"Татвар, торгуулиа төлсөн, бүрэн бүтэн байдлыг хангасан автомашиныг А, В бүсэд зорчуулахаар төлөвлөж байна"


Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотыг A, В, С бүсэд хувааж, замын хөдөлгөөний бүсчилсэн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Энэ ажлын талаар Төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Г. Саруултай ярилцлаа.
 -Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотыг гурван бүсчлэлд хуваах асуудал яригдаж байна. Үүнийг тодорхой тайлбарлаж өгөхгүй юу? 
-Улаанбаатар хот маань өөрөө машинд зориулагдсан төлөвлөлттэй хот биш. Машины хэрэглээ өндөр болсон энэ үед аль болох хувийн машинаас татгалзах хэрэгтэй. Харин нийтийн тээврээр түлхүү зорчиж, мөн хуваалцдаг тээвэр буюу жишээлбэл, очих чиглэл ойролцоо хоёр хүн нэгнийхээ машинд суугаад явдаг болох нь зүйтэй гэж үзэж байна.
Одоо Улаанбаатар хотод замын түгжрэл ямар хэмжээнд байгааг бүгд мэдэж байгаа байх. Манай улс бусад улсуудтай харьцуулахад автомашины хэрэглээ өндөр байдаг. Түгжрэлээс үүдэлтэй алдагдалд жишээ авч үзэхэд дундаж хөдөлгүүрийн багтаамжтай автомашинаар тооцоход Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа 400000 орчим автомашин өдөрт нэг цаг түгжрэлд зогсоход жилд 140 гаруй тэрбум төгрөгийн шатахууныг үргүй зарцуулдаг. Олон улсад 1000 хүнд ногдох автомашины тоо 200-250 болоход аль болох хувийн автомашинаас татгалзах, нийтийн тээвэрт давуу эрх өгөх асуудал яригддаг бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод 1000 хүнд ногдох автомашины тоо 250 орчим байгаа.
 -Энэхүү зохицуулалтаар хийгдэх ажлуудын талаар?
-Бүсчлэлийн зохицуулалтын хүрээнд юун түрүүнд зогсоолын менежментийг сайжруулна. А, В бүс доторх машин зогсох боломжтой бүх байршлыг төлбөртэй, хариуцах эзэнтэй, стандартад нийцсэн байдлаар шийднэ.
Мөн нийтийн тээврийн системийг одоо байгаагаас илүү богино эргэлттэй, хүртээмжтэй болгоё гэж төлөвлөж байна. Хотын төвийг босоо болон хэвтээ тэнхлэгээр дайрсан хоёр үндсэн экспрэсс буухиа чиглэлтэй болгож, нөгөө талаас хотын захыг хотын төвтэй холбодог богино эргэлттэй нийтийн тээвэртэй болъё гэж төлөвлөж байна.
Цаашлаад бүсчлэлээ хэрэгжүүлээд, нийтийн тээврийн маршрутыг шинэчлэсний дараа замын хөдөлгөөний удирдлагыг ухаалаг системээр хэрэгжүүлнэ. Одоо байгаа удирдлагын системийг өөрчилж, программ хангамж буюу ухаалаг системээр удирддаг байдлаар өөрчилнө.
Энэ бүгд ерөнхийдөө үндсэн бодлого, төлөвлөлтийн ажлууд байгаа юм. Үүнээс гадна өдөр тутамд хийгдэх шаардлагатай, жижиг хэмжээний зохицуулалтын ажил маш олон бий. Тухайлбал, зарим орон сууцны хорооллын доторх замын хөдөлгөөнийг нэг чигийн болгох, тэмдэг тэмдэглэлийг сайжруулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай. Зарим зохицуулалт нь эхнээсээ хийгдээд явж байгаа.
 -Бүсчлэлийн заагаа албан ёсоор тогтоосон уу?
-2-3 хувилбараар бүсчлэлийн заагийг тогтоохоор холбогдох тооцоо, судалгаа хийж байгаа. Бүсчлэлийн заагтай холбогдуулан зогсоол байгуулах боломжит байршлууд хаана байна, нийтийн тээврийн чиглэлүүдээ аль гудамж, замаар дайран өнгөрөх байдлаар өөрчлөх вэ гээд асуудал, чиглэл тус бүрд судалгаа хийгдэж байгаа.
 -Бүсчлэлд хуваагдсанаар ямар машинууд хотын төв рүү буюу A, B бүсэд нэвтрэх боломжгүй болох вэ?
-Аль болох богино хугацаанд хэрэгжих боломжтой, иргэдэд чирэгдэл, эдийн засгийн хохирол бага учруулах хэлбэрээр бүсчлэл, зохицуулалтыг тогтооно. А, В бүсэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу татвар хураамж, торгуулиа бүрэн төлсөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан, хорт хийн ялгаруулалт багатай байх зэрэг шаардлагыг хангасан эсэхээр зорчуулахаар төлөвлөж байгаа.
 -Стандартад  нийцээгүй, шаардлага хангаагүй машинтай А, В бүсэд оршин суудаг иргэд яах вэ? Мөн хотын захад оршин суудаг иргэд  хотын төв рүү яаж орох вэ?
-А, В бүс дотор амьдардаг иргэдийн автомашин стандарт шаардлагад нийцсэн бол хөдөлгөөнд хэвийн оролцоод л явна. Эдгээр бүс дотор оршин суугчийн эрхийг аль болох хөндөхгүйгээр зохицуулалт хийнэ. Харин бүс дотор хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа тээврийн хэрэгслийн хувьд бүсийн хязгаар хүртэл машинтай зорчоод зогсоолд байрлуулан цааш хөнгөлөлттэй үнээр нийтийн тээврээр зорчих боломжийг судалж байна.
 -Энэхүү ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ.  Тодорхой хугацаа хэлвэл?
-Долдугаар сарын сүүлийн 10 хоногт судалгаа, тооцоо эцэслэн гарсны дараа наймдугаар сарын эхнээс зохицуулалт хийгдэж эхлэх төлөвтэй байгаа. Гэхдээ гэнэт нэг өдөр л иргэдэд мэдэгдэлгүйгээр зохицуулалт хэрэгжээд эхлэхгүй. Төлөвлөлт хийнэ, иргэдийнхээ саналыг сонсоно, аль боломжтой хувилбараар зохицуулалтаа хийгээд цаашид хэрэгжүүлнэ.
П.Энххүслэн
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан