“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүд сохор зоос ч төлөхгүй нь?!

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Стандарт” банкны барьцаанаас гаргасан гэж мэдэгдлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, 100 хол давсан ам.долларын өрийг “дөчхөн” сая ам.доллараар аргалсан гэв. Олон улсын нэр хүндтэй хуульчид нэлээд хугацаанд ажиллаж ийм үр дүн гарсан гэдгийг Шадар сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал хоёр хэллээ. Ямартай ч 40 гаруй жил бидэнд “шувтруулж” байгаа ганц “саалийн үнээ”-гээ хаа байсан Өмнөд Африкийн нэгэн банкинд хураалгачихалгүй үлдсэн Засгийн газрыг “…Сайн ажиллажээ” гэж магтах хэрэгтэй биз ээ. Гэвч нөгөө талдаа энэ их ойлгомжгүй асуудал үүсгэж байгаа юм. Гадаад талаа ингээд аргалчихлаа. Цаашид дотооддоо яах вэ гэдэг тодорхойгүй байна.
Юу гэвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас төлөлтийг хийснээр Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 2009-2010 оны хооронд дөрвөн удаагийн гэрээгээр 160.1 сая ам.доллар авчихсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүний “байрны ах”, тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, ТӨХ-ны дарга байсан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ч.Ганзориг нар бас “эрсдэл”-ээс гарчихаж байх шиг байна. Тэд энэ өрийг төлөхөд сохор зоос ч гаргахгүйгээр үл барам, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан, барьцаалах боломжийг олгосон гэмт үйлдлээ цайруулна гэж үзэж буй бололтой.
МАН эрх барьж байгаа. С.Баяр МАН-ын дарга байсан. МАН-даа нөлөө бүхий хүн хэвээр байгаа. Энэ бүхэндээ дулдуйдан “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргийг нам даруулж, түүнийх нь “хаялга”-д Д.Сугар, Ч.Ганзориг хоёр, “Жаст”-ын Ш.Батхүү ч уснаас хуурай гарч магадгүй гэж улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ. Энэ гурван этгээд бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг Ш.Батхүүд “зээлдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээх ёстой. “Жаст-ын Ш.Батхүү ч энэ төлбөрийг төлөх учиртай. Түүнтэй өгөө аваатай хүмүүс ч хавиар нэг бий.
Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банк Төрийн банкинд нэгдсэн. Ашиггүй гэгддэг ч Олон овоот гэдэг орд бас Ц.Мянганбаяр, Г.Алтан нарыг дамжсан. ШТС-ууд нь “МТ”-ийн Р.Ганзоригт очсон. Махны үйлдвэрүүд нь Монголд олон жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн гадаадын томоохон компанийн мэдэлд орсон байдаг. Хамгийн гол нь энэ бүх хөрөнгийг шилжүүлсэн үйл явц нь хуулийн байгууллагынхны анхаарлыг татдаг юм билээ. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэхэд нь үүсгээд шалгаж байгаа боловч яагаад ч юм, шийдэлгүй өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ зургаан жил болж байна.
Эцэст нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлчихлөө. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангийн мөнгө гэдэг ард түмнийх гэсэн үг. Ийм байтал бүр хөгийн юм тун удахгүй болж магадгүй.
“Алтжин”-гийн Г.Алтан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөг гаргуулахаар нэлээд эртнээс явж байгаа. Сүүлд хууль шүүхийнхэн Төрийн банк энэ мөнгийг гаргах ёсгүй гэж шийдсэн. Гэтэл энэ нь эсрэгээрээ болж, Төрийн банк 51 тэрбумыг Г.Алтанд өгөх хуулийн гарц үүсч байгаа мэдээлэл байна. Мэдээж хэрэг, Г.Алтан үүнийг ганцаараа хийнэ гэж юу байхав. Түүнд тусалдаг нэг “том гар” одоо хүчээ авчихаад байгаа юм.
Тиймээс “…“Эрдэнэт”-ийг барьцаалсан этгээдүүдэд Монголын ард түмэн ямар өртэй вэ” гэдэг асуултыг Монгол Улсын Засгийн газар, Монголын хууль шүүхийн байгууллагад тавих ёстой болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан