Шилийн богдод бөөгийн зан үйл хийсэн хүмүүс түймэр тавьжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт уржигдар 17.00 цагийн үед төрийн тахилгат Шилийн богд ууланд түймэр гарчээ. Тус сумын төвөөс 60 км зайд орших эл ууланд гарсан түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авхуулалгүй унтраасан байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 м талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэсэн юм. Энэ түймэрт Шилийн богд ууланд суулгасан таримал, сакура зэрэг мод, өвс шатсан бөгөөд хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан гэнэ. Улмаар хэргийн газраас зугтаж явахад нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан аж. Өнгөрсөн даваа гарагт Сүхбаатар аймагт хээрийн хоёр, объектын гал түймрийн хэрэг нэг удаа гарсан байна. Хаврын хуурайшил өндөртэй энэ үед ил задгай гал түлэх, татсан тамхины ишээ унтраалгүй хаях, шашны зан үйл үйлдэж гал гаргах зэрэг иргэдийн болгоомжгүйгээс хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учирч, гал алдсан хүн гэмт хэрэгтэн болж ажил, амьдралаараа давхар хохирч байна. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан