ЖДҮ-чдийн өчил ба ёс зүйн хариуцлага

Манайхаас бусад улс орнуудад улс төрчид  нь ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө огцорч буй тухай бид өдөр бүр шахам цахим орчноос харж байна. Тэдний огцордог гол  шалтгаан нь авилга болон хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдох явдал. Үр хүүхэд, төрсөн ах дүү нь ямар нэгэн байдлаар ёс зүйн алдаа гаргасан,  гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон бол шууд огцордог. Гэтэл Монголын улс төрчдөд ёс зүйн хариуцлага хүлээх талаарх ойлголт огт алга.  Зарим улс төрчид зэрэг хашиж буй олон  албан тушаалуудынхаа нэгнээс татгалзсанаа маш том ёс зүйн хариуцлага хүлээсэн гэж хөөрцөглөх болжээ.Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх (ЖДҮ) сангаас эрх баригч намын УИХ –д сонгогдсон гишүүд, өндөр албан тушаалтнуудын бүлэглэн авсан зээлийн хулгайн хэрэг гарснаас хойш нэг жил болж замхрах тийш хандаж байна.
Улстөрчийн ёс зүй өндөртэй, хариуцлагатай оронд ард түмэнд очих ёстой зээлийг хамаарал бүхий этгээд болон  хамаатан садныхаа компанид авсан байсан бол гишүүд нь аль хэзээний огцорчихсон эсвэл ял авчихсан байх байлаа. Харин манайд ямар ч хэрэг хийсэн шинжгүй ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлээд явж байна. Гэтэл зарим  оронд   улс төрч нь ард түмнээ доромжилсон үг хэлбэл шууд огцорч байна. Тухайлбал, Египетийн хууль зүйн сайд Махфуз Сабер 2015 оны 5 сард телевизэд ярилцлага өгөх үеэрээ “шүүгчид чинээлэг, өндөр ёс суртахуунтай гэр бүлд хүмүүжсэн байх ёстой, харин цэвэрлэгчдийн хүүхдүүд олон асуудалтай тулгарч, хямралд орж магадгүй тул өөрт тохирсон ажлаа хийх ёстой” гэж хэлсэн нь олон нийтийн дүргүйцлийг хүргэсэн. Тиймээс тэрээр олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн энэ үгнээсээ болж иргэд, олон нийтийн санаа бодлыг хүндэлж байгаагийн илрэл болгон огцрох өргөдлөө өгч огцорсон. Төстэй жишээ дурьдвал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь сэтгүүлчийн асуултанд “мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гүйхгүй” гэж хариулсан нь иргэдийн дүргүйцлийг маш ихээр хүргэсэн. Хэсэг хугацааны дараа “Хүний өмнөөс, өөрийнхөө хүүгийнхээ өмнөөс уучлалт хүсч байна” гэснээр Н.Оюундарь гишүүний хүлээх  хариуцлага дууссан.
Тэрч байтугай, Исландын Ерөнхий Сайд Сигмундур Дэвид Ганнлагсон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй байсан “Винтрис” нэртэй компаниа эхнэр Аннадаа нэг ам. доллараар шилжүүлсэн нь 2016 онд Панамын материалуудын хүрээнд илэрсэн. Үүнээс үүдэн Исландын мянга, мянган иргэдийг эсэргүүцлийн жагсаал болсон. Суудлаасаа огцрохгүй гэж нэлээд үзсэн Ерөнхий Сайд Сигмундур Дэвид Ганнлагсон эцсийн мөчид хариуцлага хүлээхээс өөр аргагүйгээ ойлгож, ашиг сонирхлын зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч огцорсон. Үүнтэй яг адил УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЖДҮ зээлийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр “судалж үзсэн манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компани юм билээ, зээл авсныг нь би мэдэхгүй, ерньУИХ-ын гишүүд бүгд л авдагшүүдээ” гэжхариулжбайсан.Гишүүн эхнэрээ тэрбумаар тоологдох дүнтэй зээл хоёр удаа авчаад байхад мэдэхгүй байна гэсэн нь ард түмнийг улам доромжилсон мэт.
Японы Сэргээн босголтын банк хариуцсан Сайд Масахиро Имамура 2011 оны аймшигт газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын үйл явцтай танилцах үеэрээ “Энэ явдал Токиод биш зүүн хойд бүсэд болсон нь яамай даа” гэж хэлсэн нь олны дургүйцлийг хүргэж түүний өмнөөс Ерөнхий Сайд Абэ хүлцэл өчиж байв. Гамшиг тохиолдсон хүмүүст хүндэтгэлгүй, эмзэг үг хэлж, тэдний төлөө ажиллах ёстой атлаа итгэл даалгүй хандсандаа тийнхүү хариуцлага хүлээж Сайд Имамура огцорсон.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы танхимд ЖДҮ-ийн асуудлыг хэлэлцэх үед хоёр гараа чихэн дээрээ авчирч байсан нь уг асуудлыг басамжилсан дүр төрхийг гаргасан нь олны дүргүйцлийг бүр ихээр хүргэсэн. Ж.Энхбаяр гишүүн ЖДҮ сангаас хоёр удаа зээл авснаас гадна ахин 2-3 сангаас зээл авсан нь илэрсэн. Тэрээр “Хэрвээ та нар намайг хулгай хийсэн гэж бодож байвал би уучлал гуйя” гэж мэдэгдсэн.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 амдоллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө, Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээн тус тус огцорч байжээ. УИХ-ын гишүүн Н.Учрал “Манай аавын компани зээл авсан юм билээ, би мэдээгүй байсан, тиймээс манай аавын компани мундаг том компани учраас маргааш зээлийг нь буцаагаад төлчихнө” гэж баян айлын мангар хүүгийн дүрд тоглож байв. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан “Миний компани мөн, гэхдээ би оролцохоо байгаад удаж байгаа, зээл авсаныг мэдэхгүй” гэсэн нь ард түмнийг тэнэг гэсэнтэй ялгаагүй сонсогдож байлаа.
 Японы улстөрчид ёсзүй өндөртэйг бид олон жишээгээр сонссон.  2017 оны долдугаар сард Японы Батлан хамгаалахын Сайд Томоми Инада НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Японы цэргүүдийн хүнд нөхцөл байдлыг парламентдаа төдийгүй олон нийтэд ташаа мэдээлж, дарагдуулж улмаар шийдвэр гаргалтад нөлөөлсөн асуудлаар огцорч байв. Түүний өргөдлийг хүлээж авсан Ерөнхий Сайд Абэ “Японы ард түмний хүчтэй шүүмжлэлийг манай танхим төдийгүй миний бие хариуцлагатайгаар хүлээн авч байна” гэсэн бол Сайд Инада бүх хариуцлагыг үүрч байгаагаа мэдэгдэж байв. Мөн тэрээр энэ асуудалтай холбоотой цуурхлыг зогсоохыг хүсч, өөрийн цалингаа улсад эргүүлэн өгч байжээ. ЖДҮ-ийн мөнгийг авсан УИХ-ын гишүүдийн тулааны гол баатар Б.Батзориг зээл өгсөн, бас өөрөө авсан хүн. Тэр “Би тэр зээлнээс аваагүй, зээл авсан гэж гүтгээд байгаа хүмүүсийг шүүхэд өгнө” гэж хүртэл хэлж байсан. Хэргийн эзэн зөвхөн сайдын суудлаа дуртай, дургүй өгснөө ёс зүйн хариуцлага хүлээсэн гэж андуураад явж байгаа.
2013 оны арванхоёрдугаар сард Хятадын өмнө зүгийн Хунан мужийн Хенян хотын 512 хууль тогтоогч нэг хэргээс болж нэгэн зэрэг суудлаасаа огцорсон байдаг. Тэд орон нутгийн их хурлын 56 гишүүдээс нийт 110 сая юань буюу 20 сая ам. доллартай тэнцэхүйц хэмжээний авилга авсан нь тогтоогдсон учир бүгд огцорчээ. “Шинхуа” агентлагийн мэдээлснээр тэдний авилга авсан зорилго нь орон нутгийн их хурлын сонгуулийн үр дүнд өөрчлөлт оруулах байсан гэжээ. Харин манай эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй холбогдсон улс төрчдөд хариуцлага тооцно гэж зарласан ч тэр чадахгүй. Учир нь Ж.Эрдэнэбатын засгийг унагаах төлөвлөгөөний арга нь ЖДҮ сангийн мөнгөөр туг тахисантай холбоотой.Тиймээс ЖДҮ чин ерөнхий сайд тэдэнд хариуцлага тооцох хувилбар байхгүй.  Энэ хэрэгт 40 орчим гишүүн холбогдсон.Тэдэнд хариуцлага тооцоно гэвэл УИХ-ыг тараах хэмжээний ноцтой асуудал үүснэ.
“Монголын улс төрийн хувьд огцрох шалтгаан байтугай ёс зүйн зөрчил гэж ойлгоход төвөгтэй зарим нөхцөлд дэлхийн улс төрчид огцорч байна” гэж улс төр судлаач доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг бичжээ. 2012 онд Унгарын ерөнхийлөгч Пол Шмит, 2013 онд Германы Боловсролын сайд Аннет Шаваннар докторын зэрэг горилсон диссертацидаа бусдын бүтээлээс ишлэл авалгүй оруулсан болох нь мэргэжлийн комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул албан тушаалаасаа огцорчээ. Энэ мэтчилэн маш  энгийн зүйл дээр ёс зүйн хариуцлага хүлээгээд улс төрөөс тэр чигтээ явдаг жишиг дэлхийн олон улс оронд тогтчихоод байхад манайд энэ байдал эсрэгээрээ байсаар байна. Тэр бүү хэл, гэмт хэргийн нотлох баримтаа устгахын тулд УИХ-ын гишүүн болон түүнээс өндөр албан тушаал руу зүтгэдэг гэсэн яриа бидний чихэнд сонсогдох болжээ. Ёс зүйн хариуцлагыг хүлээлгэж чаддаг сонгогчид, улс төрийн нам, улс төрийн лидертэй болох цаг биднийг хүлээсээр байна. Үндсэн хуульд ч энэ л зүйлийг илүү тусгах шаардлагатай байгаа.

Р.Шинэгэрэл /Эдийн засагч/     

Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу