Ээж маань хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн. Тэгэхээр дархан ч биш, энгийн ч биш “алтан дундаж” бэр. Харин ээжийн дүү гурван хүү төрүүлсэн тул “дархан бэр”. Түүнийг хань болоод хадмууд нь эцгийн дайтай ихэд хүндлэх нь бий. Учир нь тэр гурван хүү төрүүлсэн тул хүндэтгэл хүлээх эрхтэй.
“Дархан бэр” болж хүндлүүлэхийн тулд завсаргүй гурав ба түүнээс дээш хүү төрүүлж болзол хангах учиртай. Дунд нь нэг охин төрүүлчихвэл тэгээд л дуусаа, дархан биш энгийн бэрд тооцогдоно.
Ер нь завсаргүй гурван хүү төрүүлэх юугаараа илүү ач холбогдолтой вэ? Эмэгтэй хүн хэвлийдээ бяцхан зүрх цохилж эхлэхээс төрөх хүртэл хугацаанд яг адилхан цаг хугацааг элээж, өвдөлтийг даван туулдаг. Хүү төрүүлсэн ч, охин төрүүлсэн ч оёогоо цэвэрлүүлэх гээд оочерлон зогсоо ээжүүдийн ядарсан харц, цонхийсон царай ив ижил.
Харин төрөх эмнэлгээс гараад тасралтгүй гурван хүү төрүүлсэн эмэгтэй хадмууддаа ч, ханьдаа ч арайхан илүү хүндлүүлдэг. Энэ нь Бөртэ үжин, Сорхогтун хатан нар дөрвөн хүү завсаргүй төрүүлж дархан бэрийн эрх эдэлдэг байснаас улбаатай. Гурван хүү төрүүлсэн бэр тэр айлын муу муухайн үүд хаалгыг хаадаг гэх түүхтэй.
Дархан бэрийн болзол хангаж өргөмжлөл хүртэхийн тулд
- Дархан бэрээр тодруулах эхийн хүүхдүүд нэг эцгийнх байх
- Завсаргүй гурав түүнээс дээш хүү төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн байх
- Гэрлэлтийн баталгаатай байх гэсэн гурван болзлыг хангасан байх ёстой аж.
Гэтэл “Дархан бэр” шалгаруулж, шагнал олгох нь хүний эрхийн зөрчилд тооцогдоно гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын рефент хэлж байна.
Эмэгтэй хүн хэвлийдээ үрээ тээснээс хойш зарим эрчүүд “Энэ удаад хүү шүү” гэж тушаах нь бий. Гэтэл хэвлийд нь хүү, охины аль нь бүрэлдэн тогтсоныг бүсгүй хүн бүү хэл бурхан ч мэдэхгүй. Хувь заяаны асуудал байтал “хүү л байх ёстой” хэмээн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхэнд ноцтой халдах хэнэггүй эрчүүд бий.
Эмэгтэй хүн хэнтэй, хэзээ, хэрхэн бэлгийн харилцаанд орох вэ гэдэг хувь хүний бэлгийн эрх. Дараа нь хэзээ төрж, хэдэн хүүхэдтэй болох вэ, хүү охин алийг нь төрүүлэх вэ гэдэг бас л өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл өнөөдөр нөхрийн эсвэл хадмын, эцэг эхийн хүслийг гүйцээхийн тулд хэвлий дэх үртэйгээ “Чи минь хүү байгаарай” хэмээн ярилцан хүсч залбирч энэ эрхээ гүйцэлдүүлж чадахгүй байгаа маш олон хүн бий.
Нөхөр, найз нөхөд нь “Яаж ийж байгаад л хүү төрүүлж дархан бэр бол” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халддаг. Энэ бол хүний эрхийн зөрчил. Дархан бэрүүдийн фэйсбүүк групп ч байна. Тэнд “Энэхүү группт зөвхөн эх орондоо, удам угсаандаа гурван хүү төрүүлж дархлагдсан ээжүүд л нэгдэнэ” хэмээн онцолжээ.
Эмэгтэйчүүдэд арван сарын турш хэвлийдээ бүрэлдэн тогтсон үрээ эрүүл энх төрүүлэхсэн гэдэг ганцхан хүсэл л байдаг. Түүнээс хүү байгаасай, охин байгаасай гэж хүсэх бүсгүй хүн цөөн дөө. Хувь заяагаараа хүү төрчихвөл дархлагдаж, охин төрүүлчихвэл “адлагдаж” ч мэдэхээр...
Тиймээс "Дархан бэр хэмээх хэт туйлширсан хандлага, хүний эрхийн зөрчлийг халах цаг болсон.
Г.Сүрэн