Цэргийн коммунизм, Венесуэлийн социализм юу нь ч байсан дүүрч, төмөр замаа л хөдөлгөөсэй

Өнөөдрийн Монголд улс төр, бизнесийн бүлэглэлүүд бие биетэйгээ арсалдан, нэгнийхээ ажилд дэгээ гох тавьж ямар ч ажлыг урагшлуулсангүй. Юу ч хөдлөхөө болилоо. Энэ байдал сүүлийн хэдэн жил үргэлжлэв. Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам хувийн хэвшлийн хөрөнгөөр тавигдчих боломж аль эрт байлаа. “MCS-ийн толгойлсон МАНАН-гийн бүлэглэл одоо дийлдэхээ больчихно” хэмээн шинэ Ерөнхийлөгчийн талынхан буюу шинэ МАНАН-гийнхан тухайн үед уулгалан дайрч зогсоосноор өдгөө арван жилийн нүүр үзэх нь. Угтаа бол Монгол Улс шинэ төмөр замтай болох нь л нэгдүгээр асуудал хэвээрээ байна. Бусад нь огт хамаагүй гээд хэлчихэд болно. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад тэр үедээ MCS нь байна уу, ямар МАНАН нь байна хамаагүй төмөр замаа бариад ашиглалтад оруулчихсан бол өнөөдөр монголчууд маш их хожчихсон сууж байх байж.
Төмөр зам барих ажил өрнөхөөр эхлээд өргөн, нарийн царигийн маргаан дэгддэг. Дараа нь барьж дуусаагүй төмөр замынх нь эзэмшлийн хэрүүл өрнөдөг. Тэр бүлэглэлийн, энэ бүлэглэлийнхэн авах нь гээд. Дараа нь ачиж буулгах анги, энэ тэр гээд маргах асуудал мундахгүй, бөөн маргаан. Сүүлдээ танк энэ тэр орж ирнэ, үндэсний аюулгүй байдал гээд явчих нь даа. Ингээд нэг өглөө босох нь ээ өнөө төмөр зам нь яагаад ч хөдлөхөөргүй болчихсон, төмөр зам төгсгөл болсон нь тодорхой болсон байдаг. Өмнөх түүх ийм л юм. Үүнд хэвлэл мэдээллийн бидний оролцоо ч бий. Нэр бүхий телевизийн хэдэн студи “MCS-ийн толгойлсон МАНАН-гийнхан бүгдийг эзэмших гэж байна, идэх гэж байна” гэсэн пиарыг онцгой явуулж, Монгол Улс шинэ төмөр замгүй байх үйлсэд их гавьяа байгуулсан даа. Ингэж л 200 хан км төмөр зам тавьж чадахгүй хэрэлдсээр... цаг хугацаа урссаар өнөөдөрт иржээ. Зуу зуун сая ам.доллараар хийсэн ажил нь үнэндээ овоолсон шороо. Одоо бараг тэр нь идэгдэж эвдэрч байгаа байх. Уг нь тэр овоолсон шороон дээрээ цэргүүдээр төмөр зам тавиулчихъя гэтэл бас бөөн юм болж байсан. Нийгэм даяараа шахуу цэргийн коммунизм байгуулах нь, Венесуэлийн социализм бий боллоо хэмээн сурталчилж ургаш нь ер хөдөлгөөгүй дээ. Энэхүү инээдтэй, эмгэнэлтэй түүх давтагдмааргүй байна.
Сая Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс чихдээд авсан У.Хүрэлсүхийнхээ Засгийн газраар Таван толгой-Зүүнбаян чиглэлд 414,6 км төмөр замыг цэргээр бариулах шийдвэр гаргуулчих шиг боллоо. Төмөр замыг цэргээр бариулах нь хамаагүй хямд зардалтай юм билээ. Төмөр замын бүтээн байгуулалтад урьдчилсан байдлаар 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох нь. Таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх урьдчилсан төлөвлөгөө танилцуулагдлаа. Цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэж тооцжээ. Нэг км төмөр замыг 1,2 сая ам.доллараар тавина гэж байгаа нь дотоод, гадаадын компаниудын өгсөн үнийн саналаас даруй гурав дахин бага гэнэ. Нэгэнт төсвөөс мөнгө нь гарч байгаа болохоор хямдыг нь харалгүй яахав. Тавантолгой Зүүнбаянгийн төмөр замаа Ерөнхийлөгчийн зүгээс ингэж хамгаалж байгаа, нэгдүгээрт, Таван толгойн бүлэг орд, Оюу толгой, Хармагтай, Цагаан суварга, Хүрмэн... гэх мэт ирээдүйд улс орны эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх орд газруудыг дайран өнгөрнө. Төмөр зам тавигдах бүсэд ашиглалтын 37, хайгуулийн 39 тусгай зөвшөөрөл олгогдсон. Хоёдугаарт, Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө. Дотоодын нөөц бололцоо хүч хөрөнгөө гаргаад хийхэд хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж дотогшоо урсгалтай байна. Цалинг төгрөгөөр, худалдан авалт дотоодоос, цаашид олон том бүтээн байгуулалтад ашиглах мэргэжлийн инженерийн байгууламжийн цэргийн томоохон анги нэгтгэлүүдтэй болно. Цаашлаад аж үйлдвэржилтийг дэмжихэд энэ замын ач холбогдол өндөр. Урагшаа чиглэлд хаана ч хүрэх боломжтой. Хойшоо Сүхбаатар Наушки чиглэлд шууд Ханги Мандал гээд явна. Зүүн тийш Эрээнцаваар Находка буюу Владивосток чиглэлд гурав дахь ч зах зээл болох Япон, Солонгос хүрнэ... гэхчлэн алсыг харсан олон сайн төсөөллийг ярьж байгаа. ОХУ-ын төмөр замаар нэвтрэх нэгдсэн тарифаар 66,4 хувь хүртэл хөнгөлөлтийг эдэлж болно гэдгийг хүртэл ярьж байна. Энэ бол сайн ирээдүй.
Тэгвэл энэ төмөр замын чиглэлийг шүүмжлэгсэд их байна. Суурь бүтцийнх нь 56.6 хувь нь баригдчихсан Таван толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхлээд ашиглалтад оруулах ёстой байсан юм гэж. Зөөх ачаа нь бэлэн, энэ төмөр замаар жилд 30 орчим сая кокосжих нүүрс зөөвөрлөх боломжтой, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид шууд сонирхох зам гэж үзжээ. Зүүнбаянгийн төмөр зам нь Эрээн дээр очоод нунтаг ачаа хориглосон ОУ-ын хоригтой нүүр тулна гэж үзэхсэд байна. Очоод нарийн цариг солино... гэхчлэн олон бэрхшээлийг шүүмжлэгчид цувуулж эхэллээ. Дээр нь нөгөө цэргүүдээр зам тавиулж цэргийн коммунизм байгуулах нь гэсэн шүүмжлэл. Бие биенээ дэглэхээс өөр ажилгүй суугаа цэргүүдээр элс овоолуулахад юу нь болохгүй байна. Яахаараа коммунизм болчихдог юм. Өнөөдөр ашиглаж буй Монголын ганц төмөр замыг чинь Власовын армийн хоригдол цэргүүд тавьсан гээ биз дээ. Одоо муудсан нь хаа байна. Монголчууд бүгдээрээ ашиглаж, биднийг өрнө дорнотой холбож байна. Гээд яривал их юм байна.
Шинээр барих гэж буй төмөр зам дээр мууг нь түрүүлж яриад, сөрөг асуудал үүсгээд, өө хайгаад, түүнийг нь олон нийт дэвэргээд л эхэлбэл өмнөх төмөр зам шиг юу ч биш болно. Түүх давтагдана. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн маань зөв мэдрэмжтэй, эх оронч, ямар ч байсан ажил хийе гэсэн хүсэл эрмэлзлийг дэмжсэн байр суурьтай баймаар байна. Тэгэхгүйгээр хэн нэг мэргэн ардын, мэргэн санаа нийгэмд хүчээ авбал монголчууд ирэх арван жилд дахиад л төмөр замгүй сууж байна шүү.
Ер нь тэгээд одоо юуны ч коммунизм байсан, цэргийнх нь байна уу, венесуэлийнх нь байна уу хамаагүй, ер хэн юу ч ярьдаг байсан хамаагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ярьдаг санаагаар энэ төмөр замын ажлыг эхлүүлье. Бодит ажил хийдэг, пракматик Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгаа дээр, түүний үгнээс гардаггүй, сахилга баттай Засгийн газар байгаа дээр, ЖДҮ-гээрээ дөрлөгдсөн парламентын 50 орчим гишүүн байгаа дээр энэхүү төмөр замын ажлыг шуурхай эхлүүлэх нь зүйтэй санагдана. Аргаа барсан хүний л үг юм даа. Ямар нэг ажил заавал хийгээсэй гэсэн хүсэл юм. Төмөр замаа яаж ийж байгаад бариад, түүгээр нүүрс урсаж байвал ард түмний амьдралд л нэмэртэй, тустай. Ямар ч хэл ам, хийрхэл попрол, жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөн өрнөсөн бай тоохгүй төмөр замын ажлаа зүгээр л хийгээд эхэл... ард түмэн ач тусыг нь аандаа ойлгож дэмжээд эхэлнэ. Арван жилийн дараа гэхэд бид говиороо дүүрэн төмөр замтай болчихсон тачигнуулж баймаар байна шүү дээ.

Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан