Хэнтийн нөхөн сонгуульд оролцох МАХН-ын гурван шалтгаан


МАХН УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох болсон талаар “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус намын Бага чуулганы  IV хуралдаан энэ сарын 20-нд болж, Хэнтий аймаг дахь УИХ-ын  42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд тус нам оролцох эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэжээ.  Нөхөн сонгуульд намаа оролцуулах нь зүйтэй гэсэн Гүйцэтгэх товчооныхоо саналыг Бага чуулганы гишүүд дэмжин баталгаажуулсан байна. Ингэснээр МАХН  албан ёсоор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлэхээр болжээ.

Хэвлэлийн хуралд тус намын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн намын дарга Э.Эрдэнэжамъян, Төв аймгийн намын дарга О.Буяннэмэх, СБД-ийн намын дарга Т.Дуламсүрэн, БЗД-ийн намын дарга Н.Уламбаяр нар оролцсон юм. Тэд 42 дугаар тойргийн  нөхөн сонгуульд МАХН-ын оролцох шалтгааныг ингэж тайлбарлалаа.

 

Б.Тулга: Баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны тэмцлийг УИХ-ын түвшинд  хэрэгжүүлнэ

 

-Хэнтийн аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль жил гаруй хугацаанд саатаж, сонгогч иргэдийн эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж ирлээ. Энэ зөрчил нөхөн сонгуулиар засагдах ёстой. Сонгууль зарлагдсан ч харамсалтай нь “Хонгил”-ын  гэдэгтэй адил бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг нөхдүүд хойшлуулж ирсэн. Бид яагаад 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд онцгой ач холбогдол өгч байгаа вэ гэвэл, Монголд тулгамдаж буй засаглалын асуудлыг шийдэх, энэ хямралаас болж нийт сонгогч иргэд, монголчуудын зөрчигдөж байгаа эрхийг хамгаалах тэмцлээ тууштай үргэлжүүлж, дараагийн түвшинд оруулахыг зорьж байна. Иймээс  42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох гэж байгаа юм.

Энэ юу хэлж байна вэ гэвэл, МАХН баялгийн тэгш бус хуваарилалтын асуудлыг сүүлийн 7-8 жил ярьж байгаа. Засаглалын хямралыг засах гарцыг сүүлийн 3-4 жил Дээд хууль буюу Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулах замаар гарц гаргалгааг дэвшүүлж байгаа. Энэ бүхнийг шийдсэнээр баялгийн тэгш хуваарилалтыг нийт сонгогч, монголчууддаа бий болгох юм. Монголд шударга ёс алдагдсаныг МАХН шүүмжилж ирсэн. Нийгмийн  хамгийн  эмзэг,  өртөмхий давхарга болох эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах талаар манай нам дуу хоолойгоо нэмэрлэж, байр сууриа илэрхийлж  ирсэн. Монголчуудыг өдий хүртэл авч ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй залуус, бизнесмэнүүд, жижиг худалдаа эрхэлж буй хүмүүсийн боломжийг төр барьж байгаа, засаглалд гарсан эрмүүд хэрхэн хувиргаж байгааг зогсоож, иргэддээ боломж олгох шаардлага байгаа учраас МАХН энэ сонгуульд заавал оролцох ёстой гэсэн зорилго тавьсан.

Зорилгоо биелүүлж, УИХ-ын чуулганд МАХН-ын байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.Өнөөдрийг хүртэл хийж ирсэн бидний тэмцэл, дэвшүүлж ирсэн зорилтууд маань зөв байжээ гэдгийг Ерөнхий сайдаар ажиллаж байгаа У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнэ нар бидэнтэй зорилго нэгтэй  байгаа нь харуулж байна. Тиймээс тэдний үйл ажиллагааг дэмжиж  МАХН энэ сонгуульд заавал оролцох ёстой юм байна, дуу хоолойгоо УИХ-ын танхимд нэмэгдүүлэх ёстой юм байна гэсэн үндэслэлүүдийг гаргасан. Иймээс шударга ёс тогтоохын төлөө МАХН 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэдгээ намынхаа Бага хурлаар хэлэлцэж, хүсэлтээ албан ёсоор СЕХ-нд хүргэх гэж байна.

 

С.Ганбаатар: Хэнтий аймгийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй байх ёстой

 

-Хэнтий аймгийн нөхөн сонгууль явагдахаар болсныг шийдвэр гаргагчид ухаан орж байна уу гэж харж байгаа. Бид төлөөллийн ардчилалтай улс орон. Хэнтийчүүд УИХ-д төлөөлөлгүй маш удаан явлаа. Хэнтий нутгийн ард иргэдийг төлөөлөх төлөөлөгч УИХ-д байхгүйгээр нэг  хоног  ч байж болохгүй. Энэ талаар МАХН-ын зүгээс, нийт ард иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд, эрх баригчдад удаа дараа шаардлага өгч ирсэн. Эрх баригчид айж байгаа. Тэд өнөөдөр ажлын байр бий болгож чадахгүй байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж чадахгүй байна. тэд Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай болгож чадахгүй байна. Тэд зүгээр л “Хонгил”-ын түлхүүрээ булаацалдаж, өдөр хоногийг шоугаар өнгөрөөж байгаа. Энэ тэнэг байдлаа зогсоо гэдгийг МАХН шаардаж ирсэн.  Хэнтий аймгийн ард иргэд парламентад төлөөлөлтэй байх ёстой. Монгол Улсын төсөв Хэнтийчүүдэд хамаатай. Хэнтийчүүдэд ажлын байр хэрэгтэй. Тэд ядуурлаасаа гармаар байна. Хэнтий нутагт ухаж байгаа тэр олон  дээрмийн уул уурхайг бас зогсоомоор байна. энэ асуудалд эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Ямартай ч нөхөн сонгууль явуулахаар боллоо. МАХН Хэнтий нутгийн ард иргэдийг төлөөлж УИХ-д ялалт байгуулахын тулд нөхөн сонгуульд оролцохоор боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд 2017 онд хоёр тэрбумтантай биднийг өрсөлдөж байхад Монгол орон даяараа мөнгөний төлөө биш, эх оро,  үр хүүхдийнхээ төлөө сонгуульд оролцсон. Бид ялсан. Харин тэнд луйвардсан байж болно. Хэнтийчүүддээ хандаж хэлэхэд, та бүхэн шударга үнэний төлөө үйл хэрэгт Монгол орон даяар манлайлж оролцсонд баярлаж, талархаж  байгаагаа өмнө нь ч хэлсэн, одоо дахин хэлье. 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН зоригтойгоор, өмнөө тавьсан зорилго шийдвэртэйгээр  оролцохоо мэдэгдэж байна.

 

Э.Эрдэнэжамъян: МАНАН арилаагүй,  зүсээ хувиргаж шинээр мэндлэх гэж байна

-Өнөөдөр улс төрд нэлээн том хуваагдал, ялгарал бий болж байна. МАНАН-гийн төлөө юу, эсвэл МАНАН-гийн эсрэг үү гэсэн ойлголт нийгэмд хүчтэй өрнөж байгаа. МАНАН гэдгийн цаадахыг олон нийт ойлгохдоо төрийн нэрээр улс төрийн албан тушаалд очсон хүмүүс бизнесийн бүлэглэлүүдэд хуваагдаж, улсын өмч хөрөнгийг цөөхөн гэр бүл, компани хувааж авдаг. Үүнийгээ хамгаалахын тулд шүүх, цагдааг хувьчилдаг үзэгдэл гэж харж байгаа. Гэхдээ энэ МАНАН бүлэглэл яаж үүсдэг вэ. Үүсдэг систем нь өөрөө “60 тэрбумын схем”. Ийм схемээр сонгогддог. Миний болгоомжилж байгаа нэг зүйл бол “60 тэрбумын хэрэг”-ийг өнгөн дээрээ ганц хоёр хүнд хариуцлага тооцсон нэрээр, ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн гэсэн тайлбартайгаар толгойг нь илж өнгөрөөчихөөд байна. “60 тэрбумын схем” одоог хүртэл үргэлжилж байна. Үүний нэг нотолгоо нь өнгөрсөн сард явагдсан Баянзүрх дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль. Энд Ардын нам, Ардчилсан намаас нэр дэвсшэн хүмүүс  бүгд мөнгө тарааж, улаан цагаан луйвар хийж ялсан.

Энэ мөнгө тарааж байгаагийн цаана ард түмэн ядуу байна гэхчлэн  янз бүрээр тайлбарлаж болох ч эцсийн дүндээ нөгөө “60 тэрбумын схем” явагдсаар байна. Хууль бус аргаар хөрөнгө босгодог, сонгуульд ялахын төлөө хууль бус аргаар босгосон мөнгөө хууль бус аргаар тараадаг. Тэгээд засгийн эрхийг авдаг. Энэ байдал давтагдсаар байна. Жишээ нь, Баянзүрх дүүрэг дээр мөнгө тараасан гэдэг  үндэслэлээр 3-4 хүнийг хассан боловч тэдний оронд нэр дэвшиж өрсөлдөж байгаа хүмүүс яг адилхан мөнгө тарааж байна. Баянзүрх дүүрэгт Ардын намаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид нь өөрсдөө биечлэн очиж мөнгө тарааж байна. Нөгөө “60 тэрбум”-ыг ялсан, алга болгосон гээд байсан  Ардын намын дарга У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Д.Сумъяабазар  нар “60 тэрбумын схем”-ээ өөрсдөө одоо хэрэгжүүлж байна. Ийм тохиолдолд бид МАНАН-г устгасан гэж бодоход эрт байна. Харин ч зүсээ хувиргаж шинээр мэндлэх гэж байна. Шударга ёс хаачив. Хэнтийн нөхөн сонгуульд ч гэсэн ийм явдал давтагдах вий гэсэн  болгоомжлол  байна. Муу зүйлтэй муу аргаар тэмцэнэ гэсэн ойлголтоосоо салах ёстой. Муу зүйлтэй сайн хөтөлбөрөөр тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 51 хувь юу болов. Ахмадуудын тэтгэврийг, багш нарын цалинг нэмэхгүй хэмнэсэн мөнгөөрөө олигархиудын өрийг дарлаа. Бид ийм  төртэй байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар ТУЗ-ын дарга, гишүүдийн өрөөг лацадлаа гэсэн, баривчиллаа, шалгалаа гэсэн. Хэд хоног болоод тавиад явуулсан. Байдал бахь байдгаараа л байна. МАНАН-тай ингэж тэмцэхгүй. Тэмцэл дуусаагүй байна, энд хүч хэрэгтэй.

Хэвлэлийн хуралд оролцсон МАХН-ын Бага чуулганы гишүүд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  оролцох үндэслэлээ ийнхүү тайлбарлалаа. Мөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд албан ёсоор гаргаж байгаагаа мэдэгдэв. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваариар бол, улс төрийн нам, эвсэл нь 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан байх ёстой юм байна.


Ч.ЗОТОЛ

ЗУУНЫ МЭДЭЭ

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан