглэхээр болж байна.
Харин шинэ он гараад дэлхийн зах зээлд шатахууны үнэ эргээд өсчихгүй бол Засгийн газар эхний арга хэмжээгээ аваад байгаа нь энэ юм. Шатахуун бол Монголын хувьд онцгой бүтээгдэхүүн. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй, 90 хувийг нь Оросоос, тэр тусмаа “Роснефть”-ээс импортолдог. Тиймээс монголчууд олон жил түр гал намжаах төдийгөөр явж ирсэн. Харин Ардын Засгийн газрын үед Алтанширээтэд  нефть боловсруулах үйлдвэр барих шав тавигдаж,  үйлдвэр  барих төслийн хүрээнд хамгийн эхэнд дэд бүтцийн ажлууд  хийгдэж байна.
Жилдээ нэг тэрбум ам.долларыг монголчууд хойд хөршид экспортолдог.  Москвад эрвээхий дэвэх төдийд Монголын эдийн засаг доргидог хараат, шууд хамааралтай энэхүү салбарт үндэсний үйлдвэр баригдсанаар гадагшлах долларын урсгалыг дотооддоо шингээж, ажлын байр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох боломжтой.
Цаашдаа төгрөгийн уналтыг тогтворжуулах,  гадаадын хөрөнгө оруулалтыг татах, долларын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэх, нүүрсний экспортыг сайжруулах гээд олон ажил хийх шаардлагатай байна.

News.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан